| |
“Гоожингийн өндөр”-ийг Нийслэлийн өмчид авч, сэргээн засахаар боллоо
Хотын дарга С.Батболд Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн 1914-1919 онд амьдарч байсан хоёр давхар барилгыг 2018 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор Нийслэлийн өмчид авах тухай захирамж өнөөдөр гаргажээ.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжид:
Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгал, Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан хоёр давхар барилга /Гоожингийн өндөр/-ыг Нийслэлийн өмчид эгүүлэн авах, анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг хариуцан зохион байгуулах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон байна.Мөн сэргээн засварлах ажлыг 2019 оны наймдугаар сарын 1-ний дотор хийхийг даалгажээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:
Ахлагчаар Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа
Гишүүдээр:
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан
Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр
Нарийн бичгийн даргаар:Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нарыг оруулахаар захирамжилжээ.