|
Видео

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн салбар орхигдож эмнэлгүүд ачаалалтай байна

Эрүүл мэндийн салбар орхигдож эмнэлгүүд ачаалалтай байна

 


News агентлаг долоо хоног бүрийн "Яам агентлагаар сонин юутай байна вэ” булангаараа Эрүүл мэндийн яамыг онцолж байна.


Гурав дахь ес эхэлж, хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт нийслэлд буурахгүй байна. Дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй том хүмүүсийн хэвтдэг тасгийг хүртэл хүүхдийн тасаг болгож, эмнэлгийн коридортоо ор байрлуулаад ч томууны дэгдэлт буурахгүй байгааг албаныхан хэлж буй.

ХАНИАД ХҮНДЭРСНЭЭС ХОЁР ХҮҮХЭД НАС БАРАВ

Хамгийн сүүлийн мэдээллээр томуу, томуу төст өвчний дэгдэлд арваннэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд улсын 11 аймаг, нийслэлд тархалт өндөртэй байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулбал бага боловч томуу, томуу төст өвчин тусч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгджээ. Мөн томуугийн вирус лабораторийн шинжилгээний 40 хувийг эзэлж байгаа бөгөөд N1H1 зэрэг 4-5 вирусийн тархалтыг нэмэгдүүлж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их гэсэн судалгаа гарчээ. Мөн нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэл дэх хүүхдийн эмнэлгийн нийт 977 ор дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байгаа ажээ. Ингэснээр хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд байгаа юм. Он гарснаас хойш хоёр аймагт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хоёр хүүхэд энджээ.  Түүнээс гадна нийслэл хотын хэмжээнд 977 хүүхдийн ор бэлтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт 723 хүүхэд нэмэгдлээ. Орны ачаалал 73 хувь буюу орны хэтрэлт 52.3 хувьтай байгаа аж. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас ялангуяа удахгүй болох Сар шинийн баяраар бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг айл хэсэхгүй байх, хүүхдийг үнсэхгүй байх зэрэг зөвлөмжүүдийг мэргэжлийн байгууллагууд өгч байна.

ХҮҮХДЭЭ АСРАХ ЭЦЭГ, ЭХЧҮҮДЭД ТАВ ХҮРТЭЛХ ХОНОГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 0-5  хүртэлх насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгох тогтоол гаргасан. Тодруулбал,  тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсхүл гэрээрээ асрахаар бол 3-5 хоног цалинтай чөлөө өгөх тогтоол гаргажээ. Мөн уг тогтоолыг хувийн хэвшлийнхнийг дэмжиж ажиллахыг уриалсан байна.

2018 оны есдүгээр сарын 1-нд төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачаалалтай ажилладаг сувилагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд сувилагчид маань 127-183 мянган төгрөгөөр цалингаа нэмэгдүүлсэн. Өнөөдөр эмч нарын цалингийн  шатлал 4-5 дугаар шатлалд байгаа. Тэгвэл сая Засгийн газрын хуралдаанаар эмч нарын цалингийн сүлжээний  шатлалыг 6-7 руу  авчирлаа. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу мөнгөн дүнгээр  122-270 мянган төгрөгөөр нэмэгдлээ.

ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭВ

Мөн  сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийн хүмүүсийн цалингийн нэмэгдэл орхигдсон байсан. Тухайлбал сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, эм найруулагч , сэргээн заслын мэргэжилтэн, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн техникч нарын цалингийн сүлжээний шатлал нэмэгдээгүй байсныг сая Засгийн газрын хуралдаанаар нэмэгдүүллээ

Засгийн газар нь ажлаа хийж, дүүрэг болгонд эмнэлэгтэй, утааг бууруулсан бол томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, өнөөдрийн нөхцөл байдал үүсэх байсан уу гэдэг бас л хөндөх асуудал. Энэ Засгийн газар байгуулагдаад жил гаруй хугацаа, МАН-ын засгийн эрх бариад гурав дахь жилдээ орж байна. Гэхдээ энэ хугацаанд шинээр хүүхдийн эмнэлэг лав барьсангүй.  Салбарын сайдын зүгээс "Хүнд өвдсөн хүүхдийг буцаахгүйн тулд  коридорт эвхдэг оронд авч байгаа нь бодит үнэн. Өмнөх жилүүдтэй харьцуулахад дэвшил боловч энэ нь хэвийн үзэгдэл биш. Багтаамж, агаар, орчин, ариун цэврийн  хувьд  мэдээж сөрөг талтай. Гэхдээ нэгэнт хүүхэд өвдсөн, ор байхгүй гээд буцаах эрхгүй учир өнөөдөр  гал унтраасан маягаар л ажиллаж байна. Том хүний өрөө, эмчийн өрөө, сувилагчийн өрөө, сургалтын өрөө бүгдийг чөлөөлсөн. ДЭМБ-аас өнгөрсөн тавдугаар сард мэргэжилтнүүд ирэх үеэрээ амьтны гаралтай вирус нь хүний томуу, томуу төст өвчний вирустай мутацид орж, цоо шинэ вирус дэгдэх вий гэж анхааруулж байсан. Харин тийм зүйл болоогүй ч дэгдэлт их байна. Дэгдэлт зөвхөн манай улсад бус АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсад томуугийн дэгдэлт өндөр байгаа. Вирусын өвчлөл дэлхий дахинд их байгаа энэ үед бид бэлтгэлээ сайн хангах нь хамгийн чухал. Өнөөдөр бид уламжлалт, мэдрэл, дотор гээд том хүнд үйлчлэх ёстой бүх тасгаа хүүхдийн ор болголоо. Томуугийн дэгдэлтийн үед хамгийн доод тал  нь 500-аас доошгүй орны нэмэгдэл шаардагдаж байна. Томуугийн дэгдэлт цаашид ч гэсэн тогтмол гарсаар байх төлөвтэй байгаа тул нийслэл хотод эхний ээлжид 500-аас доошгүй ортой хүүхдийн шинэ эмнэлэг бариулах талаар Улсын онцгой комисст санал гаргасан” гэдгээ илэрхийлж буй.  Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр жил бүр л ханиад, томууны цаг ирэхээр хүүхдийн эмнэлэгтэй болно, хүүхдийн эмнэлэг барина гэдгийг үе үеийн Засгийн газар болон салбарын сайд нар нь хэлдэг ч өнөөдөр хүүхдэд зориулсан нэг ч эмнэлэг шав тавьснаас цаашгүй л байна. Тиймээс ирэх жилдээ энэ жилээс эхлэн бэлтгэж, утаанаасаа салах, хүүхдийн эмнэлэг барих асуудлаа яг одоо эхлүүлээч, эрх баригчдаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler