|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн 20, хөхүүл эхийн 50 мянгаар хүн амынхаа өсөлтийг дэмжиж чадах уу

Хүүхдийн 20, хөхүүл эхийн 50 мянгаар хүн амынхаа өсөлтийг дэмжиж чадах уу

 


Монголын хамгийн том баялаг юу вэ? Оюутолгой, Тавантолой эсвэл Эрдэнэт үү. Аль нь ч биш харин 3.2 сая монголчууд маань эх орныхоо хамгийн үнэ цэнэтэй баялаг нь билээ. Гэхдээ маргах аргагүй  нэг үнэн бол монголчууд  бид цөөхүүлээ. Хүн амынхаа тоогоор дэлхийн 194 улсаас 135 дугаар байранд эрэмбэлэгджээ. Аливаа тусгаар улсын хүн амын тоо наанадаж 5 саяас доошгүй байж  гэмээнэ аюулгүй байдлын хэм хэмжээгээ хангадаг тухай хаа нэгтээгээс  уншиж байсан санагдана.

Түүхэн баримтаас харвал Монгол Улсын хүн ам 2018 онд 647,5 мянга  байсан бол 1962 онд 1 сая болж өсчээ. Өөрөөр хэлбэл 44 жилд 352 мянгаар өссөн гэсэн үг. Эндээс харахад өсөлт их удаан явцтай байжээ. Харин 1988 онд  буюу 26 жилийн дараа 2 сая дахь иргэнээ өлгийдөн авсан байдаг. Үүнээс хойш дахин 27 жилийн дараа 2015 оны эхээр 3 сая дахь иргэн мэндэлсэн.  Өөрөөр хэлбэл хүн амын жилийн цэвэр өсөлт 38.4 мянган орчим гэсэн үг. 

Хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа төдийгүй хөгжлийн уг сурвалж, оршин тогтнохуйн бодит боломж ажгуу.

Манай статистикийн байгууллага  15-49 насны эмэгтэйчүүдийн тоо 2035 оны орчмоос нэмэгдэх учраас энэ үеийн төрөлтийн түвшний өсөлт бусад оноос илүү байх таамаглалыг дэвшүүлсэн нь бий. 1950 онд  нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоогоор Монгол улс дэлхийд тэргүүлж байсан бол 2015 онд төрөлт буурч буй орнуудын тоонд орж байна. Энэ бол сайн зүйл биш.

Монгол улсын хүн амын насны суварга 50 жилийн дараа өнөөгийн Японыхтой адил болох тооцоо НҮБ-аас гаргажээ. Өөрөөр хэлбэл, төрөлтийн одоогийн түвшнээр 50 жилийн дараа гэхэд таван монгол хүний нэг нь өндөр настан байна гэсэн тооцоог хийжээ.

Төрөлт буурах нь  улс үндэстний хувьд, ялангуяа Монгол шиг цөөхөн хүн амтай улс орны хувьд хүсээд байх зүйл биш. Төрөлт буурсаны уршгаар эдүгээ Европын ихэнх орны хүн амын орон зай цагаачдаар дүүрээд байгаа бодит жишээ байна.  Төрөлт буурснаар эдийн засаг,  хүн амын бүтцэд ямар хүндрэл тулгарч буйг Японы жишээээс харж болно.

Тэгэхээр хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа төдийгүй хөгжлийн уг сурвалж,  оршин тогтнохуйн бодит боломж  ажгуу. Азийн олон оронд  гэр бүлд чиглэсэн бодлогын ачаар төрөлт нэмэгдэж, 1970-1980 оны эдийн засаг, хөгжлийн их үсрэлт бий болсон гэж демографийн шинжээчид дүгнэсэн байх юм билээ. Өөрөөр хэлбэл хүн амын өсөлтийг хөгжлийн хүчин зүйл хэмээн үзжээ. Ингэж харвал эдийн засаг гэхээсээ өмнө хүн амын өсөлт хөгжлийг ярих хэрэгтэй юм шиг байна.

Монгол Улсын аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.1.3.1-д ”Монгол Улсын хүн амын өсөлтийг дэмжиж, монгол хүний хөгжил, амьдралын чанарт дэвшил гаргана” гэсэн сайхан үг өгүүлбэр бий. Харин үүнийхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа нь юу билээ гээд харвал дутуу дулимагхан дүр зураг харагдана.    

Эдүгээ Монголын төрөөс хүн амынхаа өсөлтийг дэмжих тоймтой бодлого зохицуулалт  хэр үр дүнтэй байгаа нь тодорхой бус. Бодлого гэхээсээ илүүтэй сонгуулийн шоу болгодог хүүхдийн 20 мянга, 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжүүдэд  сар бүр олгодог 50 мянган төгрөг төдий.  Алдарт эхүүддээ жилдээ нэг гар тэнийж байгаа байх. Харин энд дурдах нэг сайн жишиг гэвэл  хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь 1.5 жилээр тооцох журам гарсан.  Ерөнхий зургаараа бол оргүйгээс охинтой гэдэг шиг л хэтэрхий мөнгө үнэртсэн  дэмжлэг.  Тийм ч болохоор тэр үү, хүн амаа өсгөх төрийн бодлого бэлэн мөнгөний "угж” болж хувирлаа гэсэн шүүмжлэл ч байдаг нь талаар бус.

Бусдын ямар жишиг байна вэ

Улс орнууд хүн амынхаа өсөлтийг тэнцвэртэй байлгах тал дээр янз янзаар бодлого зохицуулалт хийж байгаагийн хамгийн шинэхэн жишээ гэвэл Унгар улс.

Өнгөрсөн ням гарагт  Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдээс  насан туршид нь татвар авахгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр "Европ даяар хүн амын хомсдлоо цагаачдаар нөхөх болсон. Унгарчууд бид үүнээс өөр замыг сонгоно. Цагаачдыг хүлээн авахын оронд бид олон хүүхэд төрүүлж, хүн амаа нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж ерөнхий сайд Виктор Орбан иргэддээ хандан уриалжээ.

Энэ  бодлогынхоо хүрээнд Унгарын хүн амыг өсгөхийн тулд дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдийг насан туршид нь татвараас чөлөөлөх, олон хүүхэдтэй айл өрхүүдэд моргэйжийн зээлийг таатай нөхцлөөр олгох, автомашин худалдаж авахад нь дэмжлэг үзүүлэх, цэцэрлэг, хүүхэд асрах газруудыг олноор бий болгох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээ амласан байна. Монголд ч гэсэн ийм боломж байгаа шүү дээ.

Швед  улс хүн амаа өсгөх бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст хүүхдээ харах 480 өдрийн цалинтай чөлөө эн тэнцүү олгох зохицуулалттай болжээ. Цалинг нь чөлөөний эхний 390 хоногт өдөрт 110 хүртэлх ам.доллар, үлдсэн хугацаанд үүнээс  арай багасгаж тооцдог гэнэ.

Дэлхийд боловсролын хүчирхэг байдлаараа гайхагдаж байгаа Финлянд улсын Засгийн газар залуу гэр бүлээ хүчтэй дэмждэг. Тухайлбал,  тэднийг үр хүүхэдтэйгээ хамт байхад нь өргөн дэмжлэг үзүүлж, ээжүүд төрөхөөсөө өмнө   болон хойно тус бүр 4 сарын цалинтай чөлөө авдаг. Дараа нь үргэлжлүүлэн тухайн  гэр бүлийн эхнэр нөхрийн аль нэг нь 6 сарын  бүтэн цалинтай амралт  авч хүүхдээ асардаг.  Хэрэв эцэг эх нь хүүхдээ цэцэрлэгт оруулахаар болбол Засгийн газраас  тэр хүүхдийн асаргаанд зориулж жилдээ 4000 хүртэл ам долларыг нэмж хуваарилдаг  гэсэн жишээ байна.

М.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler