|
Видео

Шинэ мэдээ

Иргэдээ, сонор сэрэмжээ бүү сулруул

Иргэдээ, сонор сэрэмжээ бүү сулруул

 


Шинэ коронавирусийн халдварыг ДЭМБ-аас цар тахал хэмээн зарлалаа. Халдвар анх тархаж эхэлснээс хойш 72 дахь хоног  дээр ДЭМБ ийнхүү халдвар цар тахал болж хянагдах боломжгүй түвшинд  хүрч байгааг зарласан юм.  Өнөөдрийн байдлаар энэ халдварыг эмчлэх эм бэлдмэл гаргаж авч чадаагүй байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн оновчтой хувилбар гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрлөө. 

Манай улсын хувьд урд хөршид коронавирусийн халдвар дэлгэрснээс эхлэн өнгөрсөн саруудад боломжит бүхий л арга хэмжээг аван ажилласан. Гэсэн хэдий ч 111 дэх шинэ коронавирусын халдвартай орноор бүртгэгдсэн муу мэдээтэй долоо хоногийг үдэж байна. Харин сайн мэдээ нь шинэ коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсаар байна. 

Өчигдөр өдрийн 15:41 цагийн байдлаар нэгдүгээр зэргийн хавьтлын гэгдэх 149 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд шинэ коронавирусын халдвар аваагүй нь тогтоогдоод байна. Эдгээр хүмүүст 7, 14, 21 хоногийн давтамжаар дахин шинжилгээ хийж, тусгаарлан ажиглана гэдгийг мэдэгдээд байгаа юм. 

Иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарч эхэлсэн ч иргэдийг сонор сэрэмжээ улам сайжруулахыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. Учир нь хэнэггүй назгай байдлаас болж Итали зэрэг улсад шинэ коронавирусын халдварыг хяналтаас алдаад байна. Тэд  коронавирусын халдварын тархалтыг төдийлөн тоохгүй байснаас үүдэн өнөөдөр өдөр бүр зуу зуун хүнээ энэ тахлаар алдаж байна. Тэд Италийн Ломбарди мужийн яаралтай тусламжийн тасгуудыг зохион байгуулж, эрүүл мэндийн алба хаагчдыг удирдан, чиглүүлж буй профессор Жиакомо Грасселли "Урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж буй бусад орнууд маш болгоомжтой, нямбай, хариуцлагатай, хүн бүр ухамсартай хандах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол нүдээ цавчих хооронд л хяналтаас гарч эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь үгүй хийнэ” хэмээжээ. Тэд бодит үнэнтэй нүүр тулж, харамсал харуусал дагуулсан өдрүүдийг үдэж байна. 

Иймээс бид шийдвэр гаргах түвшинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол хоосон сүржигнэл биш гэдгийг дахин дахин сануулмаар байна.  Хэрэв бид хөл хорио тогтоож, онц байдал зарлаагүй бол асуудал яаж ч эргэж болох байсныг халдвар тархаад байгаа олон орны жишгээс харж болно. Францтай иргэнтэй хамт ирсэн, хамт ажилласан, уулзаж тааралдсан хүмүүсийн шинжилгээ сөрөг буюу коронавирусийн халдваргүй гэж гарсан. Магадгүй энэ нь бид урьдчилан сэргийлэх арга хэмжээг төдий хэмжээг төдий хэмжээнд сайн авч хэрэгжүүлсэн гэсэн үг. Иймээс бүх нийтээрээ сонор сэрэмжээ алдалгүйгээр дахиад хэсэгхэн хугацаанд хичээх хэрэгтэй байна. Цар тахалтай ганц эрүүл мэндийн байгууллага тэмцэхгүй. Иргэн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг цаг минут тутамд санах шаардлагатай цаг үеийг бид өнгөрүүлж байна. 

 

Иргэн та маскаа зүү, зөв ханиаж найтаа, гараа сайн угаа. Ингэж гэмээм бид өөрийгөө болоод гэр бүлээ сэргийлж чадна. Сонор сэрэмжээ бүү сулруул.
 

 

О.Онон 

Эх сурвалж: Olloo.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.