|
Видео

Шинэ мэдээ

Л.Наранбаатар: Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь "Страто"-д ашигтай

 

Л.Наранбаатар: Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь "Страто"-д ашигтай

 

Эдийн засагч Л.Наранбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-"Страто” ХХК-ыг та З.Энхболдтой холбож ярьсан. Яагаад ингэж бодох болов?

-"Страто” ХХК-ийг З.Энхболд байнга өмгөөлдөг. Тус компанийн татварын маргааны асуудлыг жишээ болгож тайлбарлая. Тус компанийн С.Баярмаа гэх хуульч Үндсэн хуулийн Цэцэд хандаж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэглүүлсэн үйл явцаас харах юм бол Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж болохуйц гэмт үйлдэл хийгдсэн байна. Үүнийг З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа хамгаалж ярьж байсан. Энэ үедээ худал мэдээлэл өгсөн учраас хариуцлага хүлээх хэрэгтэй. Ямар худал мэдээлэл вэ гэхээр ашигт малтмалын татварт олборлолт хийхэд таван хувь, баяжуулаад цааш зарахад тус бүр таван хувийн татвар гээд нийт 15 хувийн татвартай боллоо гэдэг зүйлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайгаар яриулаад маргааш нь ҮХЦ дээр унагаад үндсэндээ Монгол Улсын АМНАТ-ыг бүхэлд нь тэглэсэн. Энэ татвараар жилд 1.3 их наяд төгрөг улсад орж ирдэг бол үүний бараг тал нь бидэнд өв болж үлддэг, орон нутгийн хөгжилд зарцуулагддаг. Үндсэн хуульд зааснаар "Байгалийн баялаг ард түмний өмч” гэдгийг хэрэгжүүлж байгаа гол зүйлийг ийнхүү байхгүй болгосон. Асуудлыг судлаад үзэхээр "Страто” ХХК нь тухайн үед АМНАТ болон НӨАТ төлөөгүйн улмаас Сангийн яаман дээр маргаан үүсгээд, С.Баярмаа гэх хуульчаар дамжуулж ҮХЦ-д гомдол гаргаад, Цэц маш хурдан уг асуудлыг шийдсэн байгаа юм. Энэ асуудлыг салбарын эдийн засагчийн хувьд би судалж үзээд тухайн үед мэдээлэл хийж байсан. Улмаар Сангийн яам, бусад УИХ-ын гишүүд соргогоор хүлээж авч буцаад уг хуулийг тэр даруй сэргээсэн байдаг. Ингэснээр "Страто” ХХК-ийн 3.2 тэрбум төгрөгийн татварыг тэглүүлэхийн төлөө уг сууриар нь АМНАТ-ыг тэглүүлсэн бусармаг үйл явдал зогссон юм.

Энэ компани "Эрдэнэс-Таван толгой” ХК-иас жилд 1.5 сая тонн нүүрс худалдан авч угааж ашиг олж байна. Эндээс эдийн засгийн тооцооллыг нь дүгнэвэл, 1.5 сая тонн нүүрсийг угааж баяжуулах юм бол нэг сая 275 мянган тонн баяжуулсан нүүрс болно. Нэг тонн нь 200 орчим ам.долларын үнэтэй нүүрс гэхээр жилд 225 сая ам.доллар буюу төгрөгөөр тооцвол 740 орчим тэрбум төгрөг болно. Гэтэл энэ компани одоо хүчин чадлаа өргөтгөж, жилд 4.5 сая тонн нүүрс угаах боломжтой ТЭЗҮ хийлгээд, барилгын ажил явагдаж байгаа бололтой. Орон нутгийн иргэдээс өгсөн зургийг харахад уг үйлдвэр явагдаж, гадна талбайд нь баяжуулсан нүүрс харагдаж байсан. Хэрвээ жилд 4.5 сая тонн нүүрс угаана гээд бодвол жилд 2.1 их наядын төгрөгийн орлого олно. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай З.Энхболдын хамаарал бүхий энэ компанийн орлогыг 1072 хувьцаа эзэмшигч 2.1 сая гаруй иргэнд хуваахад нэг хүнд нэг сая төгрөг ногдох юм. Цаашдаа "Эрдэнэс-Таван толгой” ХК-д баяжуулах үйлдвэр баригдахгүй зөвхөн энэ компанид нүүрсээ нийлүүлсээр 100 жил ажиллахад л 500 сая тонн нүүрс З.Энхболдын дүүгийн хамаарал бүхий компанид очих гээд байна. Ер нь очоод эхэлсэн гэж болно. Одоо нүүрсээ угаагаад бизнесээ хийгээд явж байна.

-"Страто" компани нь түүхий нүүрсийг угааж, нэмэгдсэн өртөг шингээн гаргаж байгаа нь дотоодын эдийн засагт сайн хэрэг юм биш үү?

-Энэ бол үндэсний компани биш. Хятадын хөрөнгө оруулалттай компани. "Эрдэнэс Таван толгой" компани дээр баяжуулах үйлдвэр барих асуудал яригдах бүрт З.Энхболд улс төр хийж байна. Баяжуулах үйлдвэр барихгүй байх нь "Страто"-д л ашигтай.

Өдрийн сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler