| |
Видео
Шинэ мэдээ
Баян, ядуугийн ялгаа нэмэгдэх хэрээр дундаж давхарга хумигдсаар
- Нийгмийн давхарга хооронд шилжих боломжийг нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засаг дараагийн 10 жилд таван хувиар илүү өсөх тооцоо гарчээ
- Манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа 2030 он гэхэд дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ хэмээн төлөвлөжээ. Хэрэв биелдэг бол бид аз жаргалын индексээр тогтмол тэргүүлдэг улс орнуудыг ч давж гарах нь
Хүмүүс нийгэм, эдийн засгийн байдал, гарал үүслээс үл хамааран амьдралаа дээшлүүлэх боломж бүхий нийгэм бий болгох нь асар их ашиг тустай төдийгүй эдийн засгийн өсөлтийг хэдэн зуун тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой болохыг Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид онцолж байна. Нийгмийн давхарга хооронд шилжих боломж буюу Social Mobility-г 10 хувиар нэмэгдүүлснээр дэлхийн эдийн засаг дараагийн 10 жилд таван хувиар илүү өсөх тооцоо гаргасан тухай чуулганы шинэхэн тайланд дурджээ. Нийт 82 орныг харьцуулсан энэхүү судалгаагаар Дани, Норвег, Швед, Финланд, Исланд зэрэг Скандинавын хойгийн орнууд тэргүүн эгнээнд жагссан байна. Нийгмийн давхарга хооронд шилжих боломжийг сайжруулснаар хамгийн их өгөөж хүртэх орноор БНХАУ, АНУ, Энэтхэгийг нэрлэжээ. Энэхүү үзүүлэлтийг сайжруулахын тулд илүү шударга цалингийн систем, нийгмийн халамж, насан туршийн боловсрол, ажлын таатай нөхцөл гэсэн дөрвөн зүйлд голлон анхаарах шаардлагатайг дурдсан байна. Хэрэв улс орнууд Social Mobility-г 10 пунктээр нэмэгдүүлж чадвал ирэх арванд ДНБ нь 4.4 хувиар өсөх тооцоог мөн гаргажээ. Эндээс хамгийн их өгөөж хүртэх нь өмнөд хөрш Хятад бөгөөд тус улсын эдийн засаг жилд 103 тэрбум буюу ирэх арванд бараг нэг их наяд ам.доллараар нэмэгдэх тооцоо байна. Тус улс жил бүр 10 сая орчим хүнийг ядуурлаас гаргаж буй нь нийгмийн давхарга хооронд шилжих боломжийг нэмэгдүүлсэн сонгодог жишээ юм. Гэхдээ бүхэлд нь харвал давхарга хоорондын шилжилт тийм ч таатай үр дүн үзүүлэхгүй байх магадлалтай. ДЭЗЧ-д зориулж хийсэн судалгаагаанд оролцогчдын 44 хувь нь ирээдүйн төлөв байдал өнөөгийн ээж, аавынх нь нөхцөл байдлаас дор байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Харамсалтай нь, энэ тайланд Монгол Улс багтсангүй. Өөрөөр хэлбэл, давхарга хооронд шилжих боломж Монголд хэр байдаг талаар нарийн тоо баримт алга. Тиймээс багцаалдсан, таамагласан л мэдээлэл гаргах боломжтой. Гайхалтай нь, эдүгээ Монголын дундаж давхарга нийт өрхийн 30-90 хувийг эзэлж буй гэсэн судалгаа байна. Эзлэх хувь ийм хол зөрүүтэй байгаа нь тооцох аргачлалаасаа шалтгаалдаг аж. ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс манай улсын нэг хүнд ногдох өдрийн орлогыг хамгийн сул хэмжүүрээр тооцоход дундаж давхаргын хэмжээ 85 хувьд хүрч байв. Харин уг аргачлалаа дэлхийн жишигтэй дүйцүүлж, орлогын өндөр үзүүлэлтээр хэмжвэл манай дундаж давхаргын эзлэх жин 30 хувь болтлоо буурсан байгаа юм. Нэг өдрийн орлогын тооцооноос хамаарч ийм эрс тэс дүн гарч байгаа нь энэ. Уг нь дундаж давхарга гэдэг улс орны хөгжлийг илтгэдэг гол үзүүлэлт. Учир нь дундаж давхарга ихтэй нийгэмд эдийн засгийн өсөлт илүү байдаг. Скандинавын орнуудад баян, ядуугийн ялгаа маш бага байдаг нь үүнтэй холбоотой. Харин манайд энэ ялгаа улам бүр ихэссээр буйг төрөл бүрийн судалгаанаас харж болно. Тухайлбал, Үндэсний статистикийн
хорооноос 2018 онд танилцуулсан судалгаанд нийт хүн амыг хэрэглээгээр нь 10 бүлэгт хуваан үзжээ. Хамгийн чинээлэг хэсгийн нэг хүн сард дунджаар 605.4 мянган төгрөг хэрэглэж байгаа бол хамгийн ядуу бүлгийн хүний сарын дундаж хэрэглээ 78.4 мянган төгрөг байв. Өөрөөр хэлбэл, ядуу бүлгийнхний хэрэглээ чинээлэг иргэдийнхээс 7.7 дахин бага байгаа юм. Орлогын тэгш бус байдлыг илэрхийлдэг жини коэффициент ч тогтмол сөрөг үзүүлэлттэй гарч байна. Уг үзүүлэлт бага байх тусмаа орлогын хуваарилалт тэгш байна гэж үздэг бөгөөд манай улсын хувьд энэ үзүүлэлт 1998 онд 30.3 хувь байсан бол 2016 онд 32.3 хувь болон өсчээ. Ганц хувийн өөрчлөлт улсын эдийн засагт асар чухал нөлөөтэй байдгийг бодолцвол орлогын тэгш бус байдал улам нэмэгдсээр байна гэсэн үг. Үр дүнд нь эдүгээ Монголд 900 мянга буюу нэг сая шахам хүн сард 166 мянга хүрэхгүй төгрөгөөр амьдралаа залгуулж буйг Дэлхийн банкны хийсэн судалгаа харуулсан.Дэлхийн эдийн засгийн чуулганы тооцоогоор 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбумд хүрч, 2009 оныхоос 6.2 дахин өснө. Энэ үед Хятад, Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн эрэлтийг тодорхойлох болно. Харин манай улс Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа 2030 он гэхэд дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ хэмээн төлөвлөжээ. Сэрчихгүй бол сайхан л зүүд гэдэг шиг хэрэв биелдэг бол бид аз жаргалын индексээр тогтмол тэргүүлдэг улс орнуудыг ч давж гарах нь. Дундаж давхаргын эзлэх хувиар дэлхийд тэргүүлдэг Австралид гэхэд энэ үзүүлэлт 66 хувьтай байдаг. Харин бид 80 хувьдаа яаж хүрэх, үүний тулд ямар бодлого хэрэгжүүлэх, үүнд хэдий хэр хөрөнгө зарцуулах талаар ямар ч тооцоо судалгаа алга. Товчхондоо бол цаасан дээрх мөрөөдлийн төлөвлөгөө л байна. Гэхдээ дээр дурдсан шиг орлогын хамгийн сул үзүүлэлтээр тооцоод 80 хувьд хүрлээ гэж зарлаж мэдэх л юм, манай дарга нар. Гэвч иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшин арай өөрийг илэрхийлээд байвал ямар ч сайхан тоон үзүүлэлт гаргаж тавиад нэмэргүй. Нийгмийн давхарга хооронд шилжих боломжийг нэмэгдүүлэх гол үзүүлэлтүүд Монголд ямар байгааг бодолцож үзье. Цалингийн шударга системээр лав Монгол Улс сүүл хавиар жагсана. НҮБ-аас хийсэн судалгаагаар монголчуудын сарын дундаж цалин 394 ам.доллар бөгөөд энэ нь судалгаанд хамрагдсан 72 орноос 66-д бичигдэх үзүүлэлт юм. Харин дэлхийн дундажтай харьцуулахад 3.5 дахин бага. Ийм нөхцөлд цалингийн шударга систем ярих нь хүмүүсийн уурыг хүргэхээс хэтрэхгүй. Нийгмийн халамжийн тухайд нийт хамрагддаг хүнээр нь тооцвол Монгол бараг дэлхийд тэргүүлэх байх. Дөрвөн монгол хүн тутмын нэг нь ямар нэг халамжид хамрагддаг гэсэн судалгаа ч бий. Гэхдээ халамж хэт хавтгайрсан, зорилтот түвшиндээ хүрдэггүй, хоёрын хооронд амсуулах төдий бага байдаг нь бид халамжийн тогтолцоондоо өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байна. Харин насан туршийн боловсролын үзүүлэлт харьцангуй гайгүй гарах байх. Нийт хүн амын ерөнхий боловсрол эзэмшсэн үзүүлэлтээр бид дэлхийд дээгүүр бичигддэг нь үүний шалтгаан. Гэхдээ орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчин бэлдэж чадаж байна уу гэвэл асуудал өөрөөр яригдана. Ажлын нөхцөл байдлын тухайд таатай гэж дүгнэхэд нэн хэцүү. Ингээд бодохоор ядуусын эгнээгээ багасгаж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх мөрөөдлийн төлөвлөгөөнд дорвитой ахиц дэвшил гарна гэсэн итгэл төрөхгүй л байна. Энэ зуур дэлхий нийт ирээдүйг илүү холоор харж, алсын бодлого төлөвлөгөөгөө хэдийн боловсруулж, тодорхой үр дүнд хүрээд эхэллээ. Хятад улс гэхэд сүүлийн тавхан жилд 60 сая хүнийг ядуурлаас гаргалаа. Үлдсэн 30 сая ядуу иргэнээ ойрын 2-3 жилд дундаж давхаргад шилжүүлнэ гэж байна. Энэтхэгт хэдийгээр 300 сая хүн нэн ядуу амьдарч байгаа ч сүүлийн таван жилд ядуусын тоо мөн л 50 орчим саяар багассан статистик байна. Харин Монголд баян, хоосны ялгаа улам ихсэж, дундаж давхарга нь ядуусын эгнээ рүү шилжсээр байна. Гэсэн атал ядуурал дорвитой буурах итгэл төрж өгөхгүй байгаа нь хамгийн том эмгэнэл юм даа.
Г.Баярсайхан
Засгийн газрын мэдээ