|
Видео

Шинэ мэдээ

Н.Энхбаяр: Их хэмжээний мөнгө, зээлээр бүхнийг шийднэ гэж андуурах хэрэггүй

Н.Энхбаяр: Их хэмжээний мөнгө, зээлээр бүхнийг шийднэ гэж андуурах хэрэггүй

 


Коронавирусын үед манай улсын авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.

 
- "COVID-19” вирусын тархалт улам л тодорхойгүй байдалд хүргэж байна. Ийм цаг үед гамшгийн үеийн эдийн засгийн бодлогыг ямар байдлаар хийх нь чухал вэ?
 
-Энэ удаагийн коронавирусын халдварын тархалт нь хэд хэдэн онцлогтой болохыг олон улсын байгууллагууд, судлаачид тэмдэглэж байна. Үүнд, зөвхөн нэг улс оронд, бүс нутагт бус дэлхий нийтээр халдвар тархаж байна. Өмнө гарч байсан SARS, MERS-ээс илүү хурдацтай тархаж байгаа. Дэлхийн хөгжлийн төвүүд болж байгаа Ази, Европ болон Хойд Америкт халдвар өргөн хүрээнд тархаж байгаагийн улмаас бүхий л эдийн засаг зогсонги байдалд орсон.  коронавирусын эсрэг вакцин бүтээх туршилт, судалгааны ажлууд хийгдэж байгаа боловч хэзээ бэлэн болохыг одоогоор хэлэх боломжгүй байгаа.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас хамаарч ганц нэг улс орон бус дэлхий нийтээр бизнес, гадаад худалдаа тасалдаж, зогсонги байдалд орсон. Хэзээ өндөр хөгжилтэй орнуудад бизнесийн үйл ажиллагаа сэргэж, эдийн засаг хэвийн голдиролдоо орохыг судлаачид, олон улсын байгууллагын шинжээчид тааварлан хэлэх боломжгүй нөхцөл байдалд байна.
Ийм онцгой нөхцөлд төр, засгаас авч хэрэгжүүлэх бодлого нь шуурхай байхын зэрэгцээ, үндэслэж болохуйц судалгаатай, түүний үр дүнд тулгуурласан стратеги, тактиктай байх ёстой. Халдварын тархалт хэзээ намжихыг мэдэхгүй, Монгол улсад халдварын тархалт хамгийн дээд хувилбараар ямар түвшинд хүрч болохыг таамаглаагүй нөхцөлд арга хэмжээ авах нь оновчтой бус болно. Өнөөгийн нөхцөл байдалд зөвхөн ойрын 7-10 хоногийн цаадахыг таамаглаж тулгамдсан, нэгэнт бий болсон асуудлыг шийдвэрлэх замаар л арга хэмжээ авч байна.
Хэрэв ийм богино хугацааны таамаглалд үндэслэсэн, цаг хугацаа хожимдсон шийдвэр авсаар байвал бид илүү их алдагдал хохиролд хүрэх, гэнэтийн эрсдэл нэмэгдсэн үед бэлэн байдлаа хангаж чадаагүй, хүн хүч, тоног төхөөрөмж дутагдах байдалд ч хүрч болзошгүй юм. Иймээс хамгийн эхэнд хийх ёстой ажил бол халдварын болзошгүй тархалтын талаар судалгаа хийж, таамаглал боловсруулах, түүнд үндэслэн учирч болох эдийн засгийн алдагдлыг тооцсон байх ёстой. 
Ийм судалгаанууд хийгдсэний дараа авах арга хэмжээг оновчтой зөв төлөвлөх боломж, нөхцөл бүрдэх болно.
 
- Ийм үед эдийн засгийн өсөлтөө унагахгүй байх нь чухал боловч олон ААН үүдээ барьж, томоохон ажил олгогчид хүртэл цомхотгол хийгээд эхэлсэн байна шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээ үр дүнгээ өгөх болов уу?
 
-Монгол Улсын Засгийн газраас боловсруулан УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд бизнес эрхлэгчид болон ажил эрхлэгчид, айл өрхийг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн асуудал тусгагдсан байна. УИХ-ын чуулганаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн санал буюу тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Эдгээр санал нь бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс туршлага авч боловсруулсан. Цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдлаасаа авч буй арга хэмжээ нь хожимдсон байдалтай. Халдварын тархалтын цаашдын нөхцөл байдал, бизнесийн үйл ажиллагааны тасалдал цаашид ямар хугацаанд үргэлжлэхийг тооцоолоогүй учраас, ямар үндэслэлээр тооцож гаргасан нь үл мэдэгдэх "6 сарын туршид” гэсэн таамаглал дээр үндэслэн саналыг боловсруулсан байна.
Нэгэнт халдварын цар хүрээ, бизнесийн зогсолтын үргэлжлэх хугацааг нарийвчлан судлаагүй байгаа тул төлөвлөж буй арга хэмжээ зарим талаар дэмжлэг болох хэдий ч хамрах цар хүрээ, үргэлжлэх хугацааны хувьд оновчтой байх эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн авч буй арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг хуулиар баталгаажуулаагүй, "Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн зохицуулалтаар шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж байгаа тул экспортын орлого буурч, төсвийн орлого улам бүр их хэмжээгээр тасалдаж  ажиллагсад, иргэдэд олгох мөнгө, тэтгэмж нь тасралтгүй олгогдож чадах уу гэсэн асуулт үлдэж байна.
- Макро орчинд хийх ёстойгоо хийж байна шүү дээ. Мөнгөний бодлогын хүү нэг нэгж хувиар буурлаа. Гэвч хүлээж авах орчны тухайд та хэрхэн харж байна вэ?
 
-Төв банкны бодлогын хүү нь зах зээлд хэр үр дүнтэй нөлөөлдөг арга хэрэгсэл вэ гэдгийг бид анхааралтай авч үзэх ёстой. Өндөр хөгжилтэй болон хүчирхэг эдийн засагтай, банк санхүүгийн тогтолцоо нь сайн хөгжсөн улс орнуудад 100 гаруй жилийн туршид хэрэглэж тогтсон арга хэрэгсэл манай улсад адил үр дүн үзүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй асуудал. Сүүлийн 10 жилийн хугацаанд мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлсэн, бууруулсан үр нөлөөлөл, түүнд хийсэн судалгааг эргэн авч үзэх ёстой болов уу.
Тэр тусмаа өнөөгийнх шиг дэлхийн зах зээл бүхэлдээ гацаанд орсон, улс хоорондын худалдаа 80-90 гаруй хувиар буурч байгаа нөхцөлд эрэлт ба нийлүүлэлтийн аль аль талд хямрал үүсч байхад манай улсад зөвхөн Төв банкны бодлогын хүүний өөрчлөлтөөр гайхалтай үр дүн гарна гэж хүлээх хэрэггүй.
Бүх өвчнийг эдгээдэг шидэт эм байдаггүй, "бүх хүнд таардаг нэг хэмжээтэй хувцас гэж байдаггүй” гэдэгтэй адил мөнгөний бодлогын арга хэрэгсэл гадаад, дотоод орчин нөхцөлөөс хамаарч гарах үр дүн өөр өөр л байдаг.
Манай улсын тухайд үүсч буй хүндрэл, хямралыг төсвийн болон мөнгөний бодлогоор шийдвэрлэж болох юм шиг ойлговол гэнэн хэрэг болно. Монгол улсын эдийн засгийн бүтцэд гажуудал их байгааг, гадаад зах зээл болон уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгааг хүн бүхэн мэднэ.
Гадаад зах зээлд үнэ ханш буурах, түүхий эдийн эрэлт унаж, экспорт 20-30 хувиас илүүгээр буурах үед бид дотооддоо ямар ч хүчтэй арга хэмжээ аваад нөхцөл байдлыг өөрийн хүссэнээр өөрчилж чадахгүй. Энэ удаагийн хямралыг үүсгэж буй хүчин зүйл эдийн засгийн бус шалтгаан буюу халдварт өвчин, түүний тархалт байгаа нөхцөлд улс орнууд юуны өмнө төсөв, мөнгөний бодлогоор бус анагаах ухаан, микро биологийн шинжлэх ухаанаар тэмцэж өвчлөлийн тархалтыг хязгаарлах, хумих, өвчлөлийг зогсоох хэрэгтэй гэж ОУВС-гийн захирал болон бусад судлаачид удаа дараа мэдэгдэж байгаа.
Халдварт өвчний тархалт буурахгүй, тэр тусмаа Монгол Улсын хил залгаа хөрш орнуудад халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр байгаа нөхцөлд төсөв, мөнгөний бодлогоор авах арга хэмжээ нь хямралыг зогсоох бус нэгэнт тулгарсан хүндрэлээс учрах алдагдал, ажилгүйдлийг бууруулахад л үр нөлөө үзүүлэх болно. Хямрал, хүндрэлийг үүсгэж байгаа үндсэн шалтгааныг шийдвэрлээгүй байхад зах зээлд нийлүүлэх их хэмжээний мөнгө, зээлээр бүхнийг аварч чадна гэж эндүүрэх нь том алдаа.  Одоогоор бид энэхүү халдварын тархалт хэдэн сарын туршид үргэлжлэх, гадаад худалдаа хэзээ хэвийн голдиролд орохыг ч мэдэхгүй байна.
Хөрш орнууд болон иргэд олноор зорчдог Япон, Өмнөд Солонгос улсуудад ч халдварын тархалтыг хэзээ зогсоож чадах талаар оновчтой таамаглал гаргаж чадахгүй байна. Хаана хүрч зогсох, ямар хугацаанд үргэлжлэх, учруулах хохирлын хэмжээ маш бүрхэг байгаа нөхцөлд нэг далайлтаар бүхнийг шийдвэрлэх боломжгүй. Бусад улс орнуудад нөхцөл байдал, халдварын тархалтын байдлаас хамаарч эдийн засаг, бизнес, айл өрхийг дэмжих арга хэмжээг хэд хэдэн үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.
 
- Мөнгөний бодлого талдаа дахиж шийдвэр гаргах орон зай байгаа эсэх дээр та ямар байр суурьтай байна вэ?
 
-Улс хоорондын хил хаалттай, гадаад худалдаа сэргээгүй байгаа нөхцөлд үр ашигтай бизнес эрхлэх нөхцөл бүрдэхгүй. Энэ үед зөвхөн архи, дарсны үйлдвэрлэл, нефть бүтээгдэхүүний худалдаа, алтны олборлолтын үйл ажиллагаа л хэвийн явагдах боломжтой. Иймээс банкны системд нийлүүлсэн мөнгө арилжааны банкнаас зөвхөн эдгээр салбарт л очих боломжтой. Жижиг, дунд бизнест барагтаа бол хүрэхгүй, сайн үр дүн өгөхгүй.
Үйл ажиллагаа нь зогсож, сааталд орсон аж ахуйн нэгжүүдэд дахин зээл олгох нь нөхцөл байдлыг аврахгүй, харин ч удаан үргэлжилсэн нөхцөлд банкны хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлтэй.  Үүнийг 2013-2016 онуудад авч хэрэгжүүлсэн бодлого, түүний үр дүнгээс харах боломжтой.
Тодорхой цаг хугацааны дараа халдварт өвчний тархалт намжиж, эдийн засаг сэргэх цаг үе тулгарахад бид эрүүл саруул банкны тогтолцоотой, банкуудын активын чанар муудаагүй, зээл гаргах чадвартай байх нь маш чухал юм.
 
- Үндсэндээ энэхүү цар тахал нь их цэвэрлэгээ болж байна. Тэгвэл манай улсын хувьд бизнес эдийн засагт ямар давуу байдлыг бий болгоосой гэж та хүсч байна вэ?
 
-Энгийн үед буюу эдийн засаг өсөлттэй байх нөхцөлд аль ч улс өөрсдийн тогтолцооны алдаа буюу бүтцийн гажуудлыг олж хардаггүй. Бүх зүйл хэвийн байна гэж тооцдог. Харин эдийн засагт хүндрэл учирч эхэлмэгц дээр дурдсан бүтцийн гажуудал, сөрөг талууд тодоор илрэн гардаг.Иймээс УИХ-аас жил бүр улсын төсөв, мөнгөний бодлогыг батлан гаргаж хэрэгжүүлэхээс гадна "эдийн засгийн бүтцийг засаж сайжруулах” бодлогыг ч мөн боловсруулж, хэрэгжүүлдэг байх шаардлагатай.
Ийм цогц арга хэмжээг 5-10 жилийн хугацаанд авч хэрэгжүүлж байж бидний хүсч, зориод байгаа төрөлжсөн, эрүүл эдийн засгийн тогтолцоо бүрдэх болно. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол бид "хуучин автомашиндаа засвар үйлчилгээ хийхгүй”, зөвхөн шатахуун, тос хийгээд л унаад яваад байгаатай адил. Энэ чигээрээ яваад байвал машины олон эд ангид нэг л өдөр эвдрэл үүснэ. Тиймээс ч ОУВС-гийн зүгээс улс орнуудад хандан эдийн засгийн бүтцээ засаж сайжруулах бодлого авч хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Тэд ч хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, Евро бүсийн орнууд бүтцийн бодлогодоо өөрчлөлт оруулах арга хэмжээг батлан, хэрэгжүүлсээр ирсэн юм.
 
 
Б.Төгс
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler