| |
Б.Ууганбаяр: Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй хийнэ
Монгол Улсын Засгийн газар, УОК-оос шийдвэр гаргаж, гадаадад байгаа иргэдээ татаж авсаар байгаа билээ. Өнөөдөр өглөө гэхэд Энэтхэгээс 158 иргэнээ татаж авчирсан. ОХУ-аас олон оюутан авчирсан, тэднээс коронавирус илэрч, халдварласан тохиолдол 140 болчихоод байгаа. Үүнтэй холбоотойгоор гадаадаас иргэдээ татаж авчрах ажлаа түр завсарлуулах санал ч гарсан. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж, гадаадаас иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй хийнэ гэдгийг хэллээ.
Мэдээллийн эхэнд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "15 удаагийн тусгай нислэгийн татан авалтаар 3515, бусад хэлбэрээр орж ирсэн 5007 хүн байна. Зөвхөн сүүлийн 7 хоногт ОХУ, Турк, Энэтхэгээс 1070 хүний татаж авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10771 иргэн Монголдоо ирэх хүсэлтээ ирүүлсэн. Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй 1611, эрүүл мэндийн шалтгаантай 449, өндөр настан 896, жирэмсэн эмэгтэй 152, богино хугацааны визтэй явсан 152 хүн байна. Гадаад орондоо байрлах газаргүй болсон 158 иргэн байгаа. Харин 2818 оюутан, санхүүгийн хүндрэлд орсон 1002, насанд хүрээгүй хүүхэд 358, бусад шалтгаантай 3300 орчим хүн байна. Эдгээр хүмүүс эх орондоо ирье гэсэн санал ирүүлсэн байгаа. Бид гадаад орнуудад байгаа Элчин сайдын яамд, консулын газраараа дамжуулаад эдгээр хүмүүсийн судалгааг гаргуулж авсан. Татан авалтаар ирсэн хүмүүсийг Улаанбаатар хот болон орон нутагт нийтдээ 27 цэгт байрлуулж байгаа. Өнөөдрийн Энэтхэгээс ирсэн хүмүүсийг оролцуулаад тоолбол 2029 хүн тусгаарлах байранд байна. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, "Жаргалант", "Энх саран", "Бага баян" амралтын газар, сувилалд байгаа. Маш олон зочид буудалд байрлуулсан. Өнөөдрөөс эхэлж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт суурь өвчтэй хүмүүсийг хүлээж авч байна. Мөн хөдөө орон нутагт ч тараан байрлуулсан. Батсүмбэрийн ахмадын сувилалд хүртэл байрлуулсан.
Шадар сайдын зүгээс ойрын хугацаанд ОХУ-аас оюутнуудаа татаж авах чиглэл өгсөн. Өдөр нь тодорхой бус байна. Бид ОХУ-д суугаа Элчин сайд Даваатай байнга холбогдож, мэдээлэл авч байна. Мөн Энэтхэг рүү хоёр дахь удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Өдрийг нь одоо хэлэх боломжгүй. Ямар ч байсан бид төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Түүнээс гадна, Хятад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ олон хүн ирүүлсэн. Татан авах ажиллагаа цаашид тасралтгүй хийнэ гэдгийг та бүхэнд мэдэгдэж байна" хэмээлээ.