| |
Видео
Шинэ мэдээ
Томуу, томуу төст өвчний дэгдэлтээс болж хүүхдийн орны ачаалал хэтэрсэн гэв
Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамны хурлын танхимд холбогдох мэргэжилтнүүд болон ДЭМБ-аас мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт 2019 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт амбулаторийн үзлэгийн 9.3 хувийг эзэлж байна. Энэ тоо нь үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар бага байгаа ч томуугийн А хүрээний /H1N1/ вирус, томуугийн 4-5 вирус давхар эргэлтэд байна. Энэ нь бага насны хүүхдүүд уушгины хатгаагаар хүндрэх гол шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 7.1 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 0.3 хувиар их гэсэн судалгаа гарчээ. Мөн нэгдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэл дэх хүүхдийн эмнэлгийн нийт 977 ор дээр 1497 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1359 нь амьсгалын замын өвчтэй хүүхэд байгаа ажээ. Ингэснээр хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтрээд байгаа юм.
Он гарснаас хойш хоёр аймагт амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас хоёр хүүхэд энджээ.
Цагаан сараар бага насны хүүхдээ дагуулж явмааргүй байна
Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Д.Нарангэрэл "Энэ жилийн нийт амбулаторын үзлэг өнгөрсөн гурван жилийнхээс харьцангуй бага боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо өнгөрөгч гурван жилийн үзүүлэлтээс өндөр байна. Өнөөдрийн байдлаар лабораторын шинжилгээний 40 хувийг А хүрээний /H1N1/ вирус эзлэх хандлагатай байна.
Энэ байдлыг ажиглахад уламжлалт цагаан сарын баярын үеэр томуу, томуу төст өвчний дэгдэлт бүс нутгийн хэмжээнд бус улсын хэмжээнд томуугийн дэгдэлт гарах өндөр магадлалтай байна. Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна. Тиймээс цагаан сараар бага насны хүүхдээ дагуулан гадуур гарахгүй, нэг нэгнээ тэвэрч үнсэхгүй баймаар байна" гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунзаяа "Дэлхийн 114 оронд хэрэгждэг тандалт судалгааны сүлжээнд Монгол Улс 1978 оноос хойш нэгдсэн. Гэхдээ 2002 оноос хойш бүтэн жилийн турш томуугийн сорьцыг цуглуулж, дүн шинжилгээ хийж ирсэн. Томуугийн цар тахлын бэлэн байдлыг судлахад Монгол Улсад 152 томуугийн нэгжээс сорьц авч, дүн шинжилгээ хийдэг. Өнгөрсөн жилийн хувьд нэг дэх долоо хоногоос 51 дэх долоо хоног хүртэл 1384 сорьц цуглуулж, 294 сорьцод томуугийн вирус илэрсэн.
Дэлхий нийтэд улирлын томуугаар жил бүр 650 мянган хүн нас барж байна. Нийтдээ нэг тэрбум хүн улирлын томуугаар өвддөг гэсэн судалгаа бий. Гэхдээ томуугаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Тамифлю эмийг нийгмийн эрсдэлтэй бүлгийн хүмүүст эмнэлгийн байгууллагаар дамжуулан хэрэглэдэг. Энэ эмийг 48 цагийн дотор эрт өгвөл эмчилгээний үр дүнтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас томуугийн улиралд эмчилгээнд зориулан 1888 тун тамифлюг нийлүүлж байгаа. Энэ эмийг зөвхөн эмчийн заавраар эмнэлэгт хэрэглэж болно” гэлээ.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн эмч У.Цэвэгмид "Өнөөдрийн байдлаар манай төвд томуугаар хүндэрсэн хүүхдүүд ихээр хандаж байна. Манай төв нэг тасгийг хааж, томуугаар өвдсөн хүүхдүүдээ хүлээн авч байна. Хүүхдүүд маш өндөр халуурч, бөөлжих, суулгасан, нүд үрэвссэн, залгиур хоолой өвдөх зэрэг хордлогын шинж илэрч байна. Эдгээр хүүхдүүдэд амьсгалын дутлын шинж бас илрээд байгаа. Тиймээс яаралтай тусламж дээр ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал их нэмэгдэж байна” гэлээ.
О.Гэрэл
Оллоо.mn