| |
Иргэний үнэмлэхээ онлайнаар захиалдаг боллоо
Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн хүмүүс онлайнаар захиалах боломжтой болжээ.
Өмнө нь иргэд улсын бүртгэлийн үйлчилгээг холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн төв суурин газарт байрлах улсын бүртгэлийн газарт биечлэн ирж авдаг байсан бол өчигдрөөс эхлээд иргэний үнэмлэхээ дахин авах иргэд улсын бүртгэлийн цахим систем burtgel.mn сайтаар орж захиалах боломжтой болсон байна.
Тухайн иргэн харьяалал харгалзахгүйгээр интернэтээр захиалаад хаанаас ч авах боломжтой бөгөөд өөрөө болон тухайн иргэний хамаарал бүхий этгээд цахим үнэмлэхийг нь очиж авах боломжтой болсон бөгөөд удахгүй шуудангаар гэрт нь болон ажил дээр нь шууд хүргүүлэх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.
Цахимаар захиалахдаа мэдээллээ үнэн зөв бөглөөп 43500 төгрөг төлөөд захиалгаа баталгаажуулснаас хойш Улаанбаатар хотод хүлээн авах бол 3-5 хоног, хөдөө орон нутагт 10 хоногийн дараа цахим үнэмлэхээ авах юм байна.
Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм. Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна.
Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй.Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.
Гадаад паспортыг онлайнаар захиалах үйлчилгээг хэзээ нэвтрүүлэх талаар хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна. Энэ ондоо багтаан уг үйлчилгээг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа.
Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг,
- Иргэний байнгын оршин суугаа хаяг
- Төрсөн газрын мэдээлэл
- Хурууны хээ
- Цахим гарын үсэг
- Иргэний үнэмлэхийн дугаар
Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.
Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой. Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байгаа юм байна.
Т.Гэрэл