| |
13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноожээ
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 10:00 цагт "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал эхэлсэн. Долоон цаг орчим үргэлжилсэн шүүх хурал түр завсарлан, хоёр цаг орчмын дараа шүүгчид шийдвэрээ танилцуулав.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноосон гэдгийг хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр нар хэллээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 10.1-2.7, 10.1-2.11, 11.6-2, 12.1-4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ:
2.Хүнийг:
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;
2.11.бүлэглэж;
11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах
2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
12.1 дүгээр зүйл.Хүчиндэх
1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.