Улс төрийн хувьд өчигдөр хүндхэн өдөр байлаа. УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг гишүүдэд хаалттай үзүүлэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт эрүүдэн шүүсэн бичлэг бий, хэлмэгдүүлсэн хүмүүсээс уучлал гуйж байна хэмээн мэдэгдсэн юм. Өнгөрсөн даваа гаригт болсон МАН-ын бүлгийн хурлаар энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн. Улмаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг 600 гаруй хоног эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Засгийн газрын хуралдаанаар нууцаас гаргах шийдвэрийг мөн гаргасан. Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар энэхүү бичлэгийг эхний ээлжинд УИХ-ын гишүүдэд үзүүлэх нь зүйтэй гэж үзэв. Тиймээс ажлын хэсэг 600 хоногийн бичлэгээс үзүүлэх боломжтой гэсэн зургаан хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг болон 26 минутын видеог УИХ-ын гишүүдэд хаалттай үзүүллээ.
Ийнхүү парламент түүхэндээ анх удаа хууль шүүхийн байгууллагын хэрэгтнийг эрүүдэн шүүсэн бичлэгийг парламентын танхимдаа хүлээн авсан. Бичлэг үзсэний дараа гишүүд нилээд айдастай гарч ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Сая бичлэг үзлээ. Үнэхээр аймшигтай зүйл байна. Монголын ард түмэн нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн дор амьдарч байна. Тамлуулсан, тарчлуулсан гэр бүлийнхээс Монголын төр уучлал гуйх ёстой. Хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн, зандалсан хүмүүс Монгол Улсад хууль засаглал гэж байдаг бол хамгийн дээд ял хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгох энэ хуулийг бүхэлд нь баталж болохгүй. Энэ хуулиар том хаалга нээх вий гэж айж байна” гэсэн юм.
Энэхүү асуудалтай зэрэгцэн Ерөнхийлөгчийн автортай, яаралтай зарчмаар орж ирсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэн батлав.
Ингэснээр хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн шийдвэрээр чөлөөлдөг, томилдог болох юм. Энэ хуулийн төсөл өргөн барьсан цагаас эхлэн олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, сөрөг хүчин уржигдар шөнө 23.00 цагт мэдээлэл хийж, хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдэв. АН-ын дарга С.Эрдэнэ "Үндсэн хууль зөрчиж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож байна. Бид цаашид ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэх тэмцэлд нэгдэнэ. АН-ын онц их хурлыг зарлан хуралдуулна” гэсэн.
Хуульч Х.Тэмүүжин "Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь УИХ байсан. Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна. Энэ бол хамгийн том эмгэнэл” гэсэн юм.
Мөн АН-ын бүлгээс өчигдөр үдээс өмнө дахин мэдээлэл хийж, ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүх, прокурор, АТГ-ын дарга нарыг томилох тухай хуулийн төслийг эсэргүүцсэн. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүд батлагдвал Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль зөрчигдөж ардчиллын баталгаа алдагдахад хүрэх нь тодорхой. Монгол улс ардчиллаас дарангуйллын хэлбэрт шилжих эхний алхам болно гэж харж байна. Эрүүдэн шүүсэн гэсэн бичлэгээ зөвхөн УИХ-ын гишүүдэд ч бус ард түмэнд ил болго. Эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцдог хууль нь байхад түүгээрээ асуудлаа шийд. С.Зоригийн амь насыг хороосон хэргийг илрүүлэхийн тулд 20 жилийн хугацаанд олон хүн хэлмэгдсэн. Энэ хугацаанд Ц.Нямдорж олон удаа сайд хийж олон удаа тус хэргийг шалгах ажлын хэсгийг зохион байгуулсан хүний нэг нь яах аргагүй мөн” гэсэн.
Мөн өчигдөр Хууль зүйн байнгын хорооноос шүүх, АТГ, прокурорын байгууллагын хуулийн удирдлагыг ҮАБЗ-ийн дагуу бус зөвхөн эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлдөг байх хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн боловч УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй, Ерөнхийлөгчийн оруулж ирснээр нь дэмжиж, баталсан юм.
Төрийн ордонд энэ мэтчилэн асуудал буцалж байхад гадаа хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал болсон юм. АН-ын гишүүд, дэмжигчид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. Тодруулбал, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж буй үйлдлээ зогсоож, УИХ-ыг яаралтай тарахыг шаардаж байв.
Мөн "Үндэсний мэдээллийн төв”-д Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх мэдээлэл хийлээ. Тэр "Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо" ТББ байгуулснаа зарлаж, хэлмэгдэгсдийн эрх ашгийг хамгаалж ажиллана гэсэн юм. Мөн ҮАБЗ-өөс хууль шүүхийн байгууллагын удирдлагыг томилох хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнийг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орсны дараа зургаан хүн уулзжээ. Бүгд Ц.Элбэгдорж, Б.Хурц нарын бий болгосон хонгилоор орж хохирсон хүмүүс байсан гэв. Үүний дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийсэн. Тэрээр Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа. Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Мөн Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай С. Зориг агсны хэрэгт холбогдоод буй А.Содномдаржаа, Т.Чимэгээ, нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн найман шүүгчийн талаар мэдээлэл өгсөн. Тэрээр "С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэг 1998 онд эрүүгийн хэрэг үүсгэгдээд маш олон жил шалгагдсан. Хэргийг шүүхэд шилжүүлээд гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Одоог хүртэл хүчин төгөлдөр байна. Хэргийг шалгаж шийдвэрлэсний дараа 2016 онд оны гуравдугаар сарын эхээр Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэргийн зарим хэсгийг нууцаас гаргасан. Нууцын зэрэглэлээс гаргасан хүн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Дараа нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийгөө гаргасан мэт ярьж нууцаас гаргасан асуудлыг Засгийн газар руу дахин ил болгохоор хандсан” байдаг гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган, С.Зоригийг хөнөөсөн хэргийг эрүүдэн шүүсэн бичлэгийг хаалттай горимоор үзэж, Ерөнхийлөгчийн автортой хуулийн төслийг батлан, хаалаа.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин