| |
Ш.Гантулга: Ерөнхийлөгч урд хөршид ямар ч үүрэггүй очсон, ганзага хоосон ирнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар урд хөршид хийж буй төрийн айлчлалын эргэн тойронд олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа.
-Төрийн тэргүүний урд хөршид хийж буй айлчлалаас ямар үр дүн гарах бол. Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ айлчлалаас хоёр зүйл харагдаж байгаа. Нэгдүгээрт, БНХАУ-ын даргатай манай Ерөнхийлөгч уулзаж байгаа нь чухал ач холбогдолтой. Учир нь манай эдийн засаг Хятад улсаас бараг 100 хувь хамааралтай болсон.
Хоёрдугаарт, манай улс ашигт малтмалын ордууд, тухайлбал Тавантолгойгоо эргэлтэд оруулна гэж ярьж байна. Энэ асуудлууд зайлшгүй Хятадаас хамааралтай учраас Ши Жиньпинтэй ямар нэг тохиролцоонд хүрэх хэрэгтэй. Айлчлалын тухайд БНХАУ-ын төрийн тэргүүн дуудсан учраас манай Ерөнхийлөгч тэнд очиж байгаа гэж ойлгохоос өөр аргагүй.
"Шинэ торгоны зам” төсөл бол угаасаа Ши Жиньпиний өөрийнх нь санаачилсан ажил шүү дээ. Ши Жиньпин хэрэгтэй үедээ л манай Ерөнхийлөгчийг дууддаг. Манай Ерөнхийлөгчид түүнтэй уулзах өөр боломж гардаггүй учраас дуудсан цагт нь очдог. Ийм жишиг тогтож байх шиг байна. Энэ нөхцөл байдалд монголчууд Хятадын бодлогын талаар хэр зэрэг юм мэдэж байна вэ гэдгээс уулзалтын үр дүн шууд хамаарна.
Гэтэл манай Ерөнхийлөгч тийшээгээ юу ч мэдэхгүй хоосон толгойтой очиж байх шиг байна. Тухайлбал, хаана очиж илтгэл тавих, тэр нь ямар учиртай талаар юу ч мэдэгдэхгүй байгаа. Жишээ нь, "Нэг бүс, нэг зам” гэж Ши Жиньпиний "Шинэ торгоны зам” төслөөс хоёрхон үгийг тогтоож авсан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, геополитикийн энэ том тоглоом хаанаас эхэлж хаана дуусаж байгаа, ямар зорилготой вэ.
Монгол Улсад ямар ач холбогдолтой талаар ямар ч мэдлэг алга. Тэгэхээр үйл явдалд ямар нэг байдлаар нөлөөлж чадахгүй хүн л тэнд очиж байна гэсэн сэтгэгдэл төрж байна.
-Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө Ерөнхий сайд бас БНХАУ-д айлчлаад ирсэн. Бас л ямар нэг үүрэггүй очоод ирсэн гэсэн үг үү?
-Мөн л ийм байдлаар очоод ирсэн. Нэг асуудлаар хоёр хүн очоод ирж байгаа юм. Энэ нь Монголд хоёр хүч байгаа юм шиг сэдлийг урд хөршдөө төрүүлж байна шүү дээ. Манай Ерөнхийлөгчийг Хятадын төрийн тэргүүний зүгээс тусгайлан дуудсан хэрэг ч бас биш юм. БНХАУ-д том үйл явдал болох гэж байгаа учраас, өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч тэнд ямар нэг жижигхэн цэргийн үүргийг гүйцэтгэх учиртай болоод тийшээ явж байгаа гэдэг нь тодорхой.
Яг энэ үйл явдалтай холбогдуулаад Монголын дипломат бодлогын сул тал, өөрөөр хэлбэл манай дипломат бодлого Дорно ба Өрнө зүгт сүйрсэн нь эндээс харагдаж байгаа.
-Тэр нь юутай холбоотой вэ?
-Манай Ерөнхийлөгч чухал уулзалтад бэлтгэж байхдаа тухайн уулзалтын талаар хамгийн дээд зэргийн мэдээллийг дипломат шугамаар болон тагнуулын шугамаар олж авах ёстой байдаг. Гэтэл манайд ямар ч мэдээлэл байхгүй байна шүү дээ. Үүний гол шалтгаан нь Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх хэрэггүй гэж олон ухуулга, сурталчилгаа гарсны гор, бас гай юм.
Өөрөөр хэлбэл, Монголын хувь заяаг шийдэж магадгүй хурал, зөвлөгөөн болоод байдаг нэг том "байшин”-гийн гадна үлдчихэж байна шүү дээ, бид. Бас нэг асуудал нь, монголчуудын хувьд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд нөлөөлж чадах ямар ч хөшүүрэг байхгүй. Яагаад гэвэл, Монголын дипломат албад энэ талаар хэзээ ч боддоггүй. Зөвхөн баруун Европ болон Европын орнууд, АНУ-ын орнуудтай л холбоотой байж чадна.
АНУ байхад Хятад, Орос болоод хөрш зэргэлдээ бусад улс бидэнд хамаагүй гэж үздэг "Гуравдагч хөрш”-ийн тэнэг бодлогыг баримталж эхэлснээр Монгол Улс дэлхийн тайзан дээр ганцаардаж байгаагийн тод жишээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бусдын найран дээр юу хийхээ мэдэхгүй, гуйлгачингийн байдлаар очиж байна шүү дээ.
-Бид яавал энэ байдлаас гарах вэ?
-Эргэн тойрны улс орнууд, дэлхийн нөхцөл байдлыг харж, жаахан ч гэсэн ойлгох хэрэгтэй. Тиймээс манай Ерөнхийлөгчийг баахан тэнэг, мулгуу, зусарч зулгуйч, юу ч хийхийг хүсдэггүй залхуу хойрго, хамгийн гол нь сэтгэн бодох чадваргүй хүмүүс тойрон хүрээлээд байна уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Яагаад гэвэл, Ерөнхийлөгчийн Тамгын газраас онц чухал ач холбогдолтой энэ айлчлалын талаар ямар ч мэдээлэл алга байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчид ч гэсэн мэдээлэл байхгүй болж таарч байна.
-Тэгвэл одоо БНХАУ-д болоод дэлхийд ямар үйл явдал өрнөж байна гэж та бодож байна?
-Таны асуултад би өөрийн мэдэхийг хэлэхийг хичээе. Одоогоос ганц хоёрхон хоногийн өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын зүүн хойт бүс дэх усан боомтод очсон. Энд эрт цагт Манж Чин хааны үеийн усан флот байрлаж байсан газар. Тэнд Хятад улсын хувь заяаг шийдвэрлэх олон далайн тулалдаан болж байсан түүхтэй. Ши Жиньпин тэнд очиж усан флотын 70 жилийн ойг тэмдэглэсэн.
Байлдааны хөлөг онгоцыг усан флотын үйл ажиллагаанд хэрхэн оруулж байгаатай танилцлаа. Хятадын төрийн тэргүүний хувьд энэ маш чухал ач холбогдолтой үйл явдал. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах уулзалт нь онц ач холбогдолгүй юм. Гэхдээ энэ хоёр үйл явдал хоорондоо маш чухал хамааралтай. Яагаад гэвэл монголчууд БНХАУ-д нүүрсээ зарах санаатай байгаа шүү дээ.
Хятадуудад нүүрс хэзээ хэрэгтэй болох вэ гэвэл, энэ усан флотыг байгуулах үед хэрэгтэй. Бас Шинэ торгоны замыг байгуулах үйл ажиллагаанд нь хэрэгтэй. Тиймээс Монголын нүүрсний үнийг хэзээ яаж барьж явах, хэдийд худалдааны зөв стратеги баримтлах вэ гэдэг нь Хятадын бодлогоос шууд хамаарч байна.
Ши Жиньпин яагаад Монголын Ерөнхийлөгчийг энэ долоо хоногт дуудсан бэ гэвэл Зүүн хойд бүсийн усан флотод сүрийг үзүүлэх хэрэгтэй болсонтой холбоотой. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн өдийд ийм үйл явдал болсон. БНХАУ-ын дарга усан флотын 50-60 хөлөг онгоц бүхий том усан онгоцыг хөлөглөн Ормузын хоолойгоор гарсан. Үүгээр тэр Манжийн хаан Энх-Амгалангийн хийсэн үйлдлийг давтаж үзүүлсэн.
-Энэ юу гэсэн үг вэ?
-БНХАУ далайн худалдаагаа хамгаалж чадна гэдгээ АНУ-д харуулах гэсэн зорилготой үйлдэл гэх үү дээ. Өнөөдөр Монголын Ерөнхийлөгчөөс гадна өөр олон орны удирдагч, нөлөө бүхий хүмүүсийг тэнд урьсан байгаа. Манай Ерөнхийлөгч тэнд очсоноор Ши Жиньпинийг дэмжиж байгаагаа харуулж байгаа юм. Энэ бол БНХАУ-ын төрийн тэргүүний ганцхан бодлогынх нь бүрэлдэхүүн хэсэг.
Хятадууд одоохондоо худалдааны замаа хамгаалахад хүчин чадал нь хүрэлцэхгүй байгаа учраас Ши Жиньпинд "Торгоны шинэ зам” хэрэгтэй болсон. Энэ замыг хамгаалахын тулд ШХАБ бий болсон. Тэгэхээр Ши Жиньпиний бүхий л үйл ажиллагаа геополитикийн энэ том зорилготой нь холбоотой. Хятадын эдийн засаг, аж үйлдвэр жил бүр асар их зүйлийг шингээж, идэж байдаг аварга том "мангас”-тай адил.
Тэр "мангас”-ын гол хүнсний түүхий эд нь Африкийн орнуудаас худалдааны нарийхан замаар орж ирдэг. Хятадын зүүн хойд талын усан боомт стратегийн хувьд маш тохиромжгүй гэдэг нь Орос, Японы дайны үеэр харагдсан. Ши Жиньпин энэ тал дээр сул байгааг ойлгож, ШХАБ-ыг байгуулж, "Шинэ торгоны зам” төслийг хэрэгжүүлж байгаа. Манай Ерөнхийлөгч энэ талаар юу ч мэдэхгүй, ерөөсөө энэ том төслийн талаар "Бүс, зам” гэсэн хоёрхон үгтэй тийшээ очлоо.
Тодорхой мэдлэг дутуу, тэнд юу болоод байгааг огт ойлгохгүй учраас хэдэн мянган км-ийн зайд болоод байгаа үйл явдлууд хоорондоо ямар нарийн уялдаа холбоотойг нь ч мэдрэхгүйгээс тэнд залилуулж таарна. Энэ нь Монгол Улсын ирээдүйд муугаар нөлөөлнө. Монгол Улсад одоо "Гуравдагч хөршийн бодлого” хэрэггүй.
Харин ойрхон байгаа БНАСАУ, БНСУ, өрнө зүгт байгаа ШХАБ-ын орнуудтай нэн даруй холбоо харилцаа тогтоож, энэ чиглэлд дипломат бодлогоо улам идэвхжүүлэх хэрэгтэй гэдэг нь энэ жишээнээс харагдаж байна.
-Хэрэв манай улс ШХАБ-д элсчихсэн бол ямар өөрчлөлт гарах байсан бол?
-Манай улс ШХАБ-д элссэн байсан бол ядаж л Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга нь тэнд ямар үйл ажиллагаа болж байгаа талаар мэдээлэлтэй байгаад Төрийн тэргүүндээ хоёр хуудас материал гаргаад өгч болно шүү дээ. Гэтэл манайд тийм юм алга. Нэгэнт тийм харанхуй очсон Ерөнхийлөгч тэнд Монголынхоо эрх ашгийг хамгаалж чадах уу. Жишээ нь, Тавантолгойн хувь заяаны талаар ярилцах гэж байна шүү дээ.
Тэгэхээр юу ч мэдэхгүй юм чинь зөв үед хэрэгтэй үгийг хэлж чадахгүй шүү дээ. Цаад улсын бодлогыг мэдэхгүй. Бүхий л нөхцөл байдал монголчуудын хувьд ашиггүй тийшээ шилжинэ гэсэн үг. Энэ байдлаас гарахын тулд өмнөх жилүүдэд гаргасан алдаануудаасаа сургамж авах хэрэгтэй. Алдааны гол эх үүсвэр нь бодит байдлаас тасарчихсан "Гуравдагч хөршийн бодлого” юм. Үүнээс манай улс татгалзах хэрэгтэй.
Урд талд БНХАУ, хойд талд ОХУ гэсэн хоёрхон хөрш бидэнд бий. Манай өвөг дээдэс энэ талаар дүгнэлт хийгээд Солонгос улс болоод бусад улстай харилцаж байсан. Одоо манай зарим улстөрч хэлдэг л дээ "стан” улсуудтай харилцах ямар хэрэг байна гэж. Гэтэл тэд Монголын хөрш зэргэлдээ улсууд шүү дээ. Тэд цүнхэндээ Монголын нүүрсийг хийж очоод АНУ-д зарахгүй нь ойлгомжтой.
Бид хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа ямар нэг худалдаа хийх боломжтой. Удирдагчидтай нь холбоо тогтоож, нэгдсэн фронтоор БНХАУ-ын төрийн тэргүүнтэй ярилцах боломжтой. Ши Жиньпиний хувьд Монгол Улс хэтэрхий жижигдэж, манай Ерөнхийлөгч жулдаад байна.Хятадын төрийн тэргүүнтэй ярилцахын тулд ШХАБ-ын ямар нэг улс орны төрийн тэргүүнтэй тохиролцож байгаад нэгдсэн байр суурийг илэрхийлэх боломжтой.
Монгол Улс БНХАУ-ын хувьд жижигхэн бол 2-3 улс хамтраад харилцах юм бол илүү үр дүнд хүрч болно.
-Тэгэхээр манай Ерөнхийлөгч "ганзага” хоосон ирнэ гэсэн үг үү?
-Ач тустай юм авчирна гэж бодохгүй байна. Өмнөх Ерөнхийлөгч дипломат бодлогоос ямар ч амжилт гараагүй атал ололттой байгаа мэтээр өөрийн үйл ажиллагааг сурталчилдаг байсан шиг юм болж магадгүй. Нөхцөл байдлын хувьд монголчуудад ямар ч ашиггүй байгаа.