| |
Шатахуун импортлогчид “Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэхээр үнээ нэмж байна уу
Өргөний хэрэглээний АИ 92 шатахууны үнэ нийслэлд 2000, орон нутагт 2500 төгрөгт дөхөөд байна. Энэхүү үнийн хөөрөгдлийг эсэргүүцэн жолооч нар өнөөдрөөс эхлэн жагсаж эхлэв. Жагсагчид таван хоногийн турш 07.00-11.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайг тойрч эсэргүүцлээ илэрхийлэх юм. Тэд шатахууны үнэ нэмэгдсэнээр иргэдийн амьдралд хүнд дарамт ирж байна. Үнэ нэмэгдэх бүрт бид хүлцэнгүйгээр тэвчиж байсан. Гэтэл одоогийн үнэ арай өндөр байна. Цаашид бүр нэмэгдэнэ. Түүнээс нь өмнө зогсоохыг хүсч ийнхүү жагсаж буйгаа илэрхийллээ.
Он гарснаас хойш Онцгой албан татварын нэмэгдлээр шалтаглан таван удаа шатахууны үнэ нэмэгдснээр өнөөдрийн байдалд хүрсэн юм. Тухайлбал, он гарах мөчид өргөн хэрэглээний АИ 92 төрлийн шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байсан бол баярын өдрүүдэд тэд нано 92 шатахуун 1890, АИ95 шатахуун 1820, АИ92 1650 төгрөг болгосон. Түүнчлэн шинэ жилийн баярын амралтын үеэр АИ92 бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтдаа хязгаарлалт хийж "30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй” гэж байсан бол зарим нь дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн картаар олгож байсан. Ингэхдээ шатахууны онцгой албан татварыг нэмснээр АИ 92 түлшний зардал литр тутамдаа 180, дизель түлшнийх 210 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тайлбарлаж байсан. Түүнчлэн Засгийн газарт 260 тэрбум төгрөгийн шантааж хийж, шаардлагыг хүлээн зөвшөөрвөл үнийг 50 төгрөгөөр л нэмнэ гэдэг шаардлага ч тавьсан байдаг. Эцэстээ Засгийн газар импортлогчдын өмнө хүчин мөхсдөж ОУВС-тай зөвшилцсөний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд өргөн хэрэглээний АИ 92, АИ 80 түлшний онцгой албан татварыг тэглэсэн. Ингээд ч амжилт олоогүй олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ өссөн гэх шалтгааныг өмнөө барьж нэмсээр байгаа.
Онцгой албан татвараа тэглүүлсэн хэрнээ үнээ нэмээд байгаа импортлогчдын дараагийн арга нь "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг дахин үргэлжлүүлэх зорилготой болов уу гэсэн хардлага ч байна. Үүнтэй ижил үлгэр нь шатахуун импортлогчид 2011 онд шатахууны үнийг өөрсдийн саналаар 200 гаруй төгрөгөөр нэмсэн. Энэ асуудлыг шийдэхээр Монголбанк, тухайн үеийн Уул уурхайн яам хамтран жижиглэнгийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахаар "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийг 2012 оны аравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас шатахуун импортлогч арав гаруй компанид 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 93.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Eagle.mn