|
Видео

Шинэ мэдээ

М.Мөнхгэрэл: ТЦА-ны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

М.Мөнхгэрэл: ТЦА-ны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

 


Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ой, шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачаалал, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, олон нийтийг аюулгүй байдлыг хангах зорилгоор ТЦА-ны бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулсан юм.

-Баярын өдрүүдээр ТЦГ-аас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ямар арга хэмжээ зохион байгуулж ажиллах вэ?

-Шинэ жилийн баяр энэ долоо хоногт тохиож байгаатай холбоотойгоор томоохон худалдааны төв,  баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулдаг газруудын ойр орчмоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байгаа. Энд "Бөмбөгөр” худалдааны төв,  "И-март” дэлгүүр, "Нарантуул” ОУХТ гэх мэт худалдааны төвүүдийн ойр орчмоо замын хөдөлгөөн их байна. Үйлчилгээний байгууллагууд Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан гаргуулж ажиллаж байгаа. Тухайн ажилтан нь тус байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн тав тух аюулгүй байдлыг  хангах зорилгоор зогсоолын хөдөлгөөн болон үйлчилгээний төвийн ойр орчмын замын хөдөлгөөнийг зохицуулж ажиллана. Байгууллагуудын ажилчид, түрээслэгчид тухайн байгууллагын зогсоол байршлаас шалтгаалаад үйлчлүүлэгчид зогсол олдохгүй ойр орчимд болон нэгдүгээр эгнээнд машинаа байрлуулдагаас болж хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байна. Энэ шалтгааныг арилгах зорилгоор ХАБ-ын ажилтан нэмэлтээр гаргаж ажиллуулж байгаа.

Алба хаагчдын хувьд энэ худалдааны төвүүдэд нэмэлтээр ажиллахаас гадна шөнийн цагуудаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө гэх мэт газруудаар хяналт тавьж ажиллана. Мөн алслагдсан гэр хороолол, дүүргүүдийн замаар тогтмол хяналт шалгалт хийж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, автомашины хулгайд хяналт шалгалт тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХСИС-ийн 100 гаруй сонсогч дүүргүүдэд хуваарилагдан  нэмэлтээр ажиллаж байна.   

Мөн "Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээ эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. 

-Шинэ жилийн үеэр замын хөдөлгөөний ачаалал энгийн өдрүүдээс хэр нэмэгдэг вэ?

-Ер нь баяр ёслолын үеэр лхагва, пүрэв, баасан гарагуудад ачаалал эрс нэмэгдэж байна. Ойролцоогоор 5-10 орчим хувиар нэмэгддэг. Ялангуяа орой хичээл сургууль, ажил тарах цагуудаас хойш 17 цагаас 22 цаг хүртэлх ачаалал эрс нэмэгддэг. Энэ үеэр алба хаагчид нэмэлтээр ажиллаж байгаа. Ялангуяа хичээл  сургууль амарсан байна. Үүнтэй холбоотойгоор өдрийн цагаар хөдөлгөөний ачаалал харьцангуй гайгүй байгаа учраас алба хаагчдыг шөнийн цагаар нэмэлтээр ажиллуулахаар тээврийн цагдаа ажиллаж байна.

-Олон хоногийн амралт таарахаар хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөөн нэмэгддэг. Хөдөө орон нутгийн зам хэр байгаа вэ. Цас их орсон уу?

-Сурагчдын амралт эхэлсэн тул Улаанбаатараас хөдөө орон нутгийг чиглэх хөдөлгөөн нэмэгдчихсэн байгаа. Энэ үед 27 байршилд байнгын хяналтын пост  байгуулан ажиллаж байна. Дээрээс нь орон нутгийн замын цагдаагийн хэсгүүдээс нэмэлтээр хөдөлгөөнт эргүүл, хяналт, шалгалтыг гаргасан байгаа. Одоогийн байдлаар бүх аймгуудад хяналт, шалгалт улсын болон орон нутгийн чанартай  авто замуудад ажиллаж байгаа. Үүнд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, автомашины аюулгүй байдал болон хулгайн  эд зүйл тээвэрлэж байгаад хяналт шалгалт хийж байгаа. Мөн хурд хэмжигчийг ажиллуулж байна. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавих чиглэлүүдийг эрчимжүүлж ажиллаж байна.

-Баярын өдрүүдэд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах вэ?

-Баярын уур амьсгал сар гаруй хугацааны өмнөөс эхэлсэн. Энэ утгаараа хоорондоо мөргөлдөх, шүргэлцэх ослууд нэлээд бүртгэгдсэн. Жолооч нар бие, биедээ уур бухимдалтай хандах хандлага нь ихэссэн байгаа.  Тиймээс иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Өчигдөр гэхэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашинаа жолоодож хоёр бага насны хүүхэд тээвэрлэж, зам тээврийн осол гаргасны улмаас хүүхдүүд гэмтсэн осол гарсан байгаа. Тэгэхээр иргэд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй, дээрээс нь өөрөө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хоёр хүүхдээ гэмтээчихсэн байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл бага ч гэсэн хэрэглэсэн бол жолооны ард суухаас татгалзах хэрэгтэй. Дээрээс нь шинэ жилийн арга хэмжээ тэмдэглэчихээд гарч яваад явган хэлбэрээр хөдөлгөөнд оролцож, биеэ хянаж авч явах чадваргүй байхдаа  зам тээврийн осолд өртөж автомашинд мөргүүлэх зэргээр гэмтэж бэртэж байна. Биеэ авч явах чадваргүй хүнийг ганцааранг нь явуулахгүй байх үүргийг замын хөдөлгөөний дүрмэнд тусгасан байдаг. Дүрмэнд тусгагдсан зүйлийг иргэн хуулийн этгээд бүр хүлээнэ гэдэг. Тэгэхээр арга хэмжээг зохиож байгаа ААН бүр энэ үүргээ хүлээж, тухайн баярт оролцож байгаа иргэдийнхээ аюулгүй байдалд анхаарах зайлшгүй шаардлага байгааг хэлье.

Х.Соёл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler