|
Видео

Шинэ мэдээ

Мэргэшсэн АВЛИГАЧИД Мэргэжлийн хяналтад ҮҮРЛЭЖЭЭ

Мэргэшсэн АВЛИГАЧИД Мэргэжлийн хяналтад ҮҮРЛЭЖЭЭ

 

Монголын төрд данстай ТОМ авлигачид нууц мөнгөө гадаадын оффшор дансанд нуудаг бол ДУНД шатны авлигачид нь оймсондоо нуудаг болохыг баримтжуулсан бичлэгийг та бид өчигдөр /2019.07.29/ нүдээрээ үзэв. Өглөө бүрийг шинэ бичлэгтэйгээр угтдаг болсон цахим орчинд оймсондоо хавчуулсан авлигын мөнгөөр наадам наргиан хийгсэд ч цөөнгүй байна. Уг нь энэ бичлэг дээрх ил тод харагдаж буй зүйл инээдэм биш эмгэнэл л дээ. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө хийгдсэн уг бичлэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өдгөө цацаж буй нь ардаа ямар нэг зорилго агуулж байж болох ч хуулийг сахиж, ёс зүйг баримтлан ажиллана гэж үүрэг хүлээсэн Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэшсэн авлигачидтай болохыг ил тод харуулсныг нь онцолж харах шаардлагатай байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилгыг нь сонирхож үзэхэд "Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн байх юм.

Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар тэрбум төгрөгөөр хэмжигдэх авлига авчихсан байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэхүү эрхэм зорилго угаадастай хутгалдаж харагдаж байна.

Юуны чинь хууль сахиулах, юуны чинь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх. Бодит байдал дээр хуулийг гууль болгож, иргэдийнхээ ходоод руу орох хоол хүнсийг хороор солихыг зөвшөөрч, тэд авлига авсныг хуулийн байгууллагын мэдээлэл бататгаж байгаа юм.

Авлигын мөнгөнийхөө нэг хэсгийг оймсондоо нуусан үедээ баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт АТГ-аас  нэгжлэг хийх явцад зочны өрөөнөөс нь 16.460 ам.доллар,  таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс нь 17.5 сая төгрөг,  сейфнээс нь 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс  нь 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан бол МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны "Рапид" хотхоны орон сууцанд нэгжлэг хийхэд 57.4 сая төгрөг, 20 мянган  юань илэрснийг АТГ мэдээлсэн.

Тэд энэ мөнгийг хэнээс, ямар хариу үйлчилгээ үзүүлэхээр авсан бэ гэдэг асуудал анхаарал татахтай зэрэгцэн тэдний авлигын үйл ажиллагаанаас үүдэн хэн хохирч байгаа вэ гэдэг асуулт хариулт нэхнэ.

Тэгвэл Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Э.Аззаяа, Н.Баярсайхан, С.Бүрэнтөгс, Б.Элдэв-Очир нарын Мэргэжлийн хяналтын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлж, хясан боогдуулах замаар тэрбум төгрөгийн хахууль авсан нь ил болжээ. Тодруулбал, Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн компаниудад зөвшөөрөл олгох үйл явцыг зорилготойгоор удааж, улмаар хахууль авч зөвшөөрөл олгож байсан аж.

Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах хоол хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөл хүссэн компаниудад зөвшөөрөл олгохгүй байх хуулийн үндэслэл байсан уу гэдэг асуудал энд гарч ирнэ. Стандарт хангахгүй асуудалтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхгүй байх ёстой. Хэрэв зөрчил бүхий хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулж ирэхийг зөвшөөрсөн бол Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын нэр бүхий этгээдүүд иргэдийн эрүүл амьдрах эрхэнд халдсан байна. Түүнээс гадна авлигын хэрэг үйлджээ.

Харин тэдэнд хуулийн байгууллагаас оногдуулсан ял зэмийг харахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг  хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин оймсондоо, унтлагын өрөөндөө, гэрийнхээ сэйфэнд гэхчлэн боломжит бүхий л газраа авлигын мөнгө нуусан Н.Баярсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 2017 онд илчлэгдсэн энэ хэргийг шүүх хоёр сарын гаруйн өмнө буюу 2019.05.07-нд шийдвэрлэсэн гэсэн үг.

Мэргэжлийн хяналтын газарт үүрлэж байгаад баригдсан мэргэшсэн авлигачид ийм л шийтгэл хүлээжээ. Ер нь Мэргэжлийн хяналт гэдэг газар яг юу хийдэг юм бэ. Иргэдийг, компаниудыг шантаажлан тэрбум тэрбумын авлигачдыг төрүүлэхийн тулд оршин тогтнож байгаа газар уу? Цөөн хэдэн албан тушаалтных нь авлигын хэмжээ ийм байхад цаана нь хэчнээн авлигачин байцаагчид дотуур хувцсандаа мөнгө нууж өрөөнөөс гарсан бол? Мэргэжлийн хяналтын авлигачид зөвхөн Н.Баярсайхан, Э.Аззаяа нараар тогтохгүй гэдгийг дахиад хэлье. Хамар доороос нь авлигачид төрж, үржиж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та мэдэж баймаар юм.

 "Монгол төрийн авлигыг одоогийн түвшнээс нь багасгана гэдэг  зүүд мэт...”  хэмээн эдийн засагч Д.Лхагвасүрэн бичсэн байсан санагдаж байна. Төрийн нэг л байгууллагын хоёр гурван авлигачдын орон гэр, оймсноос л тэрбум төгрөг гарч байгааг харахад эдийн засагчийн энэ үг эрхгүй санаанд буулаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэргэшсэн авлигачдаас ангижирч, мэргэжлийн ажлаа хийх цаг хэзээ вэ?  

 
Zindaa.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler