|
Видео

Шинэ мэдээ

Оросууд шатахууны үнээ нэмсэн үү, МАНАЙХАН ХӨӨРӨГДӨВ ҮҮ

Оросууд шатахууны үнээ нэмсэн үү, МАНАЙХАН ХӨӨРӨГДӨВ ҮҮ

 

Жил орчмын өмнө буюу өмнөх Засгийн газрын үед олон улсын зах зээл дээр нэг баррель газрын тосны ханш 30 ам.доллар хавьцаа эргэлдэж, манайхан үнэтэй бензин хэрэглэж буйгаа дээр, дооргүй гайхацгаасан, шударга ёс тогтоохыг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс шаардацгаасан. Тухайн үеийн албаныхан ‘Төр татвараа дээд хязгаарт тултал нь авч байгаа. Тиймээс шатахууи импортлогчдоос авсан татвар улсын төсвөөр дамжин ард иргэдэд очих болно” гэх хариу өгч байлаа. Тухайн үеийн сөрөг хүчин, одоогийн эрх баригчид ч татвараа тэглэх замаар литр шатахууныг 600 төгрөгөөр худалдан авах алтан боломжийг иргэддээ олгохоос татгалзлаа хэмээн Засгийн газрыг шүүмжилсэн. Ердөө л жил хүрэхгүйн өмнө ийм явдал болсон. Гэвч өнөөдөр улс шатахууны онцгой алван татвараа бараг л тэглэх арга замыг сонгосон ч үнийг бууруулах битгий хэл үнийн өсөлтийг тогтоож чадсангүй.

 

Таксины жолооч нар нэг километрийн үнэлгээгээ 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 300 төгрөгийн үнэтэй байсан ширхэг өндөг 350-иар зарагдаж эхлээд арав гаруй хонож байна. Шалтгаан нь шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр өссөнтэй холбогдож байгаа. Тэгвэл шатахууны үнэ өссөн шалтгааныг Уул уурхайн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат өнгөрсөн сард шатахууны импортын үнэ өмнөх сарынхаас 41-60 ам.доллараар нэмэгдсэнтэй холбон тайлбарласан. Дээр нь өнгөрсөн долдугаар сараас хойш Монгол төгрөгийн ханш 20 гаруй хувиар суларсан нь шатахууны үнэ өсөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн аж. Уг нь Засгийн газраас сүүлийн хагас жилийн дотор гурван удаагийн арга хэмжээ авч шатахууны гаалийн татварыг тонн тутамд нь 320-370 мянган төгрөгөөр бууруулаад байгаа. Ингэснээр шатахууны импортлогчдод алдагдал хүлээхгэхгүй байхаар цзхицуулсан.

 

Оронд нь улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурна гэсэн тооцоо гарсан юм. Өнгөрсөн хугацаанд шатахууны тарифыг "Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн хурлаар тохирч ирсэн. Гэвч энэ удаад компаниуд Засгийн газартай зөвшилцөлгүй шатахууны үнийг хөөрөгдсөн байж болзошгүй талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдэгдээд буй. Тус газраас шатахуун импортлогч компаниудыг шатахууны жижиглэнгийн үнээ хоёрдугаар сарын 7-ны дотор буюу зургаан хоногийн өмнө буцаан бууруулахыг шаарджээ. Тодруулбал, "Шунхлай”, "Петровис”, "Магнай трейд”, "НИК” компаниудад дээрх шаардлага хүргүүлсэн. Харин Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дээрх шаардлагыг шатахуун импортлогч үл ойшоосоор байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос ч дээрх шаардлагатай зүй нэг асуулгыг Ерөнхий сайдад тавьж буй.

 

Бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ тариф өсөхөд шатахууны үнэ онцгой нөлөөлдөг учир ийнхүү дураараа үнэ нэмэгдүүлэх асуудлыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг. Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр удаа дараа зохицуулалт хийсээр байтал үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Амгаланбаатар буруутгасан. Хэрэв үнэ нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бол асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад тавин шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг нэмсэнд МҮЭХ-ноос шүүмжлэлтэй хандаж, дараах арга хэмжээг авахыг шаардсан юм. Улмаар шатахууны үнийн хөөрөгдлийн бодит шалтгааныг тогтоохоор Ашигт малтмал, газрын тосны газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтарсан ажиллаж эхэлсэн. Шалгалтын дүн ирэх долоо хоногт гарах хүлээлттэй байгаа. Уг нь оросууд экспортын үнээ нэмсэн үү, манайхан дамлаад нэмчихсэн үү гэдгийг тоггооход л болчих асуудал юм. Учир нь Монгол Улс өнгөрсөн онд 1.2 сая тонн шатахуун, түлш импортолсон бөгөөд үүнээс 94 хувийг нь ОХУ-аас авчээ. Мөн дийлэнх хэсгийг буюу 800 мянган тонныг нь "Роснефть” компаниас худалдан авсан гэх статистик бий. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын газрын тосны ханшийн хөдөлгөөн манайд худалдаалж буй шатахууны үнэд шууд нөлөөлдөг гэсэн үг.




Д.МЯГМАРДОРЖ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler