| |
Видео
Шинэ мэдээ
Б.Ундрал: Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно
Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгөтэй холбоотой зарим зүйлийг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.УНДРАЛААС тодрууллаа.
-Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгө шинээр авах хүмүүс хаана хандах вэ. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
-Азай буурлууддаа Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа Насны хишиг олгоод хоёр, гурван жил болж байна. Ахмад настны тухай хуульд заасны дагуу 65 хүрсэн Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж, иргэний үнэмлэхийн харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандана. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлнэ. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй.
-Ахмадууд болон ээжүүдийн материалыг хүлээж авч эхэлсэн үү. Цагаан сараас өмнө олгох уу?
-Материал хүлээж аваад эхэлчихсэн. Холбогдох хуульд заасан болзол хангасан ахмад, ээжүүд заавал Цагаан сарыг хүлээх шаардлагагүй. Жишээлбэл, 2018 оны аравдугаар сард төрсөн хүн тэр үедээ материалаа бүрдүүлээд бүртгүүлчихэж болно. Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгийг Цагаан сараас өмнө олгоно. Хуулийн дагуу 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог. Харин алдарт эхийн нэгдүгээр одонтой ээжид 200, хоёрдугаар одонтой ээжид 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгодог. Эдгээр мөнгийг арилжааны банк тухайн хүний авсан тэтгэврийн болон бусад зээл, зээлийн хүүнд суутгах ёсгүй.
-Насны хишиг, Алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаад шилжсэн тохиолдолд яах вэ?
-Засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжсэн тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж үргэлжлүүлэн авна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа иргэний мэдээллийг эдгээр байгууллага байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хоёр болон зургаадугаар сарын 10-ны дотор хүргүүлэх ёстой.
-Энэ жил Насны хишгийг шинээр хэчнээн ахмад авахаар байна вэ?
-160 гаруй мянган ахмадад Насны хишиг хүртээхээр тооцож энэ оны төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Статистик тоон мэдээллээс харвал жилд 5-6 мянган ахмад шинээр нэмэгддэг. Өнгөрсөн жил 216679 ээжид одонгийн мөнгө олгосон. Алдарт эхийн одонтой ээжүүдэд зориулж энэ жил улсын төсөвт 29.4 тэрбум төгрөг суулгасан.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин