|
Видео

Шинэ мэдээ

Оюутнууд сургалтын төлбөрөө буцааж авах хүсэлтэй байна

Оюутнууд сургалтын төлбөрөө буцааж авах хүсэлтэй байна

 

Коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн улс орнууд  хөл хорио тогтоож, ахлах болон их сургуулийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхийн олон оронд оюутнууд сургалтын болон дотуур байрны төлбөрөө буцаан авах хүсэлтэй байна. Тухайлбал, БНСУ-д  26 их сургуулийн Оюутны зөвлөл нэгдэж, Засгийн газраасаа сургалтын төлбөрийг нь оюутнуудад буцааж олгохыг шаарджээ. Учир нь, их сургуулийн удирдлагууд сургалтын төлбөрийг буцааж олгох боломжгүй гэсэн хариулт өгсөн байна.  

Өнгөрсөн сарын 18-наас хойш 14 хоногийн хугацаанд 6261 оюутанд явуулсан судалгаагаар оюутнуудын 30 орчим хувь нь сургалтын төлбөрөө биш юм гэхэд дотуур байрны төлбөрөө авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.  Түүнчлэн судалгаанд оролцсон оюутнуудын ердөө 6.8 хувь нь л цахим хичээлдээ сэтгэл хангалуун байна гэж хариулсан бол үлдсэн нь төлсөн төлбөртөө тохирохуйц мэдлэгийг онлайн хичээлээр олж авч чадахгүй байна гэжээ. Зөвхөн Өмнөд Солонгост бус Их Британи, АНУ тэргүүтэй дэлхийн олон орны оюутнууд сургалтын төлбөрөө авах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байна. 

ЗАРИМ СУРГУУЛЬ ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨРИЙГ БУЦААЖ ОЛГОНО

"Harvard”, "Tufts” болон  "Duke”-ийн их сургууль дотуур байрны төлбөрийг нь оюутнууддаа буцааж олгохоо мэдэгдээд байна.  Гэхдээ маш олон сургууль оюутнуудад  сургалтын болон дотуур байрны төлбөрийг буцааж олгох санхүүгийн боломж байхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.   Тухайлбал, "Georgetown” коллежийн захирал Уилл Жонс  "Хичээлээ онлайноор үргэлжлүүлэн орох учир төлбөрийг буцааж олгох санхүүгийн боломж коллежид байхгүй” хэмээжээ.  Ерөнхийдөө ихэнх сургууль сургалтын төлбөрөө ирэх семестрт нь шилжүүлэх шийдвэр гаргаад байна.  

Зарим оронд оюутнууд  сургалтын болон дотуур байрны төлбөрөө буцааж авахаар шүүхэд хандах тохиолдол ч гарч байгаа аж. Тухайлбал, Умард Аризонад 100 мянга гаруй оюутан шүүхэд нэхэмжлэл гаргаад  байгаа юм байна. ASU буюу Аризонагийн их сургууль, Америкийн үндэсний их сургууль (National American University) дотуур байрандаа үргэлжлүүлэн амьдрах эсвэл төлбөрийн арван хувийг буцааж авах, ирэх улирлын сургалтын төлбөрөөс 20 хувь хөнгөлүүлэх саналыг оюутнууддаа тавьж байгаа аж. Цар тахал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй, улс оронд нь хэрэгжиж буй хорио цээр хэзээ тавигдах нь бүдэг байгаа тул их сургуулиуд яаран шийдвэр гаргалгүй, онлайн хичээлээ үргэлжлүүлэн орж, оюутнууддаа төлбөрийг нь буцааж өгөх сонирхолгүй байна. 

Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.