|
Видео

Шинэ мэдээ

“Шүгэл үлээгч”-ийг хуулиар хамгаалдаг болно


Шударга ёсны төлөө эрх бүхий байгууллагад баримт нотолгоо, үндэслэл бүхий мэдээлэл өгсөн мэдээлэгчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй байна. Тэгвэл АТГ-аас "шүгэл үлээгч” буюу мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулах талаар өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Авлига нь нууц хэлбэрээр үйлдэгдэж байдаг гэмт хэрэг. Харин тухайн нууцыг дэлгэн тавих нь шүгэл үлээгчийн хувьд эрсдэл дагуулж байдаг. Тиймээс мэдээлэгчийг хамгаалах хууль одоогийн цаг үед чухал шаардлагатай байна. 

Олон улсад шүгэл үлээгчийг хамгаалах хуультай төдийгүй энэ төрлийн гэмт хэргийн мэдээлэгчийг хамгаалаад зогсохгүй, шагнаж урамшуулдаг тогтолцоо аль хэдийнэ бий болжээ.

"Шүгэл үлээгч” нь  аль нэг байгууллагын дотоодод бугшсан зүй бус үйлдэл, сэжиг бүхий луйвар, хууль бус үйлдлийг эсэргүүцэгчийг хэлдэг. Ийм шүгэл үлээгчдийг тухайн улс орон эсвэл байгууллага нь эх орноосоо урвагч, дайсны талд туслагч,  нэр алдар олохыг хүсэгч мэтээр өөлж гоочилдог явдал цөөнгүй гардаг. Харин түүнийг нийгмийн хариуцлагын үүднээс зөвөөр ойлгуулж таниулах шаардлагатай байгааг албаныхан онцолж байлаа.

ХОЁР СЭТГҮҮЛЧ ТУТМЫН НЭГ НЬ СҮРДҮҮЛЭГ, ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТДӨГ

Нөгөө талаар эрэн сурвалжлах сэтгүүлчид нийгмийн шүгэл үлээгчид болдог. Судалгаагаар далд байгаа баримтыг нийтэд ил болгож, хууль бус үйлдлийг гаргаж ирснээрээ сэтгүүлчид хохирдгийг нотолжээ. Тухайлбал, "Глоб интернейшнл” ТББ-ын судалгаагаар хоёр сэтгүүлч тутмын нэг нь хэн нэгний хууль бус үйлдлийг нийтэд ил болгосноороо сүрдүүлэг заналхийлэлд өртдөг гэсэн дүн гарчээ. Үүнээс үүдэн сэтгүүлч олсон баримтаа мэдээ, нийтлэл болгохдоо өөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс нууц нэрээр нийтэлдэг болсон нь цөөнгүй байна.

Шүгэл үлээгчийн хамгаалах хуулийг УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан нар 2014 онд санаачилжээ. Энэ төсөлд ажилласан хуульч Б.Мөнхжаргал "Шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн зохицуулалт манай улсад бүрдээгүй.  2014 онд энэ хуулийн төслийг ойлгохгүй байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ хууль шаардлагатай байгаа нь харагдаж байна. Хууль эрх зүйгээр хамгаалагдаагүй болохоор эцэстээ амь насаа алдах, гэр бүл нь аюул заналхийлэлд өртөх эрсдэлд орж болзошгүй байдаг. Хуулийн төсөл нь 10 бүлэгтэй. Түүний зургаан бүлэг нь  мэдээлэгчийг хамгаалахаар заасан байгаа. Тиймээс шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.

Б.Намуунтамир

Эх сурвалж: Зууны мэдээ сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler