| |
Видео
Шинэ мэдээ
Ноолуурын үнэ Хятадад 330 МЯНГАН ТӨГРӨГөөр үнэлэгдэж байна
Ноолууран гоёл бол дэлхийн хамгийн үнэтэй бараа бүтээгдэхүүний нэг. Хятад улс ноолуурын зах зээлийн №1 нийлүүлэгч. Нийт эрэлтийн нь 70 хувийг Бээжин дангаараа бүрдүүлж байна.
Италийн ноолуур үйлдвэрлэлийн "Loro Piana”, "Brunello Cucinelli” зэрэг олон алдартай брэнд энэ зах зээлд хаанчлалаа тогтоохоор хичээж буй. Үүнээс гадна АНУ "цагаан алт”-ны үйлдвэрлэлийн зах зээлийн чухал тоглогчдын нэг гэдгийг мартаж болохгүй. 2016 он д тус улс 3.5 сая ширхэг ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд энэ нь дэлхийн эрэлтийн 19 хувийг бүрдүүлж байгаа юм.
Харин Ази тивийн хувьд хямд ажиллах хүчний нөөцөөр баялаг эх сурвалж. Тиймээс ч ихэнх алдартай брэндүүд энэ бүс нутагт үйлдвэрлэлээ эрхлэх сонирхолтой байгаа. Нийт зах зээлийн үнэлгээгээр нь харвал ердөө л топ 20 үйлдвэрлэгч энэ салбарын 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм.
Өнгөрсөн онд дэлхийн ноолуурын хувцасны зах зээлийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан бол 2025 он гэхэд 3.5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байна. Энэхүү тоог Хойд Америк, Европ, Ази Номхон далайн орнууд, Төв болон Өмнөд Америк, Ойрхи Дорнод, Африкийн улс орнуудын хэрэглээнд үндэслэжээ.
Ираны ноолуурын үнэ дэлхийд хамгийн үнэтэйд тооцогдож байна. Афган худалдаачид хамгийн гол нийлүүлэгчдэд тооцогддог бөгөөд Хятадад ихээхэн хэмжээгээр экспортолж байна. Учир нь Ираны ямааны ноолуур хамгийн нарийн, сайн бүтэцтэй байдаг учир үнэ нь үргэлж өндөр байхад нөлөөлдөг аж.
ҮНЭ ХЭРХЭН ТОГТОЖ БАЙНА ВЭ?
Өнгөрсөн оны 1-6 дугаар сард Хятад улсаас экспортолсон ноолуурын хэмжээ 90 сая ам.долларт хүрсэн нь 2017 оны мөн үеийнхээс 17.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Өнгөрсөн оны нэг, хоёрдугаар сард Шангси мужид кг ноолуур 600 юань (234 мянган төгрөг)-т хүрсэн байна.
Тавдугаар сарын 1-ний хөдөлмөрчдийн баярын дараа Хятадад үнэ огцом өсч, 6-7 дугаар сард нэг кг ноолуур 850 юань буюу 331,500 төгрөгт хүрсэн юм.
Үнэ ийнхүү өссөн нь Хятадын Засгийн газар байгаль орчны хамгаалах бодлогын хүрээнд ямааны тоо толгойг цөөрүүлэх журам баталсантай холбоотой аж. Учир нь ямааг өсгөж, үржүүлэх зардал улам нэмэгдэж байгаа нь ноолуурын үнэд нөлөөлөх хүчин зүйл болж байсан юм. Мөн хурганы махны эрэлт нэмэгдсэнээр махны үнэ өсч, ямааны тоо толгой цөөрч, улмаар ноолуурын гарц багасахад ч хүргэжээ.
МОНГОЛЫН НООЛУУРЫН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН 10 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын хувьд ноолуур нь алт, зэсийн экспортын дараа орох валютын эх үүсвэр юм. Өнөөдрийн байдлаар 27 сая ямаа байгаагаас жил бүр самнасан ноолуурын хэмжээ 9,400 тоннд хүрээд байна. Өнгөрсөн жил Монгол Улс 5.4 мянган тонн цэвэр ноолуур гаргасны эцсийн бүтээгдэхүүний зах зээл ердөө л 10 хувийг бүрдүүлж байна.
Өнгөрсөн оны намрын турш монгол малчид кг ноолуураа дунджаар 105-110 мянган төгрөгөөр бодож худалдсан нь 2017 оныхоос 40 орчим мянган төгрөгөөр өндөр байжээ.
Монгол Улсын Засгийн газраас ноолуурын салбарыг дэмжих дөрвөн жилийн хөтөлбөрийг баталсан юм. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, технологийн инновацийг нэвтрүүлэх, санхүүгийн боломжуудыг нэмэхэд энэ хөтөлбөр чиглэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар "Эмээлт” захад нэг кг ноолуурыг 125 мянган төгрөгөөр худалдаалж байв.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: Зууны мэдээ сонин