|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдлаа, одоо үйл явдал хэрхэн өрнөх вэ

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль батлагдлаа, одоо үйл явдал хэрхэн өрнөх вэ

 


УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ээлжит бус чуулганы содон өнгө өнцөг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан явдал байв.

Тодотгоход хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. 

Ийм хуулийг өргөн барих бодит шалтгаан байсан. Ерөөс ард иргэдийн дунд хууль шүүхийн байгууллагын нэр хүнд үнэхээр унаад байгаа. Шүүх, прокурор зэрэг хууль сахиулах байгууллага хараат бус байдлаа алдаж, хүний эрхийг завхаруулсан, томилсон дарга  нартаа үйлчилдэг, эрх мэдэлтний захиалгаар ажилладаг болсон нь Үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагавар  авчирч байгаа нь эдгээр хуулийн өөрчлөлтийг санаачилж яаралтай горимоор хэлэлцүүлэх  шаардлагыг бий болгосон.  

Энэ хуулийн төсөл сөрөг хүчин болон зарим нэг хууль тогтоогчдын эсэргүүцэлтэй тулгарсан ч батлагдлаа. 

С.Зориг агсны аллагад буруутгагдсан гэм зэмгүй хүмүүст хүчээр ял тулгасан, тамлан зовоох  аргаар  хэрэг  хүлээлгэсэн бичлэгийн зарим хэсгийг гишүүдэд үзүүлсэн нь хуулийг батлах зайлшгүй шаардлага байгааг илүү мэдрүүлэх шиг боллоо.

 Энэ бичлэгийг үзүүлсний дараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын зарим гишүүд ард түмнээсээ уучлалт гуйх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэв. Эндээс харвал ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж Т.Чимгээ, Б.Содномдаржаа  нарын ар гэрээс уучлалт гуйсан гэдэг нь зүгээр нэг "поп”  биш байсныг илэрхийлнэ.

Ямартай ч  хууль батлагдлаа.  Хууль өнөөдрөөс шууд хэрэгжиж эхэлж байгаа болохоор хэрэгжүүлэх  ажил мөн бас эхлэнэ гэсэн үг. Хуулийн агуулга тодорхой учраас  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий  прокурор, АТГ-ын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх боломж бодитой болж байна. 

Шударга ёсыг тогтоох, МАНАН бүлэглэлийн үүсгэсэн шударга бусын хонгилыг нураахад хамгийн их саад  болж байгаа нь дээрх хууль шүүхийн байгууллагын удирдлагууд хэмээн  нэрлэж байсан нь талаар бус болж таарлаа. Гэвч тэднийг хугацаанаас нь өмнө огцруулах эрх зүйн үндэслэл  байхгүй байсан нь ийм хуулийн өөрчлөлтийг өргөн барихад хүргэсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс  урьд нь АТГ-ын дарга, дэд дарга нарыг  огцруулах асуудлыг хэдэнтээ өргөн барьж байсан удаатай.

Зуд ирвэл ухна хуцандаа гэж үг бий. Эрүүдэн шүүж ял тулгаж, хүний эрхийг дээд зэргээр зөрчиж,  зарим гишүүний хэлсэнчлэн "Үгээр хэлэхийн аргагүй” тэр яраглалыг мэдсээр байсан хэрнээ таслан зогсоогоогүй, хууль сахиулах үүргээ биелүүлээгүйн төлөө  прокурор, шүүхийн байгууллагын удирдлагуудад  хариуцлага үүрүүлэх нь  эхний алхам болж таарах байх.  

Үүнтэй зэрэгцэн Шүүх, прокурорын байгууллагуудад  томоохон "цэвэрлэгээ” эхлэх магадлалтай болж байна. 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг  задарч байна. Үүнийг дагалдсан шинэ нөхцөл байдал бий болно. Энэ хэргийг хэн нэгний захиалгаар гэм зэмгүй иргэдийг дарамталж хэрэг хүлээлгэсэн тэр хүмүүс шат шатандаа хариуцлага хүлээх нь тодорхой болж байна.  Одоо ч зарим нэг хүнийг саатуулан шалгаж эхлээд байгаа билээ.

Хууль баталсан нь асуудлын нэг тал. Харин  хуулийн байгууллагуудын эрх зүйн тогтолцоог оновчтой болгох,  эрх мэдлийн хуваарилалтыг  боловсронгуй болгох,  гажуудал гарахгүй байх тэр нөхцлийг яаралтай бүрдүүлж системээр нь шинэчлэх явдал хууль тогтоогчдын хувьд шийдэл хүлээсэн асуудал болж үлдэж байна.  

 М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler