| |
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна
ЖЕНЕВ. /AFP/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус дэлхийн олон орон "COVID-19” цар тахалтай тэмцэхэд буруу чиг шугамыг баримталж буйг анхааруулжээ.
Дэлхий даяар өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо хамгийн өндөр буюу 230 мянгад хүрсний дараа тэрбээр ийнхүү мэдэгджээ. Хүмүүс зайнаас харилцах, гараа угаах, амны хаалт зүүх, өвдсөн тохиолдолд гэртээ байх зэрэг үндсэн дүрмүүдийг дагаж мөрдөхгүй бол нөхцөл байдал улам хүндэрнэ гэж ДЭМБ мэдээлсэн байна.
"Би та бүхэнд үнэнийг хэлмээр байна. Ойрын хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орох төлөвгүй байна. Маш олон орон "буруу замаар явж байна”. Вирус олон нийтийн хамгийн том дайсан хэвээр байгаа боловч олон орны Засгийн газар, ард иргэд үүнийг анхаарахгүй байна” гэж Т.Гебрейесус хэлжээ. Түүний хэлснээр, Засгийн газрууд тархалтыг хязгаарлах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхгүй, хүмүүс үндсэн дүрмүүдийг дагаж мөрдөхгүй бол цар тахал "улам, улам даамжрах” ажээ.
Даваа гарагт Лондоны Хааны коллежийн судлаачид коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүс дархлаагаа хэдэн сарын турш алдаж болзошгүй талаар мэдээлсэн юм. ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан дарга Майк Райан, эдгэрсэн өвчтөнүүд дахин халдвар авах эсэх нь хараахан тодорхой болоогүй байгаа боловч бусад коронавирусний хувьд ийм тохиолдол байдаг гэж хэлсэн байна.