|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, мөрөөдөхөд учир бий

 

Л.Оюун-Эрдэнэ сайд аа, мөрөөдөхөд учир бий

 

Эрхэм сайд аа, дундаж давхаргыг 80 биш 8 хувь болгочих

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн төслийг Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг боловсруулж дуусаад байгаа. Одоо Засгийн газар хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэх юм. Энэхүү баримт бичгийн талаар Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулахдаа ёстой л олны дургүйг хүргэм асуудлыг ихээхэн хөндөж, энэхүү урт хугацааны бодлогын баримт бичиг, МАН-ын мөрийн хөтөлбөр хоёр уялдаа холбоотой мэт ярьсан.

Харамсалтай нь өнөөгийн эрх баригч МАН-ынхан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо мөрдлөгө болгоно хэмээж байсан мөрийн хөтөлбөр өнөөдөр хэрэгжиж байгаа, хэрэгжсэн гэж хэлэхэд хэтийдсэн асуудал гэдгийг олон нийт мэдэж байгаа.

Хамгийн энгийндээ ДНБ нэг хүнд ногдох нь 2050 онд 15 мянган ам,доллар хүрнэ гэж тооцоолсон гэж байгаа. Нийгмийн дундаж давхарыг 2050 онд 80 хувьд хүргэнэ л гэнэ. Сэрчихгүй бол ёстой сайхан зүүд.

Учир нь өмнөх парламентын үед Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Гэвч өнөөдөр дахиад л урт хугацааны бодлогын баримт бичиг гээд яриад байж байдаг нь төрийн залгамж халаа үгүй болж буйн тод илрэл.

2016 онд баталсан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргад хамаарч, эдийн засгийн өсөлт 6.6 хувиас доошгүй байхаар тооцсон байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 17.500 доллар хүргэнэ хэмээн тусгасан байдаг.

Харин өнөөдөр Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаагаар бол 2016 онд баталсан үзэл баримтлалаа 2030 он хэмээн ярьж  байснаа 2050 он болгон хойшлуулчихсан байна.

Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд Засгийн газрын "гал тогоо”-г атгаж байж яаж ийм хэмжээний төсөөлөл ярьж байгааг учир мэдэх хүмүүсийн хувьд ойлгоход тун бэрх ажээ. Улсын хөгжлийн бодлого байтугай хувь хүний мөрөөдөл ч гэхэд үнэндээ хэрэгжүүлэхэд хэт "сансрын” асуудал гэдэг нь илтэд ойлгомжтой. Өнөөдөр төсвөө бүрдүүлэхийн тулд арайхийн амьдралаа залгуулж буй иргэдийн халааснаас татвар, татаас нэрээр хэдэн төгрөгийг нь хумсалж, торгууль ногдуулж байгаа нь бодит байдал.

Шударга ёсны төлөө, МАНАН мафитай тэмцэнэ гэж чанга дуугарч, попорч явдаг Л.Оюун-Эрдэнийн хувьд хэрхэн яаж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, дундаж давхархыг бий болгох гээд байгааг нь ойлгоход ч бэрх. Хэдэн жилийн цаадах урт хугацааны бодлого байтугай сонгуулийн 4 жилийн мөрийн хөтөлбөрөө ч биелүүлж чадахгүйд хүрчихсэн МАН-ынханд хэн итгэж найдах болж байна вэ.

Хамгийн ойрын жишээ л гэхэд тэд "Улсын төсөв улайсан ч татвар нэмэхгүй” гэж байсан. Гэтэл 2020 оны улсын болон нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр иргэдээс авах НД-ийн шимтгэл, автозам ашигласны төлбөр зэргийг нэмнэ хэмээн багагүй бухимдал үүсгэсэн. Эрхгүй Ерөнхийлөгч хориг тавьснаар өдгөө тэрхүү асуудал намжаад байгаа.

Тийм байтал иргэдийг 2050 он хүртэл тайван амьдар гэж тавлаж буй мэт ярьж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайд  иргэдээ ядуурлаас гаргаад, дундаж давхаргыг 80 хувьд хүргэнэ гэж төсөөлсөн байх. Үнэн хэрэгтээ одоо байгаа дундаж давхаргын иргэдээ ядуурал руу түлхэж, эдийн засгийн уналтад орох суурийг энэ удаагийн эрх баригчид хийж байгааг хүн бүр мэдэж байгаа. Аль ч хүнсний дэлгүүрт ороход иргэдийн худалдан авах чадвар буурсан гэдгийг хэлээд өгнө. Энэ хэвээр үргэлжилбэл дундаж давхарга 80 хувь болж өсөх биш 8 хувьд хүртэл унаж ч мэдэхээр байгааг жирийсэн урт судалгааны тайлангууд бус жирийн иргэдийн амьдрал нотлоод байна. Дундаж давхаргыг дураараа удирдаж болдоггүй юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler