| |
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ, ЗХЖШ-ын дарга нарыг солих саналаа УИХ-ын даргад хүргүүлэв
Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагуудыг солих саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Тодруулбал, уг асуудлыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх санал хүргүүлсэн юм.
Уг албан бичигт,
"Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай санал хүргүүлсэнтэй холбогдуулан дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна.
- Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно”, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт "Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж заасан.
Хуулийн эдгээр зохицуулалт Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 6 жил байна, томилогдсон дарга, дэд дарга нь энэ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдсөн тохиолдолд нөхөн томилгоо хийнэ, нөхөн томилогдсон дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөсөө эхлэн тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацааг дуустал үргэлжилнэ гэдгийг маш тодорхой илэрхийлдэг.
Монгол Улсын Их Хурал 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж Авлигатай тэмцэх газрын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг, дэд даргаар Батын Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл үргэлжлэхээр хуулийн дагуу тогтсон байдаг.
Гэтэл Н.Ганболд, Б.Хурц нар нь албан тушаалынхаа бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу хүсэлт гаргаж, Н.Ганболд нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 33 дугаар тогтоолоор, Б.Хурц нь Монгол Улсын Их Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 73 дугаар тогтоолоор тус тус албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.
Үүний хүрээнд Улсын Их Хурал нөхөн томилгоо хийж 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 30 дугаар тогтоол гаргаж Цээсүрэнгийн Нямдоржийг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж Хүрэлсүхийн Энхжаргалыг Авлигатай тэмцэх газрын даргаар тус тус томилсон.
Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон юм.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа ийнхүү дуусгавар болсонтой холбогдуулан миний бие 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын дарга, дэд даргыг томилох саналаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/5736 дугаар албан бичгээр "уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн тухай хууль зүйн үндэслэлгүй хариу ирүүлээд байна.
Тухайлбал энэ нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Зургадугаар бүлгээр зохицуулагдсан Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журамд нийцэхгүй, тус хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн "Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэсэн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа юм.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу миний бие 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч Улсын Их Хурлын чуулган завсарласны улмаас шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байгаа болно.
Иймд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг зөвшилцөх асуудлыг оруулах шаардлагатай байна.
- Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн томилно гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Ганбатын Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болоод байна.
Иймд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурорыг зөвшилцөх асуудлыг зохих журмын дагуу өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт Ерөнхийлөгч … ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ гэж заасан тул зохих журмын дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.