|
Видео

Шинэ мэдээ

Т.Ихтамир: Иргэд эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, зөрчигдсөн эрхээ шаарддаг байх ёстой

Т.Ихтамир: Иргэд эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, зөрчигдсөн эрхээ шаарддаг байх ёстой

 


Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ХЭҮК жилд дунджаар хэчнээн гомдол хүлээж авдаг вэ?

-Иргэд ААН байгууллагаас жилд дунджаар 500-700 гомдол хүлээж авдаг. Тухайлбал, өнгөрсөн 2018 онд 660 гомдол ирсэн. 2014 оноос хойш манайд ирж байгаа гомдлын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь комиссын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болсны илрэл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлын тоо нэмэгдсэнийг хүний эрхийг зөрчил их байна гэж харахаасаа илүүтэй иргэд маань эрхээ мэддэг, шаарддаг болсон байна гэж харж байна. Он гарснаас хойш 270 орчим гомдол, мэдээлэл ирсэн. Өнөөдрийн байдлаар ХЭҮК-оос 70 орчим хяналт шалгалтыг хийж, 50 гаруй шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байна.

-Иргэнээс ирсэн гомдлыг хэрхэн хянаж шийдвэрлэдэг вэ?

-ХЭҮК хуульд заасан эрх үүргийн дагуу иргэнээс гомдол хүлээж авдаг. Иргэнээс авсан гомдлыг хүлээж аваад албаны хүмүүсээс тайлбар авах, бичиг баримтыг нь гаргуулах гэх мэтээр олон төрлийн холбогдох ажиллагааг явуулдаг. Ингээд ажиллагаа явагдсаны эцэст тухайн гомдолд дурдагдсан зөрчил нь хүний эрхийг зөрчиж байх юм бол ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг хувь хүн, албан байгууллагад хүргүүлдэг. Хэрэв гомдол нь зөрчил гэж үзэхээргүй байх юм бол тухайн байгууллагад нь "хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн ХЭҮК нь хүний эрх зөрчсөн албан тушаалтан, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, шүүхийн шатанд эрх нь зөрчигдсөн хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргасан иргэн болон гомдол гаргасан иргэнийг эвлэрүүлэх чиглэлээр ажилладаг.

-Хүний эрхийн асуудал хөндсөн гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг гэсэн. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

   -Өнгөрсөн 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө манай комиссод ирж байгаа иргэний гомдлын дийлэнх хувийг цагдан хорих, хорих байранд шалгагдаж байгаа хүмүүсийн гомдол эзэлдэг байсан. Одоо бол энэ төрлийн гомдлын тоо эрс буурсан. Сүүлийн үед хамгийн их ирж байгаа гомдол нь хөдөлмөрлөх эрхийн гомдлууд, хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлууд байна. 

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэдэг. Таны бодлоор Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субъект нь хэн бас юу байна вэ?

-Хүн амьдарч байгаа газар зөрчил гарч л байдаг. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болгож байна гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, ААН-үүдийн хооронд эсвэл  иргэн ААН-ийн хоорондох харилцааны явцад зөрчигдөж болдог. Энэ нь хэвтээ шугаманд хүний эрхийн зөрчлийг бий болгож байгаа хэлбэр. Харин босоо шугаманд байдаг хүний эрхийг зөрчил гэдэгт төрөөс гаргаж байгаа бодлогын шийдвэр, хууль тогтоомж дүрэм журмууд хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулагдаж чадаагүй хийдэлтэй хууль тогтоомжууд хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг.

-Манайд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн манай улс НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Олон улсын гэрээ конвенц нь өөрөө дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд хангалттай зохицуулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ зарим хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл,  хуулиар зохицуулагдсан боловч практик хэрэглээний явцад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хэрэгжилт нь хангалтгүй байх зүйлүүд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй.

-Тэгвэл хүний эрхийн зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, иргэн өөрөө эрхээ шаардах ёстой. Мөн хүний эрхэд нийцсэн хийдэлгүй хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-Яг үнэндээ эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шүүхэд хандаж, ямар тохиолдолд танайд хандахаа мэддэггүй. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь ХЭҮК-т ямар төрлийн гомдол гарах боломжтой вэ?

-Хүний эрх гэдэг маш өргөн хүрээний асуудал. Хүн байгаа газарт хүний эрхийн асуудал их бага хэмжээгээр яригдаж л байдаг. Тэр ч утгаараа хүний эрхийг хангах зорилготой маш олон төрийн байгууллагууд, хууль тогтоомжууд байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын хооронд харьяалан шийдвэрлэх асуудлууд гэж байдаг. Жишээлбэл, эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад байдаг. Шалгаж байх явцад нь хяналт тавих чиг үүрэг нь Прокурорын байгууллагад бий. Тухайн хүн буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Харин хүний эрхийн комиссод, тухайн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа үндсэн хуульд зааж, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өмгөөлөгчөөр хангагдах, хууль зүйн туслалцаа, мэдээлэл авах эрхийг нь хангаж байна уу гэдэг асуудал хамааралтай байдаг. Үүнийг хүмүүс ялгаж ойлгодоггүй. Би хилс хэрэгт холбогдоод шалгагдаад байна. Намайг хэрэг хийгээгүй байхад шалгаад байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гэх асуудлаар манайд хандаад байдаг. Мөн иргэний маргаан, захиргааны маргаантай холбоотой асуудлууд манайд их ирдэг. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол багагүй хувийг эзэлдэг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн ажилтны иргэний үнэмлэх, диплом зэргийг нь барьцаалдаг. Ажлаас халагдах үед нь бичиг баримтыг нь өгөлгүй, тухайн хүнд шахалт үзүүлдэг. Энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тухайн өдөртөө бүх бичиг баримтыг нь өгөх ёстой. Мөн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар ажилласан хугацааны хөлсийг нь өгдөггүй гэсэн гомдол маш их ирж байна. Энэ бүгд хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд гомдол гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь аж ахуй нэгжээс нь гаргуулах, ажилласан хугацааных нь хөлсийг нөхөж олгуулах, нөлөө бүхий төрийн байгууллагад мэдээлэх үйл ажиллагааг явуулж байна.

      Түүнчлэн манайх жендэрийн тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын зөрчил, гомдлыг хүлээн авдаг цорын ганц байгууллага. Тэр ч утгаараа энэ төрлийн гомдол их ирдэг. Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулдаг.

Т.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler