|
Видео

Шинэ мэдээ

Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж буй.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон "Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд "Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцжээ. Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарчээ. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдгийг туршилтаар баталсан тухай "Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцуулсан байна. Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм байна. Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, баруун бүсэд 97 мянга, зүүн бүсэд 53 мянга гаруй өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу "ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь "Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.