| |
Г.Загдаагийн үйлдсэн гэх гэмт хэрэгт үндэслэл бүхий баримт байгаа хэмээн үзэж, үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо
Өнгөрсөн бямба гаригийн орой "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг цагдаагийн байгууллагаас баривчилсан. Түүнийг прокурорын зөвшөөрлөөр 48 цаг саатуулсан бөгөөд 48 цагийн хугацаа өнөөдөр дуусч байгаа тул үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг хэлэлцжээ. Улмаар шүүхээс үргэлжлүүлэн нэг сар хорих захирамж гаргасан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Загдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа/ дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлснийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 1 дэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна / хэсэгт тус тус заасныг удирдлага болгон яллагдагч Г.Загдаад өнөөдрөөс /2020-04-13-ны өдрөөс/ эхлэн 1 сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 /1.2.энэ хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд; 1.3.гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан / дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ.
Түүнийг иргэн Д.Халиунаагийн гомдлоор саатуулсан билээ.
Сануулахад, иргэн Д.Халиунаа нь "Зөв амьдрах ухаан”-аас гарснаасаа хойш олон газраас тусламж гуйсан. Хэн ч туслаагүй. Би тэнд охинтойгоо хамт хоёр жил амьдарсан. Г.Загдаа тус төвд байдаг хүмүүсийг доод талынхаа грашинд хүлж зодон, байнга хүчирхийлдэг. Г.Загдаа намайг хүчиндсэн. Эхлээд Загдаа ах, дараа нь хоёр нийгмийн ажилтан нь ч намайг хүчиндсэн.
Энэ талаар хэлвэл хүүхдийг чинь чамд өгөхгүй гэж байнга сүрдүүлдэг. Г.Загдаа ахад хүчиндүүлсэн бичлэг маань миний утсан дээр бий. Даанч хураагаад авчихсан. Цагдаа нар очоод ч миний утсыг авч өгдөггүй. Г.Загдаа ах намайг хэд хэдэн удаа хүчиндсэн. Нэг удаа гурван өдөр дараалан хүчиндээд, миний доороос цус гарсан.
Цэцэрлэгт нь байдаг хүүхдүүдийг Г.Загдаагийн эхнэр Амараа эгч байнга зоддог" хэмээн хэвлэлийн хурал хийхдээ мэдэгдсэн юм.