| |
А.Мөнхбат Бакугийн дэвжээнээс хүрэл медаль хүртжээ
Азербайжаны Баку хотноо пара жүдо бөхийн "Токио 2020” паралимпын наадмын эрхийн оноо олгох анхны Гран при тэмцээн мягмар гарагт /2019.05.14/ эхэлж, манай жүдоч А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд 35 орны 210 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөж байгаа юм. Ийнхүү өчигдрийн барилдаанд А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртэж, Б.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байр эзлэжээ.
Тэмцээн өнөөдөр хүнд жингийн барилдааны шилдгүүд тодорсноор тэмцээн өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн 63 кг-д 26 тамирчин өрсөлдсөнөөс А.Мөнхбат "С” хэсэгт багтсан бөгөөд Куба, Өмнөд Африк, Украины бөхчүүдийг ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд "Рио 2016” паралимпын наадмын мөнгөн медальт Азербайжаны Б.Мустафаевд ялагджээ.
А.Мөнхбат нь "Лондон 2012", "Рио 2016" паралимпийн наадамд оролцсон туршлагатай жүдоч бөгөөд "Токио 2020" паралимпын оноо олгох уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж ийнхүү чансаагаа ахиулж чадлаа.
Харин 60 кг-д барилдсан Б.Ядамдорж Туркийн Абдуррахим Озалпыг /В2/ ялж, Румыны А.Болога Плоринд /В1/ ялагджээ. Румыны бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан учраас манай бөх дагах барилдааны боломж гарч улмаар Испанийн Ибанез Баноныг ялж, Гүржийн Зурабад ялагдсанаар шагналт долдугаар байр эзлэв. Манай бөх Гүржийн бөхийг ялсан бол хүрэл медалын төлөө Туркийн бөхтэй барилдах байв.
Эх сурвалж: Montsame.mn