| |
Нүүрс тээвэрлэлтийн замд үүссэн урт дарааллыг цэгцэллээ
Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүрэх замд үүссэн нүүрс тээвэрлэлтийн машинуудын 145км үргэлжлэх урт дарааллыг цэгцэллээ.
Өвлийн хүйтэнд урт дараалалд зогссон жолооч нарынхаа эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баяннуур аймгийн удирдлагуудтай 11-р сарын 23-ны өдөр уулзсан юм. БНХАУ-ын талаас хилийн боомтуудаар тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ухаалаг систем суурилуулж байгаа төдийгүй 11 дүгээр сардаа багтаан дуусгахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн учир тэрээр аймгийн Цагдаагийн газар, Цагаан хад дахь гэрээт цагдаагийн тасаг, 3 уурхайн удирдлага, тээврийн компаниудад үүрэг чиглэл өгч шуурхай арга хэмжээ авахыг даалгасан билээ. Урт дараалалд байсан 6000 машиныг замаас буулгаж Цагаан хад, Гаалийн хяналтын бүсүүдэд байрлуулсан бөгөөд нүүрс тээврийн зам болон Цагаан хаданд 23 цагдаагийн албан хаагч хөдөлгөөний зохицуулалт, хэв журмыг сахиулан уртасгасан цагаар ажиллаж байна. Ийнхүү Цагаан хаданд олон мянган хүний төвлөрөл бий болсон учраас аймгийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Ханбогд сумын Засаг дарга захирамж гарган Цагаан хаданд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглосон байна. Цагаан хаданд байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг дугаарлалтын дагуу хилээр нэвтрүүлэх ба жолооч нарыг амраах, аюулгүй байдлыг тээврийн компаниуд хариуцан ажиллахаар болжээ.