![]() |
Видео
Шинэ мэдээ
Ч.Ганжавхлан: Амьдрах гээд л …
00 цаг 07 минут өнгөрч. Гэртээ орж ирэх гэтэл хаалганаас нэг жижигхэн цаас зүүлттэй байна. Ус дулааны үлдэгдэл 58156.53 төгрөг гарсан байна. Төлбөрөө төрийн болон хаан банкинд … Гэртээ орж ирээд нөүтбүкээ асаагаад хэсэг юм бодов … Өнөөдөр орой их олон төрлийн амьдралыг анзаарснаа санав. Насаараа орон гэргүй хүмүүсийн төлөө амьдарсан, одоо ч гэсэн зүтгэсээр буй 73 настай нэг хөгшнийг зорьж очсон юм. Би ямар ч байсан 7 хоногтоо нэг удаа, заримдаа өдөр бүр шахуу түүн руу залгаж "Буу халдаг” билээ. Нарантуулаас хагарсан өндөг барианы шилэнд цуглуулаад явж байна, автуусанд явж байна, барс дээр муудсан ногооны гуйлга хийгээд явж байна, өдөржингөө аяга цай ч амссангүй ядраад дэмий жаахан суулаа, нүүрсны хогноос судалтай чулуу түүгээд явж байна түлэх түлээгүй болсон … Энэ бол тэг чигээрээ Монголын амьдрал юм. "Судалтай чулуу түүж түлэх” гэдгийг зарим гэр хорооллын айлууд ч үнэндээ ойлгож мэдэхгүй … Улиастайн эцсийн буудлаас 2 шуудай нүүрс 6000 төгрөгөөр худалдаж аваад, сүү компот, стимо боорцог зэргийг уутлан тас харанхуй гудмаар эмээгийнх руу өгсөв. Энэ хавьд бид Ид шидийн орон 2-г барих гэж байгаа билээ. Хүүхдэд модон чихэр цонхны цаанаас харуулчихаад "Идэх үү дээ идэх үү дээ” тавлаж буй аятай хоёр худаг харанхуй гудамнаас өөр юу ч үгүй газар байгаа хүүхдүүдэд бид "Мөрөөдөл зорилго” ярьдаг билээ. Эмээ галаа аймар өрджээ. Аяга цай чанах юм болов. Сайхан цагт сүлсэн цайтай байдаг энэ хотхон хар цайтай, миний авчирсан савлагаатай сүүгээр сүлж байхыг бодвол зутруу байгаа бололтой. Оройжин эмээ Монгол улсыг архичингүй, гудамжны хүнгүй болгох төлөвлөгөөгөө надад ярин зураг төслөө харуулав … Анх удаа сонсож байгаа юм биш л дээ. Энэ засаг дэмжих болов уу, тэр засаг харах болов уу гэсээр хэдэн ч жил ярьж байгаа юм бүү мэд … Байн байн л "Нас хүрвэл” гэж ярих болж … Би энэ ажлыг яг 20 жил хийгээд л 75 насныхаа ой дээр бүгдийг нь цэгцлээд 2 жил амрахсан гэж бодсон юм гэж гунигтайхан хэлнэ … Гадаад мадаадаа больё гэхэд чиний тэр жуулчин авч яваад байдаг Хөвсгөл гэдэг газар амьд байхдаа нэг очиж үзэхсэн … Эмээ 30 гаруйхан настай хүүгээ архинд живж траншейны хүн болоход нь татаж авч чадахгүй явсаар ор сураггүй болж одоог хүртэл итгэл нь тасрахгүй хайж яваа юм … Жил гаруйн өмнө очиход талийгач Хайдав гуай түүнтэй уулзаад сууж байсансан, түүнд бас нэг сураггүй болсон хүү байсан юм билээ. Эцэг эх хүн гэдэг эцсийн мөчөө хүртэл үрээ гэсээр дуусдаг юм уу даа … Иймэрхүү зүйлсийг бодон тэднийхээс гэр луугаа хөдөлж байхдаа байнга л шөн дөлөөр юм хийж суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ төлөө, ижил зовлонтой бусдын төлөө амьдралаа зориулан зүтгэж буй нэг найз руугаа ярив. Овоо эрт гэртээ харьсан санж. Бас л нэг амьдрал, зовлон ярив. Өөрөө бол сэмбийтэл амьдарчих л боловсрол, эрч хүчтэй хүн л дээ, харин бусдын төлөө эхэлсэн ажил нь сорилттой байгаа бололтой. Би түүнд 73 настай эмээ 20 жил бусдын төлөө явж байгаа, дөнгөж энэ сард л гэхэд 10 гаруй ББСБ дээр өрийн бичигтэй хамаг юмаа тавиад орон гэргүй хүмүүсийг тэжээчихсэн тэгсэн хэрнээ тунчиг цоглог болно доо болно гээд сууж байгаар ярьж өгөн цоглог бай гэж намжирдав. Орцны үүдэн дээр хэдэн залуус тунчиг аз жаргалтайгаар нэг машиныг хучиж элдэв шог хошин юм ярьж инээлдэнэ. Орцонд нэг хүн согтуу хэвтэнэ. Баян ядуу ямар байх нь хамаагүй, хүн бүр л амьдарчих гээд л хичээж л явна даа … Архинд тасарсан нь ядаж хөлдөж үхчихгүй юмсан гээд л, шуудай нүүрсгүй нь дулаахан хоночихсон гээд л, дулаахан байртай нь илүү жаргалтай болохсон гээд л … Хэн нэгний хувьд ямар ч утга учиргүй зүйлсийг өөр нэг хүмүүс мөрөөдөн тэмүүлж, хүсээд олдохгүй жаргалыг хайраар нөхөж дулаацсаар … Энколд нь огцорнуу яануу эрх чөлөөтэй л бол диваажин шүү дээ гэж шоронд хүмүүс гансрахад, шорон ч гэсэн амьдрал шүү гэж ахмадын асрамжийн газар эцсийн мөчөө хүлээн суугаа хөгшид санааширна … Бүгд л амаргүй өдрүүдийг туулж байна, бие биедээ л жаахан энэрэнгүй байх хэрэгтэй юм шиг !
Ч.Ганжавхлан
