| |
БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутнаа эх оронд нь авчирлаа
Коронавирусээс болж ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал зарлаад байгаа. Яг энэ үед БНХАУ-ын Ухань хотод хөл хорионд орсон Монголын 31 оюутныг эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ-ын тал хүлээн авч,манай улсын агаарын тээврийн хөлгийг хоёрдугаар сарын 1-нд хүлээж авахаа мэдэгдсэн. Тиймээс бэлтгэлээ базаагаад хүлээж байсан "МИАТ” ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц нэгдүгээр сарын 31-ний шөнийн 00.30 цагт "Чингис хаан” нисэх онгоцны буудлаас Ухань руу хөөрсөн юм. Тусгай чиг үүргийн онгоцонд онцгой байдалд ажиллах үүрэгтэй багийнхан явсан бөгөөд коронавирусын голомтоос монгол оюутнуудаа аваад дөнгөж сая эх орондоо газардлаа. МИАТ компанийн Г.Баатарцогт даргатай экипаж энэ үүргийг гүйцэтгэж байгаа юм. Нутагтай хүн, эзэнтэй хүн, эх оронтой хүн ийм сайхан байдгийг хүний нутагт, халдварт өвчний голомтод хөл хорионд байсан монгол оюутнууд үнэхээр мэдэрч байгаа биз ээ.
Ер нь шинэ коронавирусын дэгдэлт, хэт хурдацтай тархалттай холбоотойгоор өвчин анх гарсан голомт болох Ухань хотоос, тэрчлэн БНХАУ-ын хөл хорио тогтоосон бүс нутгаасиргэдээ эргүүлэн татах ажил дэлхий даяар өрнөж байна. Тухайлбал, АНУ-ын Төрийн Департамент дипломат статус бүхий иргэдээ эх орон руугаа эргүүлэн татсан байх жишээтэй. Харин Австрали улс 600 орчим иргэнээ энэ долоо хоногт Уханиас эх орондоо аваачихаар болжээ.
Европын холбооноос хоёр удаагийн нислэгээр 350 иргэнээ аваад байна.Эхний нислэг нь 250 орчим франц иргэнийг зөөвөрлөх бол бусад нь европын холбооны гишүүн улс орнуудын иргэд болох 100 орчим хүн байгаа юм.Их Британи Улс 200 орчим иргэнээ Ухань хотоос татаж байгаа бол, АНУ Ухань хот дахь 1000 орчим иргэнийхээ 200 - г нь эх орондоо авчирсан байна. Харин Япон Улс тусгай үүргийн гурван онгоц илгээн 650 иргэнээ халдварын голомтоос эргүүлэн татжээ. Эдгээр иргэдийн гурав нь коронавирусын халдвар авсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
Өмнөд Солонгос Улс 700 орчим иргэнээ Ухань хотоос авчрах ажлаа эхлүүлээд байна. Тус улсад коронавирусын дөрвөн тохиолдол одоогоор бүртгэгджээ.