|
Видео

Шинэ мэдээ

Түүхэнд мөртэй тагнуулын ажилтан

Эрхбилэгтийн Гэрэлчулуун 1916 онд Ховд аймгийн Манхан сумын нутаг Улиастайн ам хэмээх газар төрсөн. 1927 онд хошууны танхимын сургууль, 1928-1929 онд Улаанбаатар хотод Сүхбаатарын нэрэмжит сургууль, 1950-1952 онд ЗХУ-д ДЯЯ-ны курс тус тус дүүргэсэн.

 

1930 онд Манхан суманд тал бичээч, 1931 оноос Ховд аймагт хоршооны салбарын бичээч, данс хөтлөгч, сумын зарлага, туслах нягтлан бодогч, дэлгүүрийн эрхлэгч, сумын нарийн бичгийн даргаар ажилласан.

1937 онд Ховдын 5 дугаар отрядад цэрэг, 1938-1941 онд Ховд аймаг дахь хэлтэст туслах төлөөлөгч, 1941-1945 онд 5 дугаар отрядад тасгийн дарга, 1945-1950 онд тагнуулын группийн дарга, 1952-1953 онд 3 дугаар хэлтсийн орлогч дарга, 1953-1955 онд Баян-Өлгий аймаг дахь хэлтсийн дарга, 1955 оноос ХАА-н нэгдлийн дарга, 1961-1962 онд Ховд хэлтэст хилийн комиссар, 1973-1978 онд Авто баазад диспетчер, 1978-1981 онд 8 дугаар тусгай тасагт төлөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ.

Э.Гэрэлчулууны улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэсэн гавьяаг нь төр, засгаас үнэлж, Алтангадас одон, Байлдааны гавьяаны одон, Байлдааны медалиар 2 удаа болон Монгол-Зөвлөлтийн "Бид ялав” медаль, Ардын хувьсгалын 25, 40 жилийн ойн медалиар шагнажээ. Дэд хурандаа цолтой.

Улсын аюулгүй байдлыг хангах албанд

Э.Гэрэлчулуун 1930-аад оны дунд үеэс манай улсын баруун хязгаар нутагт хилийн чанадаас зэвсэглэсэн дээрэмчид орж ирэн нутгийн ардуудын эд хөрөнгө, малыг булаан авч, харгис хэрцгийгээр аллага үйлдэх, охидыг хулгайлах зэргээр иргэдийн аюулгүй байдлыг түйвээж байсан дайсагнасан үйлдэлтэй нутгийн хүмүүсийн хамт тэмцэж байжээ.

1938 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ДЯЯ-ны сайдын тушаалаар Э.Гэрэлчулууныг туслах төлөөлөгч болгон дэвшүүлэн томилсон тэр цагаас баруун хязгаарын аюулгүй байдлыг хангах үйлст биечлэн оролцож эхэлжээ.  

1930-аад оны төгсгөл үед тагнуулын байгууллагаас баруун хил орчмын аюулгүй байдлыг хангах үүднээс хилийн зурвас, хилийн цаана бүгсэн зэвсэглэсэн бүлгүүдийн байдлыг судлах, тэдний хүчийг задлан сарниулах, Шинжааны нутгийн гүн рүү нь буцааж суурьшуулах зорилготой арга хэмжээг хэрэгжүүлж байв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Ховд аймаг дахь хэлтэс олон арга хэмжээг төлөвлөн явуулж, өөрсдийн хүч хэрэгслээр нөхцөл байдлыг судлах ажлыг гүйцэтгэж байв.

Э.Гэрэлчулуун 1940 оны хавар Шинжааны Цонж хүртэл явж судалгаа хийн, Цэнгэл, Цагаангол, Хөх Тохойд бүгсэн хэд хэдэн ззвсэгт бүлгийн байрлалын гүнд нэвтрэн, тэдний байдлыг судлахаас эхлээд ухуулга, ятгалга хийх, Шинжааны эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгтгэх, Монголын хил даван дээрэм тонуул хийдэг ажиллагааг нь зогсооход чиглэсэн даалгаврыг амжилттай хэрэгжүүлж, тэдний байдлыг мэдээлэх тагнуулчийг элсүүлэн эргэн иржээ. 

ДЯЯ-ны Ховд аймаг дахь хэлтсийн ажилтан

Э.Гэрэлчулуун нөхдийн хамт. 1940 он

Э.Гэрэлчулуун өөрийн биеэр гадаадад гарч үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ зэвсэгт бүлгүүдийн дотор орж ажиллах бололцоо нөхцөл бүхий тагнуулчдыг судлах, бэлтгэх, хил гарган ажиллуулах зэрэг ажлыг зохион байгуулж байжээ. Тухайлбал,  зэвсэгт бүлгүүдэд нэвтрүүлэн тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Дэлүүн сумын харьяат И.Хамхаашийг бэлтгэн 1940 оны 6 дугаар сард И.Оспаны лагерьт нэвтрүүлжээ. И.Хамхааш тэдний шалгуур шүүлтийг давж итгэлийг олж нэвтэрч чадсанаар дээрэмчдийн бүлгийн толгойлогч Эсэмхан, Өгөрдэй, Расхан, Сайлтай, Кайдарбай нартай уулзан итгэлийг олж, тэдний хүн хүчний байдал, уналга, зэвсэглэл, зорилгыг судлан, улмаар төвийн даалгавраар ятгалга ухуулга хийн, Монголын зүг дээрэм тонуул үйлдэхгүй байх арга зам сүвэгчлэн ажилласны дүнд Эсэмхан, Расхан нарын гарын үсэг бүхий бичигтэйгээр үүргээ биелүүлэн буцаж иржээ. Тэд манай талтай худалдааны болон бусад харилцаа тогтоох, Монголд ямар ч дайсагнасан халдлага дахин хийхгүйг амлаж, зөвхөн эд бараа /даалимба, цай, тамхи г.м/ авахыг хүссэн байна. Ийнхүү Э.Гэрэлчулууны боловсруулсан төлөвлөгөө, удирдлагын дор хэрэгжсэн хилийн аюулгүй байдлыг хангах гадаад тагнуулын нэгэн арга хэмжээ ингэж үр дүнд хүрчээ.

Тагнуулын байгууллагаас зохиож байсан олон арга хэмжээний үр дүнд 1943-1944 онд манай улсын хилийн аюулгүй байдалд заналхийлж, ард олны амгалан тайван байдлыг алдагдуулж байсан дээрмийн жижиг бүлгүүдийг И.Оспаны захиргаанд оруулж, Шинжааны эрх чөлөөний хөдөлгөөний үйл ажиллагаатай холбон Гоминьданы Хятадын эсрэг тэмцэлд хандуулж чадсан байна.

Э.Гэрэлчулуун Монгол орныхоо баруун хязгаарын аюулгүй байдлыг хангахад онцгой чухал үүрэг гүйцэтгээд зогсоогүй Японы түрэмгийлэл зүүн хязгаарт идэвхжиж байсан дайны хүнд жилүүдэд зүүн өмнөд хилийн аюулгүй байдлын төлөө зүтгэж, хилийн цаана гарч ажиллаж байв.

Чөлөөлөх дайны ялалтын 40 жилийн ойгоор тагнуулын байгууллагын ахмад дайчид. 1985.08.22

1 дүгээр эгнээний зүүн талаас 2 дахь хүн Э.Гэрэлчулуун

Тэрээр 1942 онд Замын-Үүдийн хилийн отрядын тагнуулын тасгийн даргаар ажиллаж байхдаа 11 дүгээр сарын 13-нд улсын хилийг зөрчин тагнуул хийхээр орж ирсэн Ш.Пагжийбуу гэгчийг баривчлан авчирч байжээ.

1945 оны 7 дугаар сард Э.Гэрэлчулуун Японы цэргийн түрэмгийллээс Хятад, Өвөр Монголын нутгийг чөлөөлөх дайны бэлтгэлийг хангах урьдчилсан судалгаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор тагнуулын хэсгийг удирдан хилийн чанадад гарч, үүргээ амжилттай биелүүлэн иржээ.

1946 оноос И.Оспаны улс төрийн байр суурь өөрчлөгдөж, Гоминьданы Хятадтай нэгдэн Монголын баруун хязгаарт дахин аюул занал учруулах болсон цаг үед Э.Гэрэлчулуун Ховд аймгийн Булган суманд байгуулагдсан тагнуулын тусгай группийн даргаар томилогджээ. Түүний удирдлагаар тагнуулч Б.Дүгэрийн хэсэг 1947 онд 2 удаа хил даван Шинжааны Үрүмч, Чингэлийн чиглэлд ажиллан Гоминьданы Хятадын цэрэг, цагдаагийн салбаруудыг довтлон устгаж, тэдний утсан харилцаа холбоог таслан, нутгийн иргэдийг өөрсдийн үйл ажиллагаандаа татан оролцуулж байжээ. Мөн Э.Гэрэлчулууны удирдан ажиллаж байсан тагнуулч Т.Амарзаяагаар удирдуулсан групп хилийн чанадад ажиллан Гоминьданы Хятадын цэргийн жижиг ангийг устгах ажиллагааг зохион байгуулж байв.

1947 онд манай улсын нутагт суурьшсан Гоминьданы Хятадын цэрэг, Оспаны дээрэмчдийг устгах, улсын хилээс хөөн гаргах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ДЯЯ-ны сайд, хошууч генерал Б.Шагдаржавын удирдлагаар Хятадын цэргийн эрхтэнд тулган шаардах бичиг хүлээлгэн өгөх ажлыг Э.Гэрэлчулууны удирдсан бүлэг гүйцэтгэж, хил нэвтрэн ирсэн Хятадын цэргийн ангид явуулах тулган шаардах бичиг хүргэх итгэл найдвар бүхий хүнээр Баясгалангийн Бадам, Баатарын Чулуундай нарыг сонгон авч, зохих үүрэг даалгавар өгч бэлтгэн явуулжээ. Хятадын талд тулган шаардах бичгийг гардуулан өгсөний дараа Хятадын цэргийн удирдлагаас Б.Чулуундайг буцааж, Б.Бадамыг авч үлдсэн байна. Хятадын цэргийн анги тулган шаардах бичгийг аваад манай хилээс гараагүй учир цэргийн хүчээр хөөн гаргасны дараа байрлаж байсан газар нь очиход Б.Бадамыг нуувчинд хорьж байгаад халуун төмрөөр хайрч тамлан алсан байжээ.

Б.Бадамд 1968 оны 6 дугаар сарын 14-ний өдөр БНМАУ-ын АИХТ-ийн  зарлигаар "БНМАУ-ын баатар” цол нэхэн шагнажээ.

Э.Гэрэлчулуун 1946-1949 онд Оспан, Гоминьданы Хятадын цэргийн хүчийг сарниулах, үйл ажиллагааг нь таслан зогсоох тагнуулын хэд хэдэн удаагийн цуврал арга хэмжээг дээд удирдах байгууллагын шийдвэрээр зохион байгуулж, тагнуулын байгууллагын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн тагнуулчид болох Батбаярын Дүгэр, Өвшингийн Сагадай, Баясгалангийн Бадам, Баатарын Чулуундай, Батжаргалын Дүгэр, Бутабайн Сахаан, Сүхийн Чой, Агдуугийн Дүгэр, Батмэндийн Бүрэнтөгс нарыг удирдан ажиллан тагнуулын ажилтны өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, эх орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

Баруун хилийн зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойд зориулав.

Доктор Б.Эрдэнэбилэг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler