|
Видео

Шинэ мэдээ

28-05-2020, 09:50

Эрсдэл тээж эх орондоо очмооргүй байна

Эрсдэл тээж эх орондоо очмооргүй байна

 


Дэлхийн 216 оронд коронавирус гэх цар тахал тархаад өнөөх найман тэрбум шахуу хүн чинь айдас хүйдэст автаж байхад л манай төрийн эрх баригчид огт тоосон шинжгүй "Энэ 400-500 мянга гаруй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэн, 200 мянга гаруй эх нялхас, үхвэл үхэж л байг” гэсэн байдлаар хандаж байгаад гомдоод ч гол тасармааргүй байна даа.

 
Монголд коронавирусын халдвар хоногт 55 гардаг болж, магадгүй цаашдаа энэ аймшигт цар тахлын хоёр дахь давалгаа Монголоос ч эхлэх юм билүү, бүү мэд. Өчигдөр тавдугаар сарын 19-нд коронавирусын халдвар Монголд 140 бүртгэгдлээ гэнэ. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хөөцөлдөж авчирсан 55 тохиолдлыг нэмээд шүү дээ?!
Ухань хотод энэ аюулт цар тахал анх бүртгэгдсэнээс хойш бараг хагас жил өнгөрөхөд Д.Сарангэрэл сайдтай Эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдал,  Мэргэжлийн хяналт, цагдаа, хил гаалийнхны амь хайргүй зүтгэлээр энэ аюулт өвчнийг өдий хүртэл тогтоон барьж байсан юм.
Тэр олон зуу, мянган хүн жинхэнэ эх оронч сэтгэл зүтгэл гаргасан. Төр засаг даанч тэдний гавьяа зүтгэлийг өөдтэй үнэлээгүй өдий хүрсэндээ. Голомтонд ажиллагсдын цалинг 30 хувь нэмлээ гэнэ. Энэ чинь юу юм бэ. Бараг л доромжлол, басамжлал шиг сонсогдож байна. Амины үнэтэй энэ зүтгэлийг нь үнэлээд 2-3 дахин нэмчихэж болсонгүй гэж үү. Онцгой гавьяа байгуулж байгаа заримд нь орон сууц үнэгүй, хөнгөлөлттэй үнээр өг л дөө. Ямар мөнгө байхгүй биш. АНУ-гаас өнөөх санал луйварддаг хар машин тус бүрийг 2000 гаруй доллараар 250 ширхэгийг авна гэж зарлаад л байгаа. Сонгуулийн  сурталчилгаанд тэрбум тэрбумаар нь цацаж байгаа. Түүнээсээ энэ "баатарлаг дайчид”-аа харж үзвэл яасан юм!
Аймшиг хаалга тогших биш, хэзээний ороод ирчихсэн байна. Өвчлөлийн тоо 140 хүрлээ гэдэг чинь тэрбум гаруй хүнтэй улс гүрэнд бол ялихгүй зүйл. Гуравхан сая хүнтэй Монголд бол, тэр дундаа гал голомтоо манан үлдсэн хэдэн хөгшин буурай, хүүхэдтэй хүүхнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол аймшгийн дээд аймшиг!
Газар ус, агаарын бүх хил задгай. Хэн дуртай нь Монголоор хэдэн сар сүлжлээ. Хар нутаг дээр хаягдсан хэдэн хүүхэдтэй айл шиг л байлаа даа бид. Олз олбор хайсан, орогнох газраа эрсэн бараг бүх хүн Монгол руу ирсэн. Аюулт тахалын анхныхыг гадны хүн Монголд цацсан. Өнөөх францын иргэн, манайхны нэрлэснээр "Анх -Отгон”. Энэ хүнийг монголчууд дээд зэргээр хүндэтгэн эмчилж эдгэрүүлээд нутаг буцаасан. Монгол хүний сүүн цагаан сэтгэл гэдэг энэ. Гэхдээ энэ бүхний арыг Монголын төр нууцалж байдаг юм. Францын иргэн гэдэг хэн юм. Хэн хэн яагаад оруулж ирсэн юм. Хорио цээрэнд байсан хүнийг хэн дураар нь Дорноговь аймаг, Улаанбадрах сум хүртэл аялуулсан юм. Хэний ивээлээр дээд зэргийн халамж анхаарал дунд эмчлүүлж эдгэрсэн юм гэдэг, бүгд л нууц байгаа шүү дээ. Манай нутгийнхан ярьж байна билээ. Тэр чинь Улаанбадрах суманд уран олборлож байгаа Арева компанийн дэд захирал, ардаа Монголд "нууц ноёнтон” олонтой. Улаанбадрах сумыг бол хэдэн жил хөрс устай нь бузарлаж, мал, хүний өвчин тарааж байгаа хүн. Хайран сайхан газар нутгийг минь бузарлаад айл амьтан нутаглах нутаггүй болгосон "гол эзэн тэр” гэх юм билээ.Зарим нь бүр "Баялагийн хараал эзнээ олсон” гэх нь ч бий. Юутай ч эх оронтой хүн, баяртай гээд яваад өглөө. Энэ хүнийг оруулж ирж асар их явдал чирэгдэл удсан, хөрөнгө хүч сүйтгүүлсэн Монгол эзэд нь мөн л "баяр хүргүүлээд” өнгөрөх үү. Хариуцлага тооцдог уриа чинь хаана очоод замхaрваа? 
Яг үүнтэй ижилхэн нэг "нууц” бол тусгай үүргийн онгоцоор  Туркийн гурван иргэн ирж халдвар илрээд мөн л эмч нарын минь ачаар сайхан эдгэрээд гарсан. Энэ гурван иргэнийг бол Францын иргэнээс илүү нууцалж байгаа. Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн тусгай тансаг өрөөнд хэвтүүлж эмчилж байгаа тухай ч чих дэлссэн.
"Туркийн элчний гэр бүлийнхэн” гээд байгаа юм. Үнэхээр гурвуулаа дипломат паспорттай, элчингийн гэр бүл мөн юм уу? Хүмүүс бол "Элчинд хамаагүй. Манайхан л урьж дуудсан хүн байх. Тусгай үүргийн онгоцыг тэдэнд зориулж нисгээд далиманд нь хэдэн Монголоо аваад ирсэн байх” гэдэг. Юутай ч Туркийн гурван иргэний асуудал ”нууцын нууц зэрэглэл”-д хав дарагдсан. Нууцалсан бүхэн сэжиг таамаг дагуулдаг болохоор олон түмний буруу ч биш  байх.
Дэлхий даяар болсон ийм гамшгийн үед улс орнууд гадаадад байгаа иргэддээ хоёр л шугамаар анхаарал тавьдаг юм билээ. Олон улсын туршлага ч ийм. Нэг нь, арга чарга тасарсан иргэдээ онгоц унаагаар татаж авдаг. Нөгөө нь, байгаа улс оронд нь элчин консулаараа дамжуулан хөрөнгө мөнгө гарган өгч, дээд зэргийн анхаарал тавьдаг, ийм л хоёр зам бий. Өнөөгийн байдлаар цөөн хэдэн улс орон иргэдээ эх оронд нь татаж байгаа. Олонх нь, Засгийн газрын тусгай тэтгэлэг-хөрөнгө гаргаад элчин консулаараа дамжуулан, байгаа улс оронд нь байр гаргаж, хоол унд эм тариагаар хангаж хамгийн ая тухтай байлгаж байгаа. Манайхан гадаадын иргэдэд яаж анхаарал тавин эмчилж эдгэрүүлж байвдаа, яг л түүн шиг.
Би эхлээд, иргэдээ эх оронд нь тусгай үүргийн онгоцоор татаж авсан тухай хэдэн зүйл бичье. Энэ чинь маш нарийн асуудал юм билээ. Ухань хотоос Австрали улс иргэдээ татаж авахдаа, эхлээд тусгай жижиг арал дээр асар том эмнэлэг-сувилал нээсэн байгаа юм.
Тэнд оюутнуудаа тусгаарлаад эмчилж, сувилаад, шинжилгээ бүрэн ариун гарсны дараа нутагт нь очуулж байна билээ. АНУ, далайн эрэг дээр том усан онгоцыг тэр чигт нь эмнэлэг, сувилал болгон тохижуулаад оюутнуудаа хүлээж авсан л даа. Ийм жишээ олон бий. Манайх шиг нийслэлийнхээ төв дэх ганц эмнэлэгт өвчтэй, өвчингүйг нь нийлүүлээд чихчихдэг улс орон  нэгээхэн ч алга. Ийм нөхцөлд манай эмч ажилтнууд өдий төдий хоногоор бүсээ тайлалгүй яаж зүтгэж байгаа  гэж бодно вэ? Яг л дайны галын фронт шүү дээ. Тэхэд энэ хэдэн дарга сайд нар ямаанд 300 тэрбум, сонгуулийн хар машинд өдий төдий тэрбум төгрөг бариад гүйж байхаасаа ичдэг болоосой. Манай Засгийн газар, Онцгой байдлын Ерөнхий газар эхлээд ямар сайхан үгээр хүмүүсийн тархийг угаасан гээ!  "Эх оронтой хүн, энэ цөвүүн цагт эх орондоо ирэх ёстой. Тусгай үүргийн онгоцоор таван шаардлага хангасан хүмүүсийг авчирна. Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн буюу бага насны хүүхэдтэй хүмүүс, эмчилгээ хийлгэсэн хүмүүс, гадаадад орох орон байргүй ядарч яваа хүмүүсийг авчирна. Тэгэхдээ онгоцонд суухаас нь өмнө халууныг нь үзэж шинжилгээ авна. Тусгаарлах хугацааны зардлыг бүрэн төлсөн бичиг баримтаа бүрдүүлсэн байна” гэсэн. Энэ бүгд худлаа болсон. Тусгай үүргийн онгоцыг бараг л хувийн ашиг сонирхлын үүднээс нисгэж, өөрсдийнхөө хүмүүсийг аваад далимд нь хэдэн оюутан суулгаад ирдэг байсан юм билээ. Та нар бод л доо. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж чинь "Хөгжлийн бэрхшээлтэй иргэн” юм уу?!  Европоор  аялж явсан УИХ-ын гишүүн Ундраа чинь "жирэмсэн, шахуут хүн” юм уу? Сумогийн их аварга Д.Дагвадорж чинь Японд "орох оронгүй тэнэж явсан” хүн юмуу? Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Ө.Энхтүвшиний хүү чинь "метронд хоноглоход хүрч байсан” юмуу?... Энэ мэт олон хүнийг тусгай үүргийн онгоцоор авчирсан. Их зальтай л даа. Онгоцноос эхлээд таяг тулсан, хүнээр түшүүлсэн, хэдэн хүнийг буулгаж байгаа юм. Араас нь залуучууд гүйлдээд л бууж ирж байна билээ. Өнөөх, төлбөр хураамжаа төлсөн байх ёстой хүмүүс чинь энд ирээд төлбөрөө төлөхгүй гэж  бөөн юм болсон. Тусгай үүргийн онгоцоор ирсэн залуучууд нь тусгаарлах байранд орохгүй гэлээ. Өрөө байраа голлоо. Эмч рүүгээ талх шидлээ. Архидлаа. Зодолдлоо. Хоолоо голлоо.
Уул нь зарчмаараа бол, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ингэж дарамталсан бол Монголын төр хатуу арга хэмжээ авах ёстой юм. Гэтэл тэдэнд ямарч арга хэмжээ аваагүй. Бодвол дарга сайд нарын эрх танхи хүүхдүүд байсан байх. Бусад улс орнууд бол өндөржүүлсэн бэлэн байдал, онц байдлын үед хатуу хуультай шүү дээ. 2-15 жил хүртэл хорих ялтай хууль үйлчилж байгаа. Зарим орны удирдагч : "Эсэргүүцэл үзүүлвэл шууд бууд” гээд үүрэг өгчихсөн байна билээ. Тэгэхэд манайд төр байгаа үгүй нь ч мэдэгддэггүй , хууль нь үйлчилдэггүй, хууль шүүхийн байгууллага нь "унтаж байдаг” даанч яав даа гэмээр л байх юм.
Гол асуудал: Ер нь ингэж эрүүл өвчтэй олон хүнийг тусгай үүргийн онгоцонд хамт чихээд авчрах ямар шаардлага байсан юм? БНСУ-аас,  Европоос залуучууд телевизээр ярьж л байна билээ. "Эрсдэл тээж, эх орондоо очмооргүй байна” гэж. Туйлын үнэн энэ л байхгүй юу. Гэтэл эрх баригчид сонгуулийн өмнө эх оронч, ард түмэндээ хайртай хүн болж харагдахын тулд "Гадаадад байгаа иргэдээ заавал авчрах ёстой” гээд л зай завгүй онгоц нисгээд байлаа. Гадаадад эмчлүүлж яваа, арга тасарсан хэдэн хүнээр орой болгон яриулж байгаа юм. Бичээд өгчихсөн бололтой, зарим нь түгдчээд уншаад байгаа. Монголын хоёр гурван зуун мянган иргэн гадаад орнуудад байгаа юм гэнэлээ. Тэр бүхэнд тусгай үүргийн онгоц явуулах уу. Зөвхөн , шүүх прокурорынхны гэр бүлээр нь оргуулчихсан гэмт этгээдүүд нэг онгоцонд багтах ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ийм л юм хийж байна даа, манай эрх баригчид! Энэ дунд ямар их алагчлал яваваа! Би бодож байсан л даа. Хамгийн түрүүнд Энэтхэг рүү онгоц явуулаасай гэж. Тэнд чинь гэр орон эцэг эхээсээ хол, зөвхөн багш ламынхаа  хараа хяналтанд 8-10 хэдэн насны  хэдэн зуун хүүхэд байгаа. Монголын элчин нь хайхардаггүй, түүнийг "огцруулаад өгөөч” гэж эцэг эх нь хашгиралдаад л байгаа. Тэгсэн чинь тэр хүүхдүүдийг болохоор "Энэтхэгт онгоц очиж болдоггүй юм” гэхчлэн хойшлуулсаар хамгийн сүүлд авчрахаар болж байгаа. Үүнд ганц л үнэн бий. Дарга сайд нарын хүүхэд тэдний дунд ганц ч байхгүй. Дан борчуудын хүүхэд (ламхай) юм даа. Монгол төрийн ялгаварлан гадуурхах бодлого энэ.
Энэ бол иргэдээ, эх оронд нь татаж авах асуудал. Нөгөө нэг тал нь, байгаа улс оронд нь дээд зэргээр халамжлах явдал. Хилийн хатуу хориг тавьчихаад, гадаадад байгаа иргэдээ элчин , консулаар нь дамжуулан халамжилж байгаа улс орон олон бий. Ер нь, элчин консулын газар гэдэг чинь  гадаадад байгаа иргэдийн нэг ёсны гэр нь юм. Элчин консулын газрын бүх хүн, элэг нэгтнийхээ ээж аав, ах дүү нь байх ёстой. Тийм сэтгэл, итгэлээр ард түмэн нь, төр засаг нь тэднийг томилж явуулдаг байхгүй юу. Одоо бол энэ зарчим алдагдсан. Хэн мөнгөтэй юмуу, дээгүүр танил талтай нь элчин, консулаар явах болсон нь нууц биш. Гол нь: "Хэдэн жил яс амраад ирье”, "жаахан хөрөнгө бэлтэй болоод ирье” , "энэ хугацаанд хэрэг ялыг маань хэрэгсэхгүй болгох байх” гэсэн бодол санаатай олон хүн үхэн хатан зүтгэцгээж, тэр дипломат гэдэг ариун суудалд очиж байна. Бүгд тиймгүй л дээ. Улс орон, ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй цөөн тооны элчин, консул, дипломатууд байхыг үгүйсгэхгүй.
Би, энэ элчин консулынхны талаар олон баримт мэдэх учраас хоёрхныг энд сийрүүлье. Би 19 настай зээ хүүгээ БНХАУ-ын цэргийн төв эмнэлэгт 1 жил 6 сар эмчлүүлээд, алдчихсан хүн. Хүний нутагт хүн яаж зовдогийг би мэднэ ээ. Хүүгээ алдчихаад шарилыг нь онгоцоор авчрах гэсэн чинь Хятадын цагаан сар таарчихлаа. Мэдэх чадах байгууллага, хүн байхгүй. Элчин сайдын яамаа л  бараадаж байгаа юм даа. Элчин сайдаар Сүхбаатар очоод байсан. Одоо дэвшээд Ардчилсан намын нарийн бичгийн дарга гэл үү, том албанд очсон байна билээ. Элчинтэй уулзахаар очсон чинь бас бүтэн сайн өдөр таарчихлаа. Монголын элчинд жижүүрээс өөр хүн алга. Би элчин сайдад зовлонгоо ойлгуулж, туслалцаа авах л гэсэн юм. Уулзъя гэсэн чинь "ажилтай байна. Уулзах боломжгүй” гэнэ. Утсаар яръя гэсэн чинь утсаар ярьдаггүй юм гэнэ. Элчингийн үүдэнд охин бид хоёр дөрвөн цаг гаруй хүлээхдээ арга учраа барж байгаа юм даа.
Монголоос ирсэн танил өндөр настан чинь гэж хэлүүллээ. Ахмад зохиолч, олон улсын сэтгүүлч гэдгээ ч хэлүүллээ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн    гэдгээ ч хэлүүллээ. Элчин сайд Сүхбаатар огт тоосонгүй. Дөрвөн цаг гаруй хүлээхэд надтай уулзаа ч үгүй, утсаар ярьсан ч үгүй. Охин уйлсаар, би манараад л буцсандаа. Элчингүүд   чинь ийм л болсон. Арга ядаад чандарлах зуухыг л бараадах болдог юм билээ.
Хүүгийнхээ   шарилыг чандарлуулаад дөрвөлжин хайрцагтай аваад ирсэн чинь бидний буусан буудал "шарил оруулахгүй”  гээд гадаа хорьчихсон. Зургаан цаг гудамжинд сууж байж, онгоцны бараа харсан л даа. Гадаад улс оронд миний адил арга тасарч, элчин консулдаа "хөөгдөж”   яваа хүн олон бий. Дарга сайд нарын гэр бүл, хамаатныг биш тэднийг л тусгай үүргийн онгоцоор авчрах ёстой юм.
Хардаа та нар! Энд нутаг оронд нь өвчин тахал гарчихаад айдас хүйдэст автаж байхад Туркэд суугаа Монголын консулынхан хар тамхины бүлэг наймаанд оролцоод Засгийн газрынхаа даалгаврыг биелүүлж байгаа мэтээр өчиг мэдүүлэг өгснөөр Монгол улс Европын холбооны хар жагсаалтанд ороход гол нөлөө үзүүллээ гэнэ. Монголын Засгийн газар, тухайлбал Гадаад харилцааны яам нь хар тамхины сүлжээ зохион байгуулж гэмт хэрэг үйлдэх болсон юм уу? Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүнд няцаалт өгөхгүй байгааг бодвол энэ гэмт хэрэг үнэний хувьтай, Д.Цогтбаатар ч энэ бүхний ард ивээж, хамгаалдаг байж болзошгүй гэсэн бодол төрж байна. Олон түмэн ч ойлгоод Д.Цогтбаатарыг огцруулъя гэж шуугиад байгааг би хувьдаа дэмжиж байгаа.
Ер нь яагаад дэлхийгээр нэг тарчихсан Монголчуудыг нутагтаа оч гээд "хөөгөөд” байгаа юм. Хэн үүнийг турхирч "нутагтаа л очихгүй бол болохгүй” гэж өчнөөн зардал чирэгдэл учруулаад байгаа юм? Үүнээс чинь ямар их эрсдэл үүсч байна гээ. Тэр онгоцонд нэг л халдвартай хүн суувал зорчигчид бараг бүгдээрээ өвчилдөг юм байна. ОХУ–аас ирсэн цэргийн сургуулийнхныг хараа биздээ. Нэг онгоцноос 55 хүн халдвар аваад гарч ирлээ. Цаана нь хэд илрэхийг бүү мэд. Тэр залуучууд хүндрэлийг даагаад эдгэрч гардаг юм аа гэхэд ард нь аав ээж, ах дүү нар, магадгүй эхнэр хүүхэд нь ч хүлээж байж болох юм. Энэ  вирус удаан хугацаагаар хүний биед хадгалагддаг. Тиймээс гэр орныхноо сүйрүүлвэл яах юм. Уханьд чинь голдуу л гэр бүлээрээ өвчлөөд, гэр бүлээрээ нас бараад байсан юм билээ. "Эх орондоо ирнэ” гэдгийн ард ийм эрсдэл байгааг ухаараагүй,  ухаарсан ч "Надаас л холдвол болоо!” гэсэн байдлаар элчин консулууд нь хөөгөөд, Д.Цогтбаатарын багийнхан уулгалан дэмжээд Монголыгоо, Улаанбаатарыгаа цар тахалын голомт болгочихож болж байгаа юм уу?! Иргэнээ метронд хонуулж байгаа, иргэнээ өлсгөж байгаа, иргэнээ орох оронгүй тэнүүлж байгаа элчин консулуудаа дуудан авчраад ажлаас нь халж, хатуу хариуцлага тооцож болоогүй юм уу. Би хэд хэдэн томоохон улс орноор явж байсан. Монголын элчин сайдын Яам, консулын газрууд гэдэг чинь тохилог байр саваар хангагдсан элбэг дэлбэг хангалуун сууцгаах юм билээ. Тийм хэрнээ, өвчин зовлонтой хэдэн хүнээ, байраа өгчихсөн оюутнуудаа метронд, гудамжинд хонуулж, өлсгөж үхүүлдгийн даваанд байлгаж байгаа бол, тийм элчин, консул нэртэй "Мануухай”-нуудаа зайлуул л даа. Гадаадад дипломатын чиглэлээр хэд хэдэн сургууль төгссөн, олон хэлтэй, эх орноо, иргэнээ гэсэн сэтгэл зүрхтэй сайхан залуучууд олон байна. Хар тамхи, мансууруулах бодис, терроризмыг санхүүжүүлэх,  хүний наймаанд шүтсэн энэ гадаад харилцааг сайд нэртэй хэдхэн хүний дур зоргоор устгуулчихмааргүй байна.
Энэ дундаас, ОХУ–ын олон хотуудаас ирж байгаа оюутан сурагчдын талаар хэдэн үг хэлмээр байна. Путин, Шойгу хоёр манай хүүхдүүдийг "нутагтаа оч” гэж хөөгөөд байгаа юмуу? Тэд, эрдэм сурах гэж яваа Монголын залуу үеийнхнийг "одоо буц” гэж хөөж туугаад байгаа  юмуу?  хачин сонин санагдаж байна. Орост суугаа Монголын элчин сайдын Яам бол хамгийн их байр савтай, хөрөнгө хүчтэй, хэдэн оюутнаа хаана ч тусгаарлаад, эмчлүүлээд, эдгэрүүлээд байх газар гэж боддог. Ямар сайндаа Элчний хамаарлын зарим байр савандаа нууц казино нээчихээд тоглож байсан гээ биздээ. Саяхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх байсан генерал Д.Даваа манай улсыг төлөөлөх элчин сайдаар ОХУ–д томилогдож очсон. Тэр хүнд, эрх мэдэл хөрөнгө мөнгө л лав дутаагүй байх. Тэр генерал цэргийн сургуулийн хэдэн оюутнаа өвчтэй, эрүүлийг нь хольж чихээд нутаг руугаа явуулж, Улаанбаатарт ганцхан хоногт 50 гаруй өвчтөн оруулж байдаг, бөх зүрхээ?!
Би, Ерөнхийлөгч Путин, сайд Шойгу хоёрыг арай ч "хэдэн оюутнаа татаж ав. Тусгаарлан, эмчлэхгүй” гэж хөөгөөгүй байх гэж бодож байгаа. Элчин сайд Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар яарч сандран ямар хуйвалдаан зохион байгуулсаныг олон түмэн ойлгох цаг ирэх байхаа.
Чин үнэнийг хэлэхэд Монгол төрийн удирдлагууд эх орноо, ард түмнээ өвчин тахалаас аварч, энх тунх амьдруулъя гэсэн өчүүхэн ч бодол санаагүй явж ирсэн. Бараг хагас жилийн турш Сонгууль, Ямаа, Хар саарал жагсаалт ярьсаар л өдий хүрлээ шүү дээ. Гадаадынхнаа авчрана гэдэг ч сонгуулийн шоу байсан. Эх оронч, ард түмнээ боддог хүний дүрд жүжиглэцгээсэн. Өнөөх, таван шаардлага хангасан хүмүүсээ авчрах нь зөв л дөө. Харин би, Ерөнхийлөгч Х.Баттулгыг "сонгуулиа хойшлуулах” санал гаргахад нийт ард түмнийхээ адил баярлаж байсан. Яагаад гэвэл эрх баригчид өвчин тахалаар далимдуулан булхайтай сонгууль явуулж, луйврын хар машинаараа 76 суудал авах гэсэн оролдлогыг няцааж Ерөнхийлөгч маань хойшлуулж, намар болгох нь гэж баярлаж байсан юм. Тэгтэл мөн л адилхан "жүжиг” байжээ. Чин үнэнээсээ тийм бодолтой байсан бол орон даяар онц  байдал зарлаад бүх хилээ хааж, сонгуулийг албан ёсоор хойшлуулах эрх нь Х.Баттулгад байсан. Тэгээгүй. Бодвол "онц байдал зарлах нөхцөл бүрдээгүй байсан” гэж миний амыг хаах байх л даа. Онц байдал зарлах нөхцөл хангалттай бүрдсэн байсныг гуравхан зүйлээр батлахыг оролдъё.
 
Нэгдүгээрт: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) "Монгол Улс бол цар тахалын онцгой эрсдэлийн бүсэд багтаж байгаа” гэж олон удаа сануулж хэлсэн.
Хоёрдугаарт:  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп коронавирус цар тахалын үед очиж болохгүй цөөн хэдэн орны тоонд Монгол Улсыг багтаасан.
Гуравдугаарт:  Аюул нүүрлэх юм бол хамгийн түрүү барьц алдаж, аврал эрэх улсын нэг нь Монгол улс байлаа. Ядаж л уушги зүрх орлох ЕСМО аппарат Монголд ганц ч байхгүй. Сонгууль хойшилвол эрх баригчдын сонгуульд хадгалаад байгаа асар их мөнгөөр ядаж л цар тахалын үед онц чухал шаардлагатай аппарат хэрэгсэл авах боломжтой болох юм. Ийм үндсэн шалтгаануудаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыгаа онц байдал зарлаасай, хилээ бүрэн хаагаасай, УИХ-ын сонгуулийг хойшлуулаасай  гэж ганц би ч биш ард түмэн хүлээгээд байсан  юм л даа. Гэтэл тэгсэнгүй. Энэ цөөхөн, ядарсан хүн амтай Монголд хоногт коронавирусын 55 тохиолдол бүртгэгдэнэ гэдэг онцгой аюул шүү. Орост гарч байгаа шиг Улаанбаатарт хоногт 10-11 мянган тохиолдол бүртгэгдэж хэдэн зуу, мянгаараа нас барвал яах юм?!  Сонгуульд манай нам ялж, би Ерөнхий сайд л болж байвал тэр тахал, үхэл ямар хамаа байна! гээд суугаад байх хэрэг үү?! Ингэж болохгүй байхаа. Сонгууль олдоно. Албан тушаал хэргэм зэрэг олдоно. Хэнд ч гэсэн амь л олдохгүй.
Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Цогтбаатар , Л.Энх-Амгалан, Б.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нараа, энэ улс оронд чинь гал голомтоо манаж үлдсэн хэдэн өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд л олонх байгаа шүү дээ. Тэднийг өвчлүүлэх гэсэн юм шиг, цөөлөх гэсэн юм шиг бодлого яваад байгаад чинь үнэхээр гомдож байна. Эрх баригчид та нар, энэ гашуун үнэнийг ард түмнээсээ үхтлээ нууж, хэвлэл мэдээллийнхний  "амыг барьчихаад” байгаа. Хуулиндаа хүртэл суулгаж  өгсөн байна билээ. Алив, өнөөх ардчилал, шудрага ёс чинь
Та нар гуравхан жил хагасын дотор хэдэн үеэрээ төлж бармааргүй өр тавьлаа. Улс орноо  саарал жагсаалтад орууллаа. Хар жагсаалтад орууллаа. Коронавирус цар тахалын голомтонд ядарсан ард түмнээ орууллаа. Одоо болоо юм биш үү?!  Та нарт улс орон ард түмнээ удирдаж явах сэтгэл ч алга. Зүтгэл ч алга. Төрийн алтан тамгануудаа гаргаж тавьчихаад явбал ямар байна.   Энэ аюулт цар тахал хэзээ нэг цагт дуусах л байх. Зарим эрдэмтдийн тооцоолсноор 2-5 жил үргэлжлэх гэнэ. Монголд цаашдаа 2-3 дугаар давалгаа нь яаж дэлгэрэхийг хэн ч мэдэхгүй айдас хүйдэст автаад л байх шиг байна. Цар тахал дэлхийгээс зайлахад мань мэт нь байх ч юмуу, үгүй ч юмуу, бүү мэд. Юутай ч дараа үеийнхэн маань коронавирус-цар тахалын өвчлөл, үхэл, хохирлыг хэнээс нэхэж, хэнтэй хариуцлага тооцох нь зөв бэ гэдэг үүднээс дээрх сайд дарга нарын нэрсийг бичиж үлдээж байгаа юм. Эд нар бол цар тахал зөөвөрлөгчид!!
"Эрсдэл тээж , эх орондоо очмооргүй байна” гэсэн олон зуун хүний үгийг та нар сонсохгүй байна гэж үү.
Нүдээ , чихээ, телевизороо нээгээд хардаа!!       
 
 
Г.ЖАМЬЯН
(Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.