|
Видео

Шинэ мэдээ

Гуравдагч хөршийн бодлого 2019 онд

 
 

Гуравдагч хөршийн бодлого 2019 онд

 

  • ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийндалд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй 
  • "Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв


Гадаад бодлого, геополитик дээр ертөнц гүн хямралд орсон, хуваагдсан, хоёр их хөрш маань манай гуравдагч хөршүүдтэй зөрчилдөн дайсагнасан нөхцөлд ШХАБ-д жинхэллээ гэхэд бүрэн эрхт гишүүний хүлээх хариуцлага (ял) ямар болж ирэхийг бид мэдэхгүй. "ШХАБ-д элсэхээр ямар үр дагавартай вэ?” хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга хэлснийг хэрэгсэхгүй өнгөрч болохгүй. Элссэний дараах хариуцлагыг битүүхэн хэлсэн байх. ШХАБ-ын ерөнхий чиглэл хэний эсрэг, хэний төлөө вэ? 2005 онд Астанагийн саммитаас "Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын Бүгд Найрамдах улсуудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” гэгчийг батлан гаргаж бай жээ. Энэ нь хоёр талын харилцааны аливаа, ямар ч асуудлыг шийдвэрлэх платформ болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй хэмээх анхны тохиролцоог Оросын шаардлагаар (Орос-Америкийн харилцаанд АНУ-ыг шахах дарамтлах) зөрчсөн анхны алхам болжээ. Ийнхүү ШХАБ нь АНУ ба өрнөдийн эсрэг ажиллаж мэдэх цэрэг-улс төрийн эвслийн далд дүрээ олж авсан гэж үзэх бүрэн үндэстэй. Уг саммитаар Иран, Энэтхэг, Пакистан нь ажиглагчийн статустай болсон. АНУ-ын цэргийн баазтай холбогдуулан гаргасан тэрхүү тунхаглал нь өрнөдийг сөрсөн, хэрэг дээрээ тулган шаардсан геополитикийн анхны ультиматум нь байсан билээ. Яг ийм фонон дээр Монгол-Америкийн улс төрийн харилцаа, стратегийн түншлэл, батлан хамгаалахын харилцааг аваад үз дээ. Сөргүүллээ хэмээн намайг зэмлэх байх. Сөргүүлж байгаа бус, яг бодитой байгааг нь бичиж байна. Бүгд баримт, эх сурвалжтай. Баярхүүгийн санаанаасаа гаргаад ирсэн нэг ч мөр байхгүй. 2019 оноо дүгнэн бичиж байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг энд давтан бичихгүй. 2019 оны хувьд түүний айлчлал Монгол-Америкийн харилцааны хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлсэн. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын командлагч адмирал Филип С.Дэвидсон зургадугаар сарын 13-нд Монголд "морилсон”. Дэс дарааллаараа бол тэрбээр цэргийн талаас АНУ-ын гурав дахь том хүн. Ерөнхийлөгч, Штабуудын дарга нарын хорооны даргын (Жанжин штабын дарга гэсэн үг) дараа энэ нөхөр орох байх, араас нь Европ дахь цэргийн командлагч нь. Адмирал Дэвидсон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан. Манай төрийн дээд албан тушаалтан, Засгийн газрын гишүүд, цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлал болон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын хамтран зохион байгуулж буй олон улсын энхийг сахиулах "Хааны Эрэлд” цэргийн сургуулилтын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцсон. Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын стратеги нь бүс нутагт чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын хэв журам сахиулж түгээн дэлгэрүүлэхэд чухал бааз суурь болох явдал юм. Ингэхийн тулд Монгол-Америкийн хоорондын бат бөх түншлэл болон чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагаан дээр суурилж хамтран ажиллах учиртай. АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын үйл ажиллагааны цар хүрээ нь АНУ-ын баруун эргээс Энэтхэгийн баруун хязгаарын хил болон Антарктидаас Хойд туйл хүртэл дэлхийн гадаргуун тэн хагас болох далай тэнгисийг хүртэлх бүсийг хамардаг. АНУ-ын цэргийн эл командлал нь АНУ-ын Зэвсэгт хүчний газар зүйн байршлаар хуваагдсан Нэгдсэн цэргийн зургаан командлалын нэг нь юм. Адмирал Дэвидсон нь Энэтхэг-Ази-Номхон далайн бүсийн АНУ-ын цэргийн ахлах дээд албан тушаалтан бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгчид ажлаа тайлагнадаг. АНУ-ын Номхон далайн тэнгисийн цэргийн флот, АНУ-ын Номхон далайн агаарын цэргийн хүчин, АНУ-ын Номхон далайн арми болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн хүчин гэсэн дөрвөн командлалаас бүрддэг. Эдгээр цэргийн командлал нь Хавай мужид төвлөрдөг бөгөөд тухайн хүчний баазууд нь бүс нутагт суурин болон түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаа явуулдаг гэхчлэн манай БХЯ-наас хэвлэлд өгсөн мэдээлэлд дэлгэрэнгүй бичжээ. Мөн түүнтэй давхцан манай улсад айлчилсан АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлэн төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэсэн мэдээ явж байсан.АНУ-ын БХЯ-наас 55 хуудас бүхий "Indo-Pacific Strategy Report” тайланг танилцуулсан. Д.Трампын засаг захиргаанаас Энэтхэг, Номхон Далайн бүс нутагт аюулгүй байдлын чиглэлээр явуулж буй бодлогын талаар тайлбарахдаа "Түншлэлийг бэхжүүлэх” хэсэгт "Энэтхэг, Номхон Далайн бүс нутгийн Сингапур, Тайвань, Шинэ Зеланд, Монгол гэсэн дөрвөн улстай түншлэлээ улам бэхжүүллээ” хэмээн бичжээ. "Дээрх дөрвөн улс нь дэлхий дахинд АНУ-ын явуулж буй ажиллагаануудад оролцож, олон улсад нээлттэй, чөлөөт дэг журам тогтоож буй үйлсийг идэвхтэй дэмждэг, найдвартай, чадварлаг түншүүд” гэж үнэлсэн байх юм. Бүс нутгийн эл дөрвөн улстай түншлэлээ өргөжүүлэх бодлого баримтлна, Трампын засаг захиргаа Ази, Номхон Далайн бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах бодлого эрчимтэй явуулж байна. Бүс нутгийн нэр томъёог хоёр жилийн өмнөөс "Энэтхэг, Номхон далайн бүс” хэмээн өөрчлөн нэрлэх болсон нь Ази тивд Хятадын нөлөөг бууруулах зорилгынх нь нэг илрэл гэж тэнд бичээтэй байгаа ШХАБ-ын түнш, хил залгаа, найрсаг харилцаат Хятадыг шууд нэрлэж чичлэсэн хэрэг юм. Эл сурвалжлага нийтлэгдсэний дараахан "Why the US Should Build on Its Role as Mongolia’s "Third Neighbor” гэсэн гарчиг бүхий лут өгүүлэл америкийн нэг судлаач бичжээ. Залгуулаад Монголд АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Элчин сайд Жон Болтон (одоо бол биш) морилж, хамгийн түрүүнд Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ. Энэ айлчлал АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй, эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон, ялангуяа цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун буй, АНУ-ын зүгээс Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдэг, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав гэсэн албан ёсны мэдээ явж байсныг бид уншсан. Гэтэл БХЯ-дын харилцаа юу юугүй дараагийн шатныхаа хамтын ажиллагаа руугаа шилжиж, АНУ-ын Батлан хамгаалахын шинэ сайд Марк Эспер Монгол Улсад айлчилжээ. Тэрээр твиттерийн жиргээндээ: "Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно!” гэcэн нь чухамдаа ШХАБ-ын 2005 оны Астанагийн саммитаас "Төв Ази дахь хуучин Зөвлөлт Холбоот Улсын БНУ-уудаас америкийн цэргийн баазыг гаргах хугацааг товлохыг АНУ-д уриалсан тунхаглал” мэт эрх зүйн баримт бичиг, актууд Монгол-Америкийн харилцаанд хамаарахгүй ээ гэсэнтэй агаар нэгэн дуулдаж байв.

Олхонуд Баярхүү

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler