| |
Рэн Жэнфэй: "Huawei" компанийг АНУ хэтэрхий БАСАМЖИЛЖ байна
БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei" компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй компанийнх нь эсрэг хэрэгжүүлж буй АНУ-ын хориг арга хэмжээний талаар өөрийн байр сууриа хүргэсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус компанийг олон улсад тархан, тагнуул хийдэг хэмээн буруутгасаар ирсэн юм.
Рэн Жэнфэй "АНУ манай компанийг хэтэрхий их басамжилж, дорд үзэж байна. Би өмнө нь хэлсэн. Тэд зүгээр л өөрсдийн зохиосон ямар ч үлгэртээ итгэчихээд байна. АНУ-ын улстөрчид биднийг хэтэрхий дутуу үнэлээд байна. Бид ирээдүйд "5G" сүлжээг шинэ гар утаснууддаа ашиглах боломжгүй хэмжээнд хүрчихлээ. Учир нь АНУ, "Huawei"-ыг гадуурхаж, холбоотнуудыг нь холдуулж, биднийг ганцаардуулах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Гэхдээ АНУ-ын гэнэтийн шийдвэрээс урьтаж бид маш сайн ажиллаж, бэлтгэлээ хангасан" гэж мэдэгджээ. АНУ-ын технологийн томоохон компаниуд болох "Intel”, "Qualcomm”, "Xilinx” гэх чип үйлдвэрлэгчид "Huawei”-д нийлүүлэлт хийхгүй гэдгээ уламжлав.
Мөн "Alphabet”-ийн "Google” компани "Huawei”-д техник хангамж болон программ хангамжийн зарим үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Ингэсээр "Huawei”-ийн шинэхэн гар утаснууд БНХАУ-аас өөр газарт "Google Play Store”, "Gmail App” зэрэг түгээмэл хэрэглээний аппликэйшн, үйлчилгээнүүдэд нэвтрэх боломжгүй боллоо.
АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр Канадын тал "Huawei"-ийн Санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг саатуулаад буй юм. Түүнийг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Ираны талд бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, худалдаалсан хэмээн буруутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn