| |
Видео
Шинэ мэдээ
У.Хүрэлсүх "Ногоон гэрэл"-ээр Ерөнхий сайд болох уу?
МАН-ын IX Бага хурал Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхээс хэн нэгнийг тодруулахаар үүр цайтал хуралдсан.
Бага хурлын гишүүдийн санал хураалтын дүнгээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг дэмжиж 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод таван гишүүн тус тус саналаа өгснөөр шинэ Засгийн газрыг тэргүүлэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон.
Мэдээж энэхүү үйл явцаас хойш олон нийтийн дунд У.Хүрэлсүхийг шууд л Ерөнхий сайдаар томилсон мэт, кабинетыг нь ч бүрдүүлэхээр яаравчилж эхэлжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгчийн зүгээс хориглохгүй бөгөөд зам шулуудчихсан гэж хэлэх хүмүүс ч байна. Тэр ч утгаараа УИХ дээр ч өмнөх засгаа "нударч” чадсан юм чинь яг тэр хэмжээгээрээ "дэмжсэн" кноп дарахад ногоон гэрлээр Ерөнхий сайд болох нь тодорхой гэж үзэж байгаа аж. Харин кабинет нь яах бол...
Эх сурвалжуудын хэлж буй нь ч одоогийн байдлаар баттай гэж хэлэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм. Гэвч Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан гишүүд сайд болохгүй, тухайн цаг үеийг харна, нийгмийн захиалга, олон нийт итгэл хүлээлгэвэл бодож үзнэ гэх мэт хариултууд өдгөө биеллээ олох бололтой. Тодруулбал, ямар ч хуульд давхар дээл нөмөргөхгүй гэсэн заалт байхгүй.
Түүнчлэн Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Дан, давхар дээл бол өнөөдрийн тулгамдсан асуудал биш. Энэ сайхан баян орныг хурдан босгоод авах сэтгэлтэй хүмүүс байвал хэдэн ч дээлтэй байж болно. Сэтгэл байвал дээлгүй ч байсан болно” хэмээн ам алдсан. Энэ нь давхар дээлийг далдуур дэмжсэн гэж үзэх нь ч бий. Тиймээс шинэ засагт хэн хэн багтах бол гэж олон нийт тааварлаж байх зуурт МАН-д бол "дайн" нь аль хэдийн эхэлчхээд байгаа аж.
Одоогийн байдлаар хэн, хэн аль салбарыг тэргүүлэх талаар яригдаж байгааг хүргэе. Мэдээж намаасаа сонгогдсон Засгийн газраа унагахад гар бие оролцож гарын үсэг зурсан хүмүүс "хариугаа” авахын тулд гүйцэтгэх засаглалд багтахыг эрмэлзэх нь гарцаагүйг доорх таамаглалаас ч харж болохоор байгаа юм. Юутай ч УИХ-ын чуулганыг л хүлээх л үлдэж байна даа.
Монгол Улсын Ерөнхий сайд - У.Хүрэлсүх
Монгол Улсын Шадар сайд - УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Энхбаяр
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Ц.Гарамжав, Я.Содбаатар
Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар
Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг
Батлан хамгаалахын сайд - тухайн салбараас
Барилга, хот байгуулалтын сайд - /одоогийн сайд/ Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Б.Батзориг
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Я.Содбаатар
Зам, тээврийн сайд - /одоогийн сайд/ А.Ганбат
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - /одоогийн сайд/ П.Сэргэлэн
Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
Эрүүл мэндийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл
Б.Төгөлдөр
Эх сурвалж: "Өглөөний сонин"