| |
Өнөөдрөөс эхлэн олгох хэрэглээний зээлийн дээд хэмжээ 30 сар байна
Энэ оны эхний өдрөөс эхлэн ипотекээс бусад хэрэглээний зээлийн дээд хугацааг 30 сар болгох шийдвэрийг Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн есдүгээр сарын хурлаараа гаргасан юм. Ипотекээс бусад иргэдийн зээлд энэ шийдвэр хамаатай.
Банкнаас иргэдэд олгох зээлийн хугацааг хамгийн ихдээ 30 сар байх боллоо. Энэ шийдвэр Мөнгөний бодлогын хорооны өмнөх хурлаас гаргасан, иргэдийн хэрэглээний зээлийн өр орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэртэй уялдан гарчээ.
Өөрөөр хэлбэл иргэд татварын дараах орлогынхоо хамгийн ихдээ 70 хувийг зээлийн үндсэн болон хүүний төлбөрт төлнө. Иргэд орлогынхоо тодорхой хувийг амьжиргааныхаа наад захын хэрэгцээг хангахад зарцуулах, өрхийн өрийн дарамтыг цаашид нэмэхгүй байх, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх зорилготой.
Мөн хөрөнгө оруулалт, ажлын байр, бизнессийн зээл олголтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй гэж Төв банк үзэж байна.
Урт хугацаатай зээл авахын тулд тухайн иргэний ажлын байр төдий хугацаагаар баталгаатай байх ёстой. Гэтэл манай эдийн засаг гадаад сөрөг шоконд 5 жилээс бага хугацаанд өртдөг. Бид уул уурхайгаас ихээхэн хамааралтай. Энэ салбар гадаад зах зээлтэй шууд холбоотой. Эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг уул уурхай болон уул уурхайгаас хамаарал өндөртэй салбарууд хангадаг.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 4 жилээс бага хугацаанд өсөж, уруудаж байна. Үнийн өөрчөлтийг дагаад компаниуд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлээ өсгөх, бууруулах шийдвэр гаргадаг. Гадаад сөрөг шокийн нөлөөгөөр хувийн сектор үйлдвэрлэлээ бууруулахдаа хамгийн түрүүнд ажлын байраа цөөлнө. Ажилгүй болсон эсвэл иргэдийн бодит орлого буурвал авсан зээлийнх нь эрсдэл нэмэгдэнэ. Иймд иргэдийн зээлийн дээд хугацааг 30 сар болгосон юм.
Хэрэглээний зээлд дараах зээлүүд багтдаг:
- Цалингийн,
- Тэтгэврийн,
- Цахилгаан барааны,
- Авто машины,
- Сургалтын төлбөрийн зээл.