| |
Энэ 7 хоногт зам тээврийн ослоор 9 хүн амиа алджээ!
2019 оны есдүгээр сарын 9-13-ны хооронд зам тээврийн ослын улмаас 32 хүн гэмтэж, есөн хүн амиа алджээ. Үүнээс 8 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай явдал болжээ.
Тухайлбал, Завхан аймгийн Баянтэс сумын шороон замд Toyota Land Cruiser-80 автомашины жолооч явган зорчигч 1 нас 5 сартай эрэгтэй хүүхдийг, нийслэлийн Баянзүрх дүүрэг, Хужирбулангийн замд Subaru Forester автомашины жолооч явган зорчигч 13 настай эрэгтэй хүүхдийг тус тус мөргөж амь насыг нь хохироожээ.
Энэ өдрүүдэд онхолдсоны улмаас дөрвөн хүн амь насаа алдсан байна.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт Dayung маркийн мотоцикл онхолдож, жолооч 38 настай, эрэгтэй Э, Архангай аймгийн Хангай суманд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин онхолдож зорчигч 30 настай, эмэгтэй О, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож жолооч 59 настай, эрэгтэй Д, Ховд аймгийн Буянт суманд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож зорчигч 35 настай, Д нар амиа алджээ.
Түүнчлэн Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт Хаожи маркийн мотоциклийн жолооч Б нь, явган зорчигч 49 настай, эмэгтэй М-г мөргөж, нийслэлийн Хан-Уул дүүрэг, Яармагийн гудамж орчимд Toyota Land Cruiser-200 автомашины жолооч Д нь явган зорчигч 33 настай, эрэгтэй Ү-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.6 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.3 хувиар, гэмтсэн хүний тоо 14.2 хувиар, нас барсан хүний тоо 12.5 хувиар тус тус өсжээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 122 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Эх сурвалж: ТЦА