| |
Видео
Шинэ мэдээ
ЦАГААН СУВАРГЫГ БУЦААН АВНА гэсэн тэнэглэлийг эсэргүүцнэ
Би МАК-тай ямар нэг холбоогүй, хувьцаа эзэмшигч, ажилтнуудыг нь танидаг ч үгүй. Харин ч нэг удаа тэдний эсрэг шүүн таслах ажиллагаанд оролцож явсан удаа бий. Гэхдээ ЦАГААН СУВАРГЫГ БУЦААН АВНА гэсэн тэнэглэлийг эсэргүүцнэ.
Нэгдүгээрт, тэр орд ард түмний өмчлөлд хэвээр байгаа. Тийм орд байгааг бид мэддэггүй байсан, социализмын үед төр өөрийн хөрөнгөөр өрөмдлөг хайгуул хийж олсон нь үнэн. Харин гаргаж ирж ашиглана гэдэг өөрөө асар их зардалтай. Заримдаа гаргаж ирсэн зардал нь ашигт малтмал борлуулсан орлогоосоо давах ч эрсдэл бий. Гэвч МАК энэ эрсдэлийг үүрээд олборлож гаргаж ирэх эрхийг авсан. Үүний тулд өмнө нь төрөөс хайж олсон зардлыг нөхөн төлсөн. Ард түмний өмч, нөөц ашиглаж байгаа төлбөрөө төлж байгаа. Дээрээс нь НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж байгаа. Энэ татварын мөнгөөр төсвийн орлого бүрдэж, олон мянган эмч, багш, цагдаагийн цалин тавьж, тэр ч байтугай зарим улс төрчдийн дундаас нь хусцан ЖДҮ сан бүрдүүлж байгаа. Олон зуун Монголчуудыг ажилтай, тэгснээрээ тэдний цаадах гэр бүлийг амьжиргаатай байлгаж байгаа. Ард түмний баялгийг ийнхүү олборлон гаргаж ирж, ард түмэнд нь хүртээж байгаа. Ашиг олох зорилготой хувийн компани тул, эрсдэл хүлээсний төлөө ашиг олбол бүх татвараа төлөөд ашгаа хүртэнэ. Эрх нь бий. Харин зах зээл дээр үнэ унаад ашиггүй болбол ямар ч гэсэн татвар, цалингаа төлөөд алдагдлаа хүлээнэ. Үүрэг нь бий.
Хоёрдугаарт, хуулиар буцааж авах ямар ч үндэслэлгүй. ҮХ-иар хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн, хувийн өмчийг төр дайчлан нийгэмчилвэл нөхөн орлогыг нь олгох ёстой. Гуравдугаарт, эмнэлэгт коридорт хүүхдүүд хэвтэж, сургууль гурван ээлжээр ажиллаж, нэг ангид 50-60 хүүхэд байхад буюу өчнөөн сургууль, эмнэлэг барих, багш, эмч бэлдэх, цалинг нь төлөх шаардлага байхад хувийн өмчийг булааж төрөөс төрсөн тэрбумтнуудад өгөхийн тулд төрийн буюу бидний мөнгийг нэг компанид нөхөн төлбөрт өгөх гэдэг адгийн хорлол, үрэлгэн тэнэглэл болно.
Иймд ЦАГААН СУВАРГЫГ БУЦААН АВНА гэсэн тэнэглэлийг ДЭМЖИХГҮЙ.
Баяр Будрагчаа /https://www.facebook.com/bayar.budragchaa/