|
Видео

Шинэ мэдээ

Охиддоо гологдсон Монгол залуус…

 

Охиддоо гологдсон Монгол залуус…

 

Би залуусаа (өөрийгөө) голох гэсэн юм. Залуус эрдэм бус хар тамхи өвөртлөн ирж дэлхий нийтэд хулгайч, танхайрагч, ёс зүйгүй нэгэн гэсэн тодотголыг Монголчуудад өгч байна.
Хатад гоо охиддоо ч гологдох цаг ирсэн нь гунигтай. Бид нэг зүйлийг ойлгох цаг нь болжээ. Гоё сайхан машинтай, ганган сайхан хувцастай, агсарч суулаа гээд эр хүн болчихдоггүй юм байна. Хуучин цагт морин дэл дээрээ дэлхийг эзэлж байсан ч дахин морин дээрээс эзлэхгүй нь тодорхой болжээ. Иймд мориноосоо буух цаг нь болсон бололтой.
Биднийг ухаарах гэсээр байтал хамаг сайхан охидоо алдаад дууслаа.
Үүний гол шалтгаан нь боловсрол. Боловсролын сайд уу, ерөнхийлөгч үү. Үгүй ээ. Энэ хэн нэгний буруу биш бидний өөрсдийн алдаа. Ээж аавдаа сүү авч орохын оронд цаг зуурын нөхөрлөлд саатаж, эрдэм ном сурч, номын нөхөр болохын оронд шилэн савны эзэн болсон нь бидний алдаа.
Боловсрол гэдэгт би үнэгүйдсэн олон диплом, хаанаас ирсэн нь тодорхойгүй цаасыг хэлсэнгүй. Мэргэжлийн мэдлэгээс гадна ёс зүй, цаг барих, зөрөөд өнгөрөх нэгнээ ойлгох, хүний хэлснийг авч гээхийн ухаанаар хандах, бусдыг хайрлах, хаа хамаагүй ярианд итгэхгүй байхыг нэгэн ёсны боловсрол гэнэ байх.
Аагч агсарч, машинтайгаа давхиж явах хооронд охид маань толгойгоороо биднээс хол илүү гарчихжээ. Үүнийг хэд хэдэн гаднын нийтлэлүүд ч дурдсан. Биеэр мэдэрсэн жишээ нь, аль ч хот улсад байгаа Монголчуудын ном уншаад уулздаг уулзалтад хорин хүнээс хоёр нь л эрэгтэй хүн байна. Харин баар саван дахь залуусын тоог хэлээд хэрэггүй биз.
Угаас эмэгтэй хүн өөрөөс илүү (ухаалаг, г.м) хүн сонирхдогийг хэн хүнгүй мэднэ. Харин Монгол охидод өөрөөс нь илүү гарах залуу цөөн болж ханилах хүн олдсонгүй.
Харь улсын хүнээс оллоо. Тэд өөрсдийгөө хөгжүүлж, тэгш эрх, ёс зүйг их сайн ойлгодог, бас бусдыг хайрлахыг ойлгодог болохоор тэр биз.
Охид маань биднээс олон зүйл хүсдэггүй байх. Хар усанд толгойгоо мэдүүлэлгүй хариуцлагатай байж, ухаалгаар амьдралаа чиглүүлж, өөрийгөө хөгжүүлж, жижиг зүйлд ч сэтгэл гаргаасай л гэж хүсэх болов уу?
Одоо больё.
Үүнийг зогсоох арга нь ердөө л ойлгох. Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх биш эрүүл байж өөрийгөө хайрлая. Машинаар гангарч уралдах биш эрдмээр гангарч хажуудаа байгаа Хатаддаа Баатар нь болж яагаад болохгүй гэж.
Өөрчлөгдье.
Биеийн амрыг харж амьдарч, өнөөдрийн жаргалыг илүүд үзэх бус мөрөөдлөөрөө цадаж хорвоо дэлхийг Монголоороо гоёцгооё… Зөрөөд өнгөрөх нэгнээ хайрлаж, хүндэлцгээе.
Ичих нүүрээ элгэндээ наан энэхүү нийтлэлийг бичив.

 

Охиддоо хандаж хэлэхэд сагсуурч яваа тэр нэгэн залууд чи боловсролоороо гологдоод байна шүү гэдгийг нь нүүрэн дээр нь хэлчхэж байгаарай. Элдэв хүчирхийлэлгүй, айх аюулгүй тийм л нийгэм хэрэгтэй байна. Үүнийг бүтээх амархан. Өөрчлөгдөх.
Энэхүү нийтлэлийг минь уншаад унтууцах нөхөд минь намайг уучлаарай. Бүх хүнийг ийм гэж хэлээгүйн учир авах гээхийн ухаанаар хандаарай.
О.Тэргэл

 
Undesten.mn
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.