|
Видео

Шинэ мэдээ

ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГАА


 Дундговь аймгийн Өлзийт сумын баруун өмнөд хэсэгт байдаг Дэл, Хөнжил гэж хоорондоо ойрхон зэрэгцээ орших хоёр уул бий. Гаднаас нь харахад хаа ч байдаг  бэсрэгхэн уулс. Нутгийнхан нь Хөнжилийн хяр, Дэлийн хяр гэдэг. Дэл, Хөнжилийн аль алиных нь багахан хэсэг нь Өмнөговь аймгийн Манлай, Цогт-овоо, Цогтцэций сумын нутагт ордог юм. Мөн энэ хоёр уулаас арав хүрэхгүй км зайтай чандмалан орших нэгэн хайрханыг Буурал угал хэмээдэг. Энэ гурван ууланд  монголчуудыг төдийгүй хүн төрөлхтнийг гайхшруулах хэд хэдэн гайхамшиг бий. Үүнээс зөвхөн Дэл уулын тухай товч дурдах гэсэн юм.

ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГАА Дэл уул нь хадны зураг, булш, хиригсүүр, гэрэлт хөшөө зэрэг түүх соёлын дурсгал элбэгтэй, байгалийн сонин тогтоц олонтой, аргал, янгир, хар сүүлт гөрөөс зэрэг ховор ан амьтан элбэгтэй, эмийн төрөл бүрийн ургамалтай зэрэг эко системийн хувьд Монголд нэлээн ховорд тооцогдох өвөрмөц нутаг. 

Дэл уулын Булаг Билүүн, Зүүн Билүүн хэмээх уртаашаа 10 км өргөөшөө 8 км хэсэгхэн газарт байдаг 5000 орчим нэж багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн гэж судлаачид тогтоосон байдаг. Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон рунни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морь тэрэг зэрэг судлаачдын анхаарал татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.

Хадны зурагнаас гадна энд шоргоолжин болон дөрвөлжин булш, хиригсүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдүүдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий.

 

ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГАА
ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГААДэл уулын хадны зургийн судалгаа 1960-аад оноос эрдэмтэн  А.П.Окладников, Э.А.Новгородова, Н.Сэр-Оджав, Д.Дорж нар, 1980-аад оны сүүлээс Д.Хүүхэнбаатар, Т.Санжмятав, В.В.Волков нар судалж эхэлсэн. 1990 оноос МУИС-ийн Түүхийн ангийн оюутнууд профессор Д.Хүүхэнбаатарын удирдлаган дор багш Санжмятавын Бат-Эрдэнийн хамт Монголын түүх, соёлын дурсгалтай танилцах дадлагыг хийх болжээ.

Энэ цаг үеэс хадны зураг, бичгийн дурсгалын судалгаанд оюутнууд идэвхтэй оролцох болж 1995 онд Түрэгийн үеийн руни үсгийн I бичээсийг оюутан Ю.Болдбаатар уншиж тайлсан бол III дурсгалыг доктор Д.Хүүхэнбаатар, Ю.Болдбаатар, II, IY, Y бичээс мөн Жирмийн худгийн бичээсийг доктор Ц.Баттулга нар уншиж судалсан байна. Түүнчлэн гэрийн сууцны зургийн талаар И.Жанболот, Жигмэддорж, Баатархүү нар, цэргийн аяны тухай доктор Б.Батсүрэн, Д.Хүүхэнбаатар нар эрдэм шинжилгээний өгүүлэл бичжээ. Мөн доктор Д.Сүхбаатар Дэл уулын хадны зургаар сургалтын баримтат кино, гэрэл зургийн цомог гаргасан байна.

МУ-ын Засгийн газрын 2008 оны 175 дугаар тогтоолоор шинэчлэгдэн баталсан Улсын хамгаалалтад авах түүх соёлын дурсгалт газруудын жагсаалтад Дэл уулын Баруун Билүүний хадны зураг рунни бичээс, Хамар ус, 32 хүн хөшөөт хэмээх газар орших хадны зураг, буган чулуун хөшөө цогцолбор дурсгалыг оруулсан байдаг.

ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГАА
ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГАА
ДУНДГОВИЙН ДОЛООН ГАЙХАМШГИЙН НЭГ ДЭЛ УУЛ ДЭЛХИЙД ГАРАХ ДӨХӨЖ БАЙГААДэл уулын тэр багаахан хэсэг газарт хадны зургийг
хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе, хүннүгийн үед зэрэг хоорондоо хэдэн мянган жилийн зайтайгаар дахин дахин зураад байсан нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдаг юм билээ. Яг энэ хэсэгт хүн оршин суух байгалийн зохицолдоо сайтай, ан амьтан элбэгтэй, шүтлэгийн аливаа үйл хийх нөхцөл бүрдсэн зэрэг давуу талтайгаас гадна олон тооны хадны зурагтай энэ орчин бол эерэг энерги хуримтлагдсан газар хэмээн зарим судлаачид үзсэн байдаг. Дэлхийн энергийн урсгалын төв хэсэг хэмээгддэг Хамрын хийд, Дэмчигийн хийд, Онгийн хийд зэрэг монголын говийн өвөрмөц газруудын нэгд Дэл, Хөнжил, Буурал угалз хэмээх энэ газрууд орох магадлалтай юм шиг санагддаг.

 Дэл, Хөнжил нутгийнхан өөрсдийгөө Улзын буриадууд, Хөвсгөлийн дархдууд, Алтайнхан гэдэг шиг "Дэл Хөнжилийнхөн” гэдэг. Энэ нутагт төрөгсөд аль ч үедээ ухаалаг, оюунлаг, ажилсаг, онцгой авьяас чадвартан элбэгтэй байсан тухай ард олны дунд үе дамжин яригдаж ирсэн домог, хууч яриа элбэг байдаг. Зөвхөн бидний мэдэх сүүлийн 100 жилд энэ нутгийнхнаас төрж гарсан алдартнууд гэхэд тухайн үедээ МУ-ын тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан МУ-ын баатар эмэгтэй Т.Бор, говь нутгаас улсын наадамд олон жил дараалан сайн барилдаж улсад түрүүлж байсан Улсын арслан Г.Дэмүүл, Монгол төрийн алтан жолоон дээр сууж байсан Ерөнхий сайд Ж.Наранцацралт, Ардын жүжигчин Н.Дагийранз, Төрийн шагналт зохиолч Д.Нямаа болон урлаг, утга зохиол, эрүүлийг хамгаалах, соёл, боловсрол, хөдөө аж ахуйн салбараас төрсөн МУ-ын Гавьяат цолтон 10 гаруй хүн байна. Мөн Дэл уулынхнаас түүх, эдийн засаг, боловсрол, анагаах, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, сайд, орлогч сайд зэрэг төрийн зүтгэлтнүүд төрсөн байдаг. Дэл Хөнжилд байсан Далайн болон Баруун билүүний хийдүүдэд тухайн үеийн шашны зүтгэлтэн, мяндагтнууд, хутагт хувилгаад, эрдэм номтой лам нар олон байсан тухай түүхийн баримт бий. 
Энэ нутагт Говийн ноён хутагт, Цогт хун тайж гээд түүхэнд нэр нь үлдсэн хүмүүсийн нэр, үйл хэрэгтэй холбоотой түүхийн дурсгалууд бий. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн анх дугаар дүр буюу нэгдүгээр ноён хутагт Агваангончиг гэгч Хөнжил уулын зүүн үзүүр орчимд Өмнөговийн Манлай сумын нутагт төрж насанд хүрсэн хойноо  Жавхлант хонгор гэдэг газарт 1666 онд хийд байгуулж байжээ. Дэл Хөнжилийн дунд  байдаг Буянтын их овооны ард Чулуун сүм хэмээх маш өвөрмөц нарийн хийцтэй нэгэн томоохон байшингийн үлдэгдэл туурь бий. Үүнийг Цогт хун тайж урагш явахдаа замын буудал маягаар байгуулж хэсэг хугацаанд амьдарч байсан хэмээн зарим түүхчид үздэг юм билээ. 
Дэл Хөнжил уул нь хажуудаа төрж өссөн байтугай зорьж очсон хүмүүст хишиг буянаа харамгүй хүртээдэг нутаг. Сүүлийн жилүүдэд энэ нутгийн тухай эерэг сайхан мэдээлэл ихээр цацагдах болсонтой холбогдуулан Дэл Хөнжилийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсэн. Манай нутаг очсон хүн бүрт хишиг буянаа харамгүй хүртээдэг газар. Энэ талаар олон жишээ байгаа боловч энд зөвхөн хоёрхон жишээг дурдъя.

Миний бие өөрийн төрж өссөн Дэл уул хэмээх энэ нутаг усыг олон түмэнд таниулах, хадны зургийн учир начир, гайхамшгийг урлагаар дамжуулан олон түмэнд таниулах зорилго тавин ажилласан юм. Тэдгээрийн нэг нь Дэл уулын "32 хүнг” гэдэг хадны зурагнаас сэдэвлэсэн "Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжиг юм. Энэ бүжгэн жүжгийн цомнолыг нь бичсэн доктор С.Дулам гуай Ардын багш, бүжгэн жүжгийг дэглэсэн бүжиг дэглээч Д.Энхгэрэл Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тус тус хүртэж, хөгжмийн зохиолч, зураач, хувцасны дизайнерууд нь төрийн одон хүртэцгээсэн. Хөгжмийн зохиол нь "Алтан намар” хөгжмийн наадмын тэргүүн шагнал хүртсэн төдийгүй энэ бүжгэн жүжиг нь монголын төдийгүй дэлхийн бүжгийн урлагт шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулсан тул 2019 оны 10-р сард Парис дахь ЮНЕСКО-гийн төв байрны урлагийн тайзан дээр тоглогдохоор уригдаад байна. Дэл уулын хадны зураг ЮНЕСКО-гийн хамгаалалтад орох урьдчилсан бүртгэлд бүртгэгдээд үед энэ нутгийн нэгэн хадны зураг нь дэлхийн урлагийн тайзан дээр амилах нь цаашид олон сайхан юмны эхлэл байж болох юм. 

Хадны зургаар баримтат кино хийж гаршсан кино найруулагч "Сэмүүн” студын захирал Банзрагчийн Баяр нь Дэлийн хадны зургийн тухай "Дэл Хөнжилийн эрдэнэс” хэмээх баримтат кино хийхээр сэтгэл, зүтгэл гарган хэд хэдэн удаа очсон. Б.Баяр дэлхийн киноны ноён оргилууд цуглардаг алдарт Каннын кино наадам, Италд хадны зургийн аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн яармаг, Болгарын Сочийн кино наадмуудад оролцож зарим уран бүтээл нь шагнал хүртэж байсан удаатай.

Дэл уулын баруун Билүүнд очиж хоноглоод өглөө босоход гадуур нь аргаль, янгир бэлчиж байхыг хараад ихэд бэлэгшээж байсан эмээ маань удалгүй гавьяат хүртсэн гэж МУ-ын гавьяат багш Дашдаваагийн Жуужаа багшийн зээ хүү МУИС-ийн Хуулийн сургуулийн захирал доктор, профессор Ж.Эрдэнэбулган ярьж байсан. Улсад 40-өөд жил ажилласан эдүгээ 88 настай Жуужаа багш бол Дэл, Хөнжилийхнөөс төрсөн 10 дахь гавьяат цолтон нь юм. Ийм жишээ олныг дурдаж болно.Ингэж сайн санаж, хэрэг болгож очсон хэн болгонд манай нутаг "сайн санааны үзүүрт шар тос” хүртээдэг нь үнэн.

Дэл Хөнжил нутгийнхаа тухай энэ нутгаас төрсөн нутгаа гэсэн сайн санаатнууд нь олон түмэнд шагшин магтаж, Дэлийн хадны зураг нь бүжиг, зураг, үзэсгэлэн, үзмэр, кино болон амилж эхэлсэн энэ цаг үед Дэл Хөнжил нутагт сүүлийн гурван жил дараалан бороо ногоо элбэгтэй маш сайхан зун болж, өвөл нь ойр хавийн аймаг, сумын олон айл, мал ирж өвөлждөг болсон нь зүгээр нэг тохиолдол биш ч байж магадгүй.

 Энэ нутгийн гайхамшигт эрчис хүч, энерги ид шид нь тодорхой цаг хугацаанд олон түмэнд ил гарч мэдрэгдэх тухай эртний ном судар, Богдуудын бошиг, хутагт хувилгаадын мэргэ төлөг, нутгийн олон түмний өгүүлдэг домог, яриа үнэн байж болзошгүй нь зарим талаар батлагдаж мэдрэгдэж эхлээд байх шиг санагддаг. 

Хөнжил уулын энгэрт байдаг Өмнөговь, Дундговийн зааг дээр байдаг "Хармагтай” хэмээх газарт монголд төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох алт, зэсний уурхай ашиглалтад орох гэж байгаа тухай ид шуугиж байна. Дээр үеэс бидний сонсож ирсэн Хөнжилийн баялаг хөрсөн доороо бий, Дэлийн гайхамшиг газар дээрээ байдаг хэмээх нэгэн домог яриа үнэн болох нь одоо батлагдаж байна. 2016 оны наймдугаар сард Дэл, Хөнжилийн дунд байдаг Их хөх цавын нэгэн жалганаас урд хөршид үйлдвэрлэгдсэн Ёншгойт гэдэг мөнгөн зоос хэдэн мянган ширхгээрээ гарч ирж нутгийн зон олон 400 зуун сая төгрөгийн гэнэтийн хишиг хүртсэн удаа бий. 

Дэл уултай залгаа говийн алдарт Цагаан суварга оршдог Цагаан суварга бол хэдэн зуун метр үргэлжлэх, 70-80 метрийн өндөр эгц цавчим босоо өнгө алагласан шавар ханан эрэг бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газар юм. 
Энэ орчим нь эртний үлэг гүрвэлийн орон, аварга амьтдын өлгий нутаг болох нь батлагддаг юм гэсэн. Цагаан суварга монголын аялал жуулчлалын бүсэд хамрагдан жил бүр гадаад дотоодын олон мянган жуулчин очиж үздэг газар болоод удаж байна. Цагаан суварга хайрхан нь өөрийн гоо үзэсгэлэнгээрээ монголчуудыг байтугай гадаадынхны анхаарлын төвд орсон бол зэрэгцэн орших түүх соёлын нандин өв, байгалийн далд эрч хүчийн хосгүй гайхамшгийг агуулсан Дэл уул маань удахгүй дэлхийд данслагдаж олон улсын хамгаалалтад орох цаг дөхөж байна. Энэхүү хүсэл мөрөөдөл маань тун удахгүй биелнэ гэдэгт тун их итгэлтэй байна.

2019 он

 

"Дэл уулын гайхамшиг” ТББ-ын Гүйцэтгэх захирал Бичээчийн Батмөнх

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler