| |
Экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ
Өчигдөр Улсын онцгой комиссоос Монгол Улсад шинэ коронавирусын халдвар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 агийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж.
БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөрвөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна.
Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.