| |
Ж.Мөнхбат: Л.Болд гишүүн хувийн "Богд" банкны харилцах дансанд 30 тэрбум хууль бусаар байршуулсан гэрээ нь энэ байна
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр хэвлэлийн мэдээлэлд заавал тайлбар хийхгүй бол болохгүй болоод мэдээлэл хийж байна. Өнөөдөр 11 цагт Л.Болд гишүүн намайг Богд банктай холбоотойгоор гүтгэсэн гэв.
УИХ-ын нэр бүхий гишүүн, тухайлбал Э.Амарзаяа гишүүн Л.Болд гишүүний хувь хувьцаа эзэмшдэг, хувийн гэж хэлж болох Богд банкнаар Хөгжлийн банкны гэгдэх 30.8 тэрбум төгрөгийг харилцах дансандаа байршуулж байна гэж бараг сар орчмын өмнө хийснийг та бүхэн мэдэж байгаа байх.
Үүний өмнө бараг хоёр сар орчмын өмнө Засгийн газрыг огцруулахтай холбоотой УИХ-ын чуулган дээр Л.Болд гишүүнийг та хувийн банктай холбоотойгоор энэ асуудалд хувийн эрх ашигийн үүднээс хандаад байгаа юм биш үү гэж миний бие ярьсан. Тэр үед би ипотекийн зээлтэй холбоотой зүйлийг ярьсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Мөн гаднаас бонд босгохтой холбоотой зүйлсийг ярьсан.
Харин намайг энэ зүйлийг ярьснаас хойш энэ мэдээллээ хийсэн юм. Энэ мэдээллийг би яагаад хийх болсон бэ гэхээр намайг өмнө засгийн үед ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үед Л.Болд гишүүн өөрийн хувийн банкиндаа 150 сая ам.долларын бонд босгох асуудлыг Засгийн газраар дэмжээд өгөөчээ гэдэг хүсэлтийг тавьж хэд хэдэн удаагийн уулзалтуудыг хийж байсан. Үүнийг нь би сануулж хэлсэн юм. Гэхдээ энэ хүсэлт нь биелэгдээгүй л дээ. Тиймээс надад Л.Болд гишүүн буруу зөрүү зүйл бодож явдаг байж магадгүй.
Үүний дараагаар би ЖДҮ-тай холбогдсон гишүүдийн асуудыг хэлэлцэх үеэр Л.Амарзаяа гишүүний хэлээд байсан нь үнэн юм байна лээ шүү гэдгийг хэлсэн. Ингээд би өчигдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр энэ зүйл чинь үндэслэлтэй юм билээ. 8 сая ам.доллар, 9.8 тэрбум төгрөг Богд банкны харилцах дансан дээр байршиж байгаа нь үндэслэлтэй юм байна лээ гэж хэлсэн. Харамсалтай нь Л.Болд гишүүн байнгын хорооны хурлын танхимд намайг "Цуст алуурчин, цуст алуурчин" гэж хэд хэд дахин орилж, "Чиний цуст алуурчин гэдгийг нотлоно" гээд ярьсан. Яагаад энэ зүйл яригдсан бэ гэхээр Сүхбаатарын талбай дээр болсон жагсаал цуглаан дээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар 200, 200 хүн бэлдээд энэ жагсаалыг цуст мөргөлдөөн рүү оруулахаар бэлдсэн. Мөн ард нь цэргийнхэн байгаа гэсэ зүйлийг Л.Болд гишүүн мэдэгдсэн. Мэдээж цэргийнхэн маань Зэвсэгт хүчний жанжин штаб, Монгол Улсын Ерөнхийлөгчид харьяалагддаг. Тэр жагсаал цуглааны тийм нөхцөл рүү түлхэх санаа байтугай бодол ч орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Өнөөдөр би өчигдөр орой байнгын хорооны хурал дээр мэдэгдсэн, Л.Амарзаяа гишүүний анх гаргаж ирсэн асуудлыг үнэн гэдгийг баримтаар нотолж байгаа юм. Тодруулбал, 2018 оны долдугаар сарын 26-ны өдрийн дугаар бүхий тоот гэрээг Монгол Улсын Хөгжлийн банк болон нөгөө талаас Богд банктай байгуулжээ. Энэ гэрээндээ тохиролцсон хугацаанд байршуулж буй 8 сая ам.долларыг Богд банкинд байршуулна гэдгийг тодорхой заагаад өгчихсөн байна. Мөн хугацааг нь нэг жил байхаар байгуулж талууд гарын үсэг зурж, Богд банкнаас гүйцэтгэх захирал н.Саруул, Хөрөнгө оруулалт зохицуулалтын хэлтсийн захирал Э.Ган-Эрдэнэ нар зуржээ.
Энэ 8 сая.ам долларыг мөнгөн дүнд шилжүүлбэл 20 гаруй тэрбум төгрөг болно.
Дараагийн бас нэг гэрээ 2018 оны 10 дугаар сарын 24-нд байгуулжээ. Мөн Богд банктай, Хөгжлийн банк байгуулсан гэрээ юм. Энэ нь гэрээнд нэг зүйл байгаа нь байгууллагын харилцах дансаар төлбөр тооцоо үзүүлэх гэрээ юм. Богд банк бол хадгаламж авах эрхгүй жижиг банк. Тиймээс харилцах дээрээ байршуулаад байгаа юм байна. Харилцах дээрээ ийм хэмжээний мөнгө байлгаад болохгүй учраас энэ гэрээг нэмэлтээр байгуулжээ.
Дараагийн гэрээ нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үнэт цаас барьцаалах гэрээг байгуулчихжээ. Энэ нь Монгол банкинд байгаа 22 мянган ширхэг үнэт цаасаа барьцаалах гэрээ хийжээ. Уг гэрээ нь авсан ам.доллартаа Монгол банкнаас гаргасан юм.
Хоёрдугаарт УИХ-ын гишүүн Л.Болд мэдээлэл дээрээ Засгийн газрыг огцруулахдаа энэ мөнгийг авсан уу үгүй гээд байна лээ. Би бол Засгийн газрыг огцруулахтайгаар холбоотойгоор авсан гэж нотолж чадахгүй шүү дээ. Харин хардах эрх байгаа. Үүний төлөө намайг цуст мөргөлдөөнд уриалсан, цуст алуурчин гэж олон нийтэд мэдээлснийг нь төлөө хуульд заасан иргэний эрхийнхээ дагуу шүүхэд өгсөн. Шүүх үнэн мөнийг тодруулаад өгөх байхаа.
Мөн өнөөдөр миний ярьсан баримтууд Засгийн газар огцрохтой ямар ч холбоогүй зүйл юм. Харин хувьсгал хийнэ, Монгол Улсыг өөрчлөнө гээд байгаа гишүүн маань өөрөө хууль бусаар өөрийн банкныхаа харилцах дээр мөнгө байршуулчихсан. Хоёрдугаарт ийм хүн Монголын нийгмийг цэвэршүүлж, ард түмний талд байж чадах уу гэдгийг энэ мэдээллээрээ дамжуулж хэлмээр байна. Эцэст нь хэлэхэд Л.Болд гишүүн өнөөдөр өглөө өөрөө миний нэрийг дурдаж мэдээлэл хийсэн учраас би тэрхүү мэдээлэлд нь няцаалт болгож энэ мэдээллийг хийж байгаа юм шүү.
Энэ их хэмжээний мөнгийг байршуулсан нь гаднаасаа харахад өндөр активтай харагдаж байна. Мөн энэ их хэмжээний мөнгийг байршуулаад өндөр хүүтэйгээр зээл гаргаж мөнгө хүүлж байх магадлалтай гэж хардаж байгаа юм" гэлээ.
Б.Аз