| |
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байна
Шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Тус анги нь Баянзүрх товчооны ойролцоо байрладаг бөгөөд хаалттай хорих анги юм.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жил хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Учир нь тэрбээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Ийнхүү уг хэргүүддээ шүүхээс хорих ял сонссон билээ.
Б.Аз