|
Видео

Шинэ мэдээ

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

Н.Мөнхбаяр: Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр яах юм бэ?

Энэ удаагийн "Бизнес, хөгжил” булангийн зочноор хаягдал дугуйг буталж, резинэн хавтан үйлдвэрлэдэг "Инахис” компанийн захирал Н.Мөнхбаярыг урьж, ярилцлаа.
 
-"Үндэсний үйлдвэрлэгч л гээд байдаг, урдаас л түүхий эдээ авдаг биз дээ” гэсэн хандлага байдаг. Харин танай компани хаягдлыг бүтээгдэхүүн болгож байгаагаараа онцлогтой юм билээ. Үйлдвэрлэлээ хэзээ эхэлсэн бэ?
 
-20 гаруй жилийн өмнө би Австралид ийм үйлдвэрт хэд хоног ажилласан юм. Түүний дараа Хятадын бүх мужаар явж, 2-3 жилийн хугацаанд судалгаа хийж байгаад үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Үйл ажиллагаа эхлээд арван жил болж байна.
Үйлдвэр байгуулна гэдэг ганцхан өдрийн ажил биш л дээ. Эхлээд дугуйнуудаа цуглуулсан. Уул шиг дугуйн овоотой болсон байсан. Одоо л зардаг болсноос биш тэр үед хаягдал дугуй үнэгүй байлаа. Герман, Америкийн технологиудыг бүгдийг нь судалсан. Энэ технологи дэлхийд 50-60 жилийн өмнө нэвтэрсэн байдаг. Үйлдвэрээ байгуулчихаад эхний хэдэн жил борлуулалтаа хийхэд маш хэцүү байсан. Бүтээгдэхүүнээ таниулах гэж их зовсон доо. Монголчууд энэ резинэн хавтан гэдгийг мэддэггүй, ойлгодоггүй байлаа.  Манайхыг үйлдвэрээ байгуулах үед энэ бүтээгдэхүүн Хятад, Солонгос, Туркээс орж ирдэг байсан. Гадныхны боловсруулсан хогийг авдаг гээд хэлчихэд буруудахгүй байх. Бид хаягдал дугуйг боловсруулдаг таван аргын нэгийг нь л ашиглаж байна.
 
-Хаягдал дугуйг боловсруулна гэхээр шатаах тухай ойлголт байдаг?
 
-Дугуйг янз бүрийн хэмжээгээр бутална гэсэн үг. Шатаахгүй, байгальд ээлтэй аргаар устгаж, бүтээгдэхүүн болгож байна. Гурилнаас эхлээд цагаан будаа, хөц будааны хэмжээ хүртэл буталж жижиглэнэ. Үүнийгээ хэвлэж шахаад бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг.  Одоогийн байдлаар манайх 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байгаа. Үйлдвэрлэлийн 60-70 хувьд нь хүүхдийн тог­лоомын талбай, бодибилдинг, сагс гэх мэт спортын талбайд резинэн хавтан нийлүүлж байна.
 
-Бүтээгдэхүүнийхээ чанарыг импортынхтой харьцуулж хэлээч?
 
-Бид ерөнхийдөө Германы технологиор үйлдвэрлэдэг. Анх үйлдвэрээ байгуулчихаад бусад байгууллагатай адил нэг жилийн баталгаа өгдөг байлаа. Яваандаа бүтээгдэхүүн маань ямар ч эргэлзээгүй, найдвартай тул насан туршийн баталгаа өгдөг болсон. Үндэсний үйлдвэрлэгчид ийм байх ёстой. Бидний үйлдвэрлэсэн резинэн хавтанд ямар ч үнэр байхгүй. Хятадынх муухай үнэртэй,  захаараа зузаан голоороо нимгэрэх гэх мэт асуудлууд байдаг.
 
-Танай үйлдвэр Монголын резинэн хавтангийн зах зээлийн хэдэн хувийг хангаж чадах вэ?
 
-Бид цагт хаягдал 150 дугуйг буталдаг. Өдөртөө 1000 гаруй дугуйг устгана гэсэн үг. 10 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш найман сая дугуйг устгаад байна. Түүхий эд бэлтгэх явц нь энэ. Харин  бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлын хувьд өдөртөө 100 ам.метр буюу нэг цэцэрлэгийн тоглоомын талбайг тохижуулах хүчин чадалтай. Мөн нэг хотхоны тоглоомын талбайг бүрэх хавтанг нэг өдөрт үйлдвэрлэж чадна гэсэн үг. Монголынхоо зах зээлийг бүрэн хангах боломж бий.
 
-Резинэн хавтангийн импортыг бүрэн орлож чадна гэсэн үг үү. Хаягдал дугуйгаар өөр ямар бүтээгдэхүүн хийж болох вэ?
 
-Импортыг хангалттай орлоно. Байгуулагдсан цагаасаа л хойш бүх л шагналыг нь авсан шүү дээ. Бүх сайд, дарга нараас магтаалын үг сонсч явлаа. Байгальд ээлтэй технологи нэвтрүүлж байна, хаягдал дугуйг устгаж байна гээд бүгд л сайшаадаг. Түүхий каучукийг дугуйнаас гаргаж авч байна гэсэн үг л дээ. Үүгээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Машины шалавч, гутлын ул, резинэн хувин, уул уурхайд ихээр хэрэглэж байгаа конверийн резин гээд каучукаар хийж болох бүх зүйлийг эх орондоо үйлдвэрлэж чадна. Хэрэв дэмжээд өгдөг бол шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмж оруулаад ирмээр байна, хиймээр байна шүү дээ.  Жил бүр хагарчихлаа гээд солиод байгаа явган хүний замын хавтанг хүртэл хийж болно. Эвдрээд бутарчихлаа гэхэд дахин бутлаад эвлүүлээд хэвлэчихнэ.
 
-Манайх иймэрхүү оновчтой шийдэл, үйлдвэрлэлээ дэмжихгүй байна л даа?
 
-Сүүлийн таван жилд л гэхэд зөвхөн байгаль орчны яам нь таван сайдын нүүр үзлээ шүү дээ. Тэгэхээр яаж дэмжигдэх юм бэ.  Нэг нь овоо ойлгоод явж байтал солигдчихно. Би өнгөрсөн хугацаанд Зээлийн батлан даалтын сан, ЖДҮ-г дэмжих сан, Жайка гээд олон газар хандсан. Хөнгөлөлттэй зээл авч чадаагүй.  Үнэнийг хэлэхэд үйлдвэрлэлийн явцад маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй болдог.  Хэдэн ажилчнаа гадагшаа гаргаад явуулчихгүйн тулд цалин хөлсийг нь тохирох хэмжээнд өгөхийг хичээж байна. Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл Монголд байгаад байхад шагнахаас өөрөөр ямар ч дэмжлэг алга.  Бид цагт 150 дугуй буталж устгаж байна гээд бод доо. Дугуй засваруудын гадаа байгаа хаягдал дугуйнуудыг хар. Түлээ нүүрсний үнэ өсөхөөр хаягдал дугуй зууханд ороод байна. Гэтэл утаа, бохирдол гээд гарц хайгаад байдаг. Нэг шийдэл нь бэлэн байна шүү дээ. Би өөрөө шинжлэх ухааны салбарын хүн. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал чинь шинжлэх ухааны салбартай салшгүй холбоотой. Гэтэл эрдэмтэн, судлаачдынхаа санааг дэмждэггүй, анхаарал тавьдаггүй, цалин хөлсийг нь нэмдэггүй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэж улиг болтлоо ярьж байгаа хэрнээ бодит амьдрал дээр хаана байна вэ. Хэрэв энэ хэдэн компанийнх нь орлого нэмэгдээд ирвэл ядаж л сав баглаа боодлоо сольё, өнгө зүсээ нэмье гээд цаашид бусад салбартаа салаалаад үр ашиг нь хүрмээр юм.
 
-Сайд, дарга нараас магтаал их сонссон гэсэн шүү дээ. Танай бүтээгдэхүүнийг төр худалдаж авсан уу?
 
-Үгүй ээ, юу ч аваагүй.  Хотын дөрвөн даргатай би уулзсан. Хамгийн сүүлд өнгөрсөн хавар С.Батболд дарга үйлдвэр дээр очиж магтаад, худалдан авалт хийнэ гэсэн. Гэтэл сая өөрөө буучихлаа. Интерпренерээс эхлээд бүх л шагнал, цомыг бид авсан. Зээлийн барьцаанд ч тавьж болохгүй цом, өргөмжлөлөөр би яахав дээ. "Та нар наад шагналаа болиоч ээ, бодитой дэмжлэг хэрэгтэй байна” гэж хэлснээс хойш манайхыг шагнахаа больсон.  Хэрэв төр нь дэмжээд ядаж худалдан авалт хийчихдэг бол үйлдвэрлэгчид маш их урам зориг орно доо. Үйлдвэрлэгч компаниудын орлого нэмэгдээд ирвэл энэ нийгэм их өөр болно.
 
-Танай борлуулалт хэр байдаг юм бэ. Барилгын компаниуд хэр дэмжиж байна?
 
-Олон жил ажиллаж байгаа, тогтвор суурьшилтай компаниуд манайхаас аваад сурчихсан. Дээрээс нь насан туршийн баталгаа өгдөг болохоор амар байдаг юм.  Технологийн байдлаас болоод муудвал бид янзлаад л өгнө. Барилгын компаниуд, мэргэжлийн хяналт, салбарын яамдын хамтын ажиллагаа маш муу байдаг.  Нэг хотхон, хороолол барьчихаад 100 ам.метр хүрэхгүй тоглоомын талбай төлөвлөдөг. Тэнд 500 айл байлаа гэж бодоход дор хаяж 100 хүүхэд амьдарна биз.  Голд нь ганц гулсуур, ганц савлуур тавьчихаад тохижилт гээд нэрлэчихнэ. Бүтээгдэхүүнээ зарах гээд байгаадаа ч биш худалдан авагчид хүүхдэд ээлтэй компанийг сонгож, үүнийг шаарддаг байх хэрэгтэй.  Болсон болоогүй стандарт бус нэг жилийн ч насгүй тендерийн тоглоом шахчихаад, өнөөх нь  өвөл нь хагарчихдаг. Тэр хүмүүс өөрсдөө хэрэглэхгүй болохоор энэ хүүхдэд ээлтэй юу, хэдэн жилийн баталгаатай вэ, чанартай юу, үнэр гарах уу, ялзарч муудах уу нь огт хамаагүй байна л даа. Гэтэл бусад улс оронд байшингаасаа том орчинг зориулдаг.  Хэрэв компаниуд хамтраад ажиллавал үүнээс илүү боломж бий. Хятадад гэхэд нэг нь дугуйг нь цуглуулж өгнө, нөгөө компани нь бутална, бас нэг нь хэвэлж байх жишээний. Манайд тусдаа л зүтгээд байдаг. Үнэнийг хэлэхэд үндэсний үйлдвэрлэл ярихаар "Өө энэ чинь Хятадад хямдхан байгаа. Тэндээс авчихья” гэж хэлдэг нь маш олон шүү. Гадныхны боловсруулсан хог хаягдлыг их хэмжээгээр худалдаж авдгаа болих хэрэгтэй. Олон ч жил энэ тухай ярьсан даа.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler