|
Видео

Шинэ мэдээ

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шийдвэрийг хүлээж ээж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шүүхийн гадна зогсож байна

13 настай охиныг хөнөөсөн хэргийн шийдвэрийг хүлээж ээж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шүүхийн гадна зогсож байна

 


"Очир" төвд амиа алдсан 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүх хурал яг одоо БЗД, Чингэлтэй, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Хуралд шүүгчээр Н.Одонтуул, Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн, шүүгдэгчээр Д.Жавхлан, М.Амарболд, яллагчаар О.Багшбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр, Э.Билэгсайхан, Х.Баасанжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөр Н.Батцэнгэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Лхагвасүрэн (талийгаач охины аав), С.Баясгалан (талийгаач охины ээж), Иргэний хариуцагч Ц.Очирбат, шинжээчээр Ө.Сарангэрэл нар оролцож байна. 

Мөн  Шүүхийн гадна Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Лантуун дохио ТББ-ын төлөөллүүд нэгдэн жагсаж, дуу хоолойгоо өргөж байна.

Талийгаач охины эмээ: Шүүх хуралд хууль ёсны төлөөлөгчөөр ээж, аав хоёр нь орсон байгаа.  Шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаалаад бидний сэтгэлд, Монголын ард түмний сэтгэл санаанд нийцтэл шийдвэр гарахгүй бол бид дараа дараагийн эсэргүүцлийн арга хэмжээнд шилжинэ. Хэрэв шүүх хурал үнэн зөв, хуулийн дагуу шийдэгдэж чадахгүй бол зарим нэг шаардлагатай, жишээлбэл сэжигтэн Д.Жавхлангийн хэргийн хавтаст хэрэгт байгаа гэрэл зургийг олон нийтэд дэлгэхээс өөр арга байхгүй. Бидний санаанд нийцтэл шийдвэр гарах юм бол заавал хэргийн хавтаст хэргийг дэлгээд байх шаардлага байхгүй. Ер нь хэргийн удаашраад байгаа шалтгаан бол шүүх эмнэлгийн анхны задлан шинжилгээний хариу буруу гарснаас үүдсэн. Анхны задлан шинжилгээний акт буруу гаргасан нь ноцтой асуудал. Шүүгдэгчийн өмгөөлөгч үүнийг нь овжин ашиглаад ялыг хөнгөрүүлэх үүднээс миний охины нэр хүндэд маш аймшигтайгаар халдсан шүү дээ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл:  "13 настай охиныг хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэгт Монголйн бүх эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөлөл болж оролцож байна. Бид  БЗД-ээс шүүх хурлын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох хүсэлт тавьсан ч зөвшөөрөөгүй. Тиймээс бид өнөөдөр ар гэрийнхэнд нь сэтгэлийн дэм болж, шүүх хэргийг шударгаар шийдвэрлэж, гэмт этгээдүүдэд ял завшуулахгүй байх гэж итгэж энд ирсэн. Энэ аймшигт хэрэгт ямар ял оноох хууль зүйн үндэслэл байдаг юм. Түүнийх нь хэмжээнд ял оноох юм бол цаашид энэ мэт хэрэг гарч охид эмэгтэйчүүд хохирохгүй байх. Ирээдүй болсон залуус маань гэмт хэрэгтний ширээнд суухгүй байх гэж найдаж энд зогсож байна.”

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо: Эх хүний хувьд энэ хэргийг зөв шийдэгдээсэй гэж санаа сэтгэл зовоод эмэгтэйчүүд нэгдээд зогсож байна. Энэ хэрэг бол тодорхой хэрэг шүү дээ. Маш 13 настай охиныг хэрцгийгээр хүчирхийлж амь насыг нь хохироосон байдаг. Гэтэл хэргийг шүүх хурал ямар нэг шалтгаанаар хойшлогдоод сунжраад байна. Өнгөрсөн 21-ний өдрийн шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд оролцоогүйн улмаас хойшиллоо. Эцэг, эхийнхээ өврөөс гараагүй жаахан хүүхдийн амь насыг хэрцгийгээр хохироочихоод байхад яагаад өнөөдрийг хүртэл энэ хэргийг шийдээгүй байгаа юм бэ? Яагаад хүйтэнд эмэгтэйчүүдийг ингэж зогсоход хүргэж байгаа юм бэ?

Х.Соёл

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.