|
Видео

Шинэ мэдээ

Тэмдэглэхгүй гэх ч тэмдэглэхээр нэгэнт шийдчихэж

 

Өмнөд хөршийнхний уламжлалт сар шинийн баяраа хийснийх нь балгийг бараг дэлхий нийтээрээ амсаж буй энэ мөчид бүх нийтээрээ коронавирусээс сэрэмжилж сэргийлэх ёстой. Төр засгаас ч энэ тухай тогтоол, зарлиг гаргаад буй.

Тэгвэл наймаачдад "шатахгүй” гэсэн ухамсар  давамгайлсан бололтой.

Хот, хөдөөгийнхөн цуглардаг Нарантуул худалдааны төвд ёстой л түм түжигнэж бум бужигнаж байв.

Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлигийг бодох сөгөөтэй хүн алга уу гэмээр дүр зураг харагдах аж.

Барааны үнэ өмнөх жилүүдээс хямд байгаа нь сар шинийн баяраа тэмдэглэх боломж олгож дээ гэж бодогдов...

Даавуун материалтай пудволк, цамц гэхэд 2500-6000, савхин бээлийн 12000, зэс халуун сав өнгөрөгч жил 150-200 мянга байсан бол энэ жил 120 мянга байх жишээтэй.

Шил шаазан эдлэлийн үнэ бүр ч хямд байв. Дотроо 6 ширхэгтэй урт шилбэтэй жүнз, литрийн багтаамжтай усны сав 5000-8000 мянга, шатар даам 3500-5000, шүүс, идээний цар модон нь 25000, мөнгөн цар 80.000, хөөрөг 15000-25000, даалин 2500-5000, дээл хантаазны үнэ харин өндөр байв. Хүүхдийн цамцан дээл гэхэд 40.000, малгай хийцнээсээ шалтгаалаад 15.00-45.000, өмдний тэлээ өнгөрөгч жил 5000-8000 байсан бол энэ жил 3500 төгрөг  байх жишээтэй.

Бууз баншаа хийх гэсэн хүмүүс мах аваад шууд татуулж байсан тул мах машинддаг газрын дугаарлалт хаалгаараа гадагшаа гарсан байв...

Хорьсон хориогүй сар шинэ хийнэ гээд ой тойнд нь нэгэнт суучихсан нь илт байгаа энэ мөчид халдвараас хамгаалах хэрэгслүүд зарж байгаа нь даанч цөөхөн байв. Хаа нэгтээ ганц хоёр газарт маск зарж байгаа ч үнийг нь асуухаар нэг л их айдастай, доожоогүй нөхөд "мянга” гэж бараг л шивнэж байв.

Уг нь сар шинийн бараа зарж байгаа наймаачдын хажууд "Маск мянга” гээд зарах юм бол гүйлгээтэй байх янзтай. Гэтэл "Маск дамлаж байгаа иргэдэд хариуцлага тооцно” гэсэн мэдээллийг ташаа ойлгосон уу яасан хамгийн хэрэгцээтэй зүйлээ зарахгүй байгаа нь тун тоогүй.

Үйлдвэрийн маскыг дамлан худалдахыг хориглосон болохоос иргэдийг өөрсдийн гараар урласан маскаа худалдахыг хориглоогүй шүү дээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.