|
Видео

Шинэ мэдээ

Ж.Эрдэнэбат сайд ажлын гараагаа хууль зөрчиж эхэллээ\Бичлэг\

Шийдлийн  Засгийн газрын Сангийн сайдаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилсон. Эдийн засаг хүнд үед, төрийн сангийн түлхүүрийг атгаж буй хүний үг бүр хариуцлагатай, хуулиа мөрддөг  байх учиртай. Гэвч  ажлын гараагаа энэ эрхэм хууль зөрчиж эхэллээ. Гараа сайн бол бариа сайн гэсэн ардын үг бий. Ажлаа хууль зөрчиж эхэлж байгаа хүн цаашид улс орны эрх ашигтай холбоотой чухал шийдвэрийг гаргахдаа хэрхэх болоо гэсэн эргэлзээ төрүүлж байна.

Сангийн сайд болоод арав хүрэхгүй хоногийн дараа  л  Засгийн газрын 320 тэрбум гаруй төгрөгийн үнэт цаас гаргах тухай асуудлыг УИХ-аар шийдүүлэхээр оруулж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүллээ.

Өрийн  таазыг нэмэгдүүлэхгүй гэж ярьдаг МАН-ынхны,  Сангийн сайдынх нь  үг, үйлдэл ингэж зөрлөө. Сан нь хоосон, сайд нь худалч гэсэн яриа ч гараад амжиж.

Ж.Эрдэнэбат сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд 320 тэрбум гаруй төгрөгийн  бонд гаргах болсон шалтгааныг "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилгаа төлбөрийн 115 сая ам.долларын өр, "Хүний хөгжил сан” хөрөнгөжүүлэхээр гаргасан бондын өрийг төлөхөөс аргагүй боллоо. Нэг газраас авсан зээлийг нөгөөгөөс мөнгө зээлж төлөх учраас өрийн хэмжээ өсөхгүй.Нэмэгдэхүүний байрыг солихоор нийлбэр дүн өөрчлөгдөхгүй.  Засгийн газрын өр 11 их наяд төгрөг хэвээр байна” гэж тайлбар хийж байна. УИХ-ын гишүүд  хууль зөрчиж байгааг мэдэж байгаа ч ёстой л нөгөө хяналтгүй, сөрөг хүчингүй болсон учир алх цохиод хэлэлцэхийг дэмжчихлээ. Парламентад МАН, АН, Шударга ёс эвсэл, ИЗНН гээд  "73”-ын бүдүүн бүлэг байуулагдсан учир хууль зөрчсөн асуудлыг ч тойрч ярьсангүй, буцаасангүй.

Бие даагч гурван гишүүн мянгантаа шүүмжлээд ч, "босоо”  хочтой болоод байгаа С.Ганбаатар "нөхдөө” гэж босч үг хэлээд нэмэр алга.

Хэрвээ МАН Засагт ороогүй бол   ийм хууль зөрчсөн зүйл оруулаад ирвэл завсарлага аваад, ард түмээн энэ нөхдүүд улайм цайм ингэж хуулийг гууль болгох гээд авч өгнө дээ. Гэвч хамтрахаараа, эрх мэдэлтэй болохоор амаа үдүүлсэн мэт таг чиг, алдааг ч оноо ш дээ гэж хээв нэг хэлээд сууцгааж байна.

МАН-ын бүлгээсээ, Удирдах зөвлөлөөсөө дэмжлэг авч  Сангийн сайдад болсон  Ж.Эрдэнэбат өмнө ярьж байснаас тэс өөрийг хэлээд маадгар гэгч тайлбар хийж байна.

Тэрээр  ” Өрийн босгоны хувьд тэртэй, тэргүй хуулиа барихаасаа өнгөрсөн.Өрийн босго 50 хувиасаа даваад явна гэдэг нь  урьдчилсан гүйцэтгэлээс харагдаж  байгаа. Цаашлаад ханшийн өөрчлөлт, хүүгийн зээлийн үйлчилгээний зардлуудаас шалтгаалаад оны эцэст 53 хувьд хүрэх магадлал өндөр болчихоод байна”  гэв.

Чуулганы хуралдаан дээр шүү. Хууль тогтоох дээд байгууллага хууль батлаж, Засгийн газар хэрэгжүүлж, ард иргэдийг мөрд гэдэг. Гэтэл хууль батлалцаж байгаа эрхэм түшээ хуулиа мөрдөхгүй ээ, хуулиа барихаасаа өнгөрсөн гэхэд хурал даргалагч  нь алх тогшоод, гишүүд дэмжих кноп дараад  асуудлыг шийдээд явж байгаа нь  парламентын засаглалыг хүчгүйдүүлж, муухай харагдуулж байна.  Хууль "үйлдвэрлэдэг” газар нь, хуулийг "өлгийдөж” гаргадаг эрхмүүд  ингэж аяглаж байхад улс орон даяараа яаж ч  хуулиа мөрдөж биелүүлэх вэ дээ.

Эрх мэдэлд хүрэхээрээ өмнө ярьж хэлж байснаа мартдаг, ам, ажил алд дэлэм зөрдөг, үг, үйлдэл нь биелэдэггүй улстөрчдөд ард түмэн ямар дүн тавихаа мэднэ. Ж. Эрдэнэбат  аймгийн засаг дарга хийж байсан сайн менежер, өсч яваа лидер атлаа ажлынхаа гараагаа ингэж эхэлсэн нь  базаахгүй. Ер нь хууль зөрчихгүйгээр шийдэх бололцоо бий. Өрийн босго дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтад өөрчлөлт оруулж, 50, 60 хувь болгосны дараа өр тавихаа шийдэж болохоор байлаа. Одоо  олуулаа учир Засгийн газрын  320 гаруй тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах шийдвэрийг торохгүй дэмжээд гаргана. Урд  хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л дуусна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3-т "Энэ хуулийн 6.1.4-т заасан төсвийн тусгай шаардлагыг хөгжлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн бодит хэрэгцээ, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтаас төсөвт оруулах орлого, тэдгээр орд ашиглалтын урьдчилгаа төлбөрийн боломж, өмнөх жилүүдэд авч ашигласан гадаад зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай уялдуулж, үе шаттай хэрэгжүүлэх зорилгоор улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна” гэж заажээ. Гэвч хуулиасаа дээгүүр алхдаг Засгийн газар, Сангийн сайдтай,  баталсан хуулийг нь улаан цайм зөрчөөд байхад дэмжээд байдаг УИХ-тай байхад улс орны эдийн засаг өөдөлж, ард түмний амьдрал дээшлэх үү.

www.times.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler