| |
Жижиг дунд үйлдвэрлэгчдийн мөнгөнөөс хумсалсан сайд, гишүүд огцор!
УИХ, Засгийн газрын "шударга”-гаараа гайхуулдаг зарим гишүүн, сайдын "гууль” цухуйж байх шиг. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд 1 хувийн хүүтэй зээл авч Банк бус санхүүгийн байгууллагад хүүлсэн гэх мэдээлэл олны нийтийн сүлжээгээр түгээд ёстой л нэг олны шившиг болж байна.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Г.Солтан нар жижиг дунд үйлдвэрийнхний хөрөнгөөс хумсалсан баримтууд ил болсон юм. Энэ нөхдөөс сайд Б.Батзориг хамгийн их мөнгө буюу 1.4 тэрбум төгрөг зувчуулсан бол сайд Я.Содбаатар 1.2 тэрбумыг ханцуйлсан юм байх. Харин өнөөх хоёр нь тус бүр 950 сая төгрөг халааслаад одож.
УИХ-ын гишүүд болон сайд нарыг зээл авсан гэх нотлох баримтууд
Тэднээс одоогоор Б.Батзориг өөрийгөө хамааралгүй хэмээн камерийн өмнө мэлзэж байгаа бол бусад гурав нь ямар нэг тайлбар хийгээгүй байна. Ямартай ч ядруухан төсөвтэй жижиг дундаас мөнгө зувчуулсан нэр бүхий сайд, УИХ-ын гишүүдээ МАН сандлаас нь ховхлох хэрэгтэй гэдгийг олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд сануулан хэлж байна. Эдгээр сайд, гишүүдийн эзэмшлийн компаниудыг олон нийт мэдэх билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Дорнодын гурил” ХХК, Г.Солтан "Монгол шаазан” ХХК, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар "Эпато анарваан” ХХК-ний хувьцааг тус бүр 100 хувь эзэмшдэг бол ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Тээвэр ачлал” ХХК-ний хувьцааны үлэмж хэсэг буюу 89.49 хувийг эзэмшдэг аж.
Дээрх "зээлдэгчид”-ийн талаар, ЖДҮХС-ийн Тамгын хэлтсийн дарга Ш.Сугар: "Батзориг сайдын холбогдоод байгаа "Тээвэр ачлал" компани түүний эхнэр Отгонжаргалтай хамааралтай нь нотлогдоогүй, үүсгэн байгуулагч нь Баттулга гэж хүн байсан. Тэгвэл "Дорнод гурил" компанийн үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун бол байсан. Тэрбээр итгэмжлэл гаргаж өгсөн. "Монгол шаазан" компанийн үүсгэн байгуулагч мөн Г.Солтан гишүүн байсан, бид гэрээ хийсэн. "Эпато анарваан" компанийн үүсгэн байгуулагч нь Б.Мөнгөнцэцэг гэж хүн байсан. Бид гэрээ хийсэн" гэж мэдээлжээ.
Нийт 4.5 тэрбум төгрөгийг хувь хувийн компанидаа шүүрч авсан эдгээр сайд, гишүүд ёс зүй, сахилга хариуцлагын тухай өндөр дуугаар ярьдгийг хүн бүр мэднэ. Тэд нэгэнт булхай нь бултайсан энэ цагт шударгаар буруугаа хүлээж, ирсэн зүг зүгтээ сурсан дуугаа дуулаад буцвал таарна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гэдэг нэг үгээр хэлбэл жирийн ард түмэн. Хоосон хонохгүй хоёр идэхгүй яваа нэгэн. Харин мань дөрвийн тухайд гэвэл арай өөр.
Гадаад явж гахай, шувууны мах эргүүлэхдээ хүртэл томилолт нэрийн дор Төсвийн хишиг хүртэж, харин өөрийн халаасыг нимгэлж явдаггүй эрхмүүд. Төр тэдэнд төмөр нүүрээ харуулж, У.Хүрэлсүх далайлтаа өндөрсгөж, буултаа ч чангахан шиг байлгаж чадвал энэ мэт хог шаарнууд ахиж тодрохгүй нь гарцаагүй биз ээ.